Өнөөдөр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа. 2019 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг баталсан бөгөөд ирэх 2024 онд хэрэгжиж дуусна.
Зөвлөлийн хурлаар үлдсэн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нэмэлт санал оруулах, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа.
Тухайлбал, хүүхдийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал байгааг онцлов. Энэ оны байдлаар 27 хүүхэд харамсалтайгаар амь эрсэдсэн бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой тохиолдлууд олон байжээ.
Мөн газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэж байгаа энэ үед хүүхэд хэн нэгнээс аврал хүлээхгүйгээр өөрөө өөртөө туслах чадварт сургах ёстой. Тиймээс “Өсвөрийн аврагч” бүлгэмийг сургууль бүр идэвхжүүлж, залгамж халааг бэлдэх шаардлага байгааг хэлэв.
Боловсрол эзэмшээгүй хүүхдүүдийн дийлэнх нь малчин өрхийн эрэгтэй хүүхдүүд байгаа ба тэдэнд зориулсан танхимын болон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, эцэг, эхийнх нь хамт соён гэгээрүүлэх хэрэгцээ байгааг онцоллоо.
Түүнчлэн зөвлөлийн хурлаар Хүүхдийн зуслан байгуулах асуудлыг хэлэлцэв. Зуслан байгуулах газар нь хүүхдэд аюулгүй, дэд бүтцийг шийдвэрлэх боломжтой байх юм. Энэ хүрээнд хэд хэдэн газрын талаар яригдсан бөгөөд Хүүхдийн зөвлөлөөс ажлын хэсэг гарган нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргах үүргийг хүлээлээ.
Аймгийн ГБХЗХГ-аас "Хамтдаа шалгая, хамгаалъя" аяныг зохион байгуулж, 125 айл өрх, 55 байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулан орчны эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон бөгөөд аяны тайланг хурлаар танилцууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.65.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20