Б.Батбаяр : Дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж экспортлогчдод БИЙ
Үйл явдал
/
2023-11-17

Статистик мэдээллээр дотоодын 800 орчим компани аж ахуйн нэгж их бага хэмжээгээр экспорт хийдэг, мэдээж эдийн засгийн эргэлт, ашиг орлогын хэмжээ харилцан адилгүй ч, тулгамддаг асуудлууд нь харьцангуй ижил байдаг. Тодруулбал, худалдаа хийх орны бизнес эрхзүйн судалгаа хийх, түншээ олох, гэрээ байгуулах, худалдаа эхлүүлэх, хүссэн үнээрээ бараа бүтээгдэхүүнээ борлуулах, шаардлагатай бол даатгагдсан гэрээгээ үндэслэн банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийх гээд цаг хугацаа, хөрөнгө хүч шаардагдсан асуудлуудаа шийдвэрлэхэд тодорхой бэрхшээл даван туулна. Энэ бүхнийг нэг тогтолцоогоор шийдвэрлэх боломжийг нээж байгаа санхүүгийн бүтээгдэхүүний талаар цогц мэдээлэл өгөхөөр “Үндэсний Давхар Даатгал” ХК-ийн Экспортын Даатгалын Газрын дарга Б.Батбаяртай ярилцлаа.

- 2020 оноос хойш Ковидын цар тахлын нөхцөл байдал олон улсын гадаад худалдаа, экспорт импортын салбарт шинэ сорилт тулгарч, бэрхшээл учирсан ч шинэ боломжууд гарч ирсэн болов уу? Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Ковидын үеэр дэлхийн улс орнуудад бүх салбарын өмнө асуудал бэрхшээл учирсны нэгэн адил гадаад худалдааны салбарт ч хүндээр туссан. Манайх шиг цөөхөн хөрштэй, гадаад худалдааны харилцагч багатай улсад экспортын бараа бүтээгдэхүүний тоо буурч, мөн хөрш оронд тавигдсан эдийн засгийн хориг зэргээс шалтгаалж манай экспортын худалдаа нэлээд буурсан. Хориг дууссаны дараагаар экспортын зах зээл худалдаа сэргэж эхэлж байна. Гэхдээ манайх уул уурхайн салбарын экспорт давамгайлсан хэвээр бөгөөд бусад бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ашиглах нь илүү үр дүнтэй гэдгийг ойлгох хандлага ажиглагдаж байна.

- Ковидын цар тахал, байгалийн гамшиг, мөн хойд хөршийн дайны нөхцөл байдал гээд давагдашгүй хүчин зүйлс олон улсын гадаад худалдаанд сөрөг үр дагавар үүсгэж, саад бэрхшээл болж байна. Таны онцолсон санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн бүтээгдэхүүнийг бизнестээ ашиглах хандлага нэмэгдэж байна гэдэг анхаарал татлаа. Эрсдлийг даатгах гарцыг хайж байна гэсэн үг үү. Тэгэхээр даатгалын үйлчилгээний үнэ цэнийг бэрхшээл тохиолдоход илүү ойлгодог нь харагдаж байна.

Ерөөсөө л тэр. Ковидын нөхцөл байдлын хөл хорио, хязгаараас шалтгаалж олон бизнес эрхлэгчид хүнд байдалд орсон. Жишээлбэл иргэдийн худалдан авалт буурсан учраас том худалдан авагчдын худалдан авалт хязгаарлагдсан, ингээд массын үйлдвэрлэл хийдэг буурай орнуудын жижиг дунд үйлчдвэрлэгчид дагаад хямралд өртөж эхэлсэн. Гинжин хэлхээгээр холбоотой энэ үйл явц, хямралаас гаргахад санхүүгийн олон гарц шийдлийг эрэлхийлж байна. Дэлхий нийтийн бодлогын тодорхойгүй байдлаас гадна гадаад худалдан авагчдын санхүүгийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед экспортлогчдод экспортын гүйлгээний эрсдэлээ хаахад даатгалын хамгаалалт улам бүр шаардагдах боллоо. Харилцан итгэлцэж, бараа үйлчилгээгээ уян хатан нөхцлөөр худалдан борлуулах, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, гэрээний төлбөрийг эрсдэлгүй хийх зэрэгт даатгалын үйлчилгээний ач холбогдол нэмэгдэж байна.

Дэлхийн банкны судалгаанаас харахад манай улсын гадаад худалдаа хэт нэг улсаас хамааралтай буюу Хятадаас 90 гаруй хувийн хамааралтай. Мөн экспортын дийлэнх хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна гэдэг утгаараа хоёр том хүчин зүйл нөлөөлж байна. Үүнийг л солонгоруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг Хятадаас өөр зах зээл рүү экспорт хийхийг дэмжих, тийм л зорилгоор даатгалын үйлчилгээг санал болгож байна. Яг ямар даатгал гэхээр гадаад худалдааныхаа буцаж авах авлагыг даатгах үйлчилгээ. Ийм үйлчилгээ Монгол улсад хэдийнээ нэвтэрсэн байна. Үүнийг бид Дэлхийн банкны төслийн хүрээнд Монгол улсад анх удаа нэвтрүүлээд жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн салбарын бус үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд санал болгож байна. Бидний гол харилцагчид бол уул уурхайн бус экспортлогч, тэдний хагас тэрбум долларын экспортын хүрээнд ярьж байгаа юм. Энэ дотроо ихэнх нь ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзлэх юм. Дараагийн дугаарт арьс шир, хүнсний бүтээгдэхүүний экспортлогчид орж байна.

- Экспортын зээлийн даатгал гэх нэршлийн хувьд бодохоор экспортын үйл ажиллагааг дэмжих нь ойлгомжтой. Экспортын үйлдвэрлэлийг зээл өгч дэмжих юм уу? Яг ямар хэлбэрээр дэмжих вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх?

Экспортын зээлийн даатгал гэхээр зээл олгох гэж шууд ойлгогдож магадгүй л дээ. Олон улсын нэршил буюу Export credit insurance-ийг бид шууд орчуулж хэрэглэж байна. Товчхон хэлбэл, бараа үйлчилгээгээ гадаадад зээлээр борлуулаад, гадны түншээс авах авлагаа л даатгуулах үйлчилгээ гэж ойлгож болно. “Экспортын зээлийн даатгал”-д даатгуулснаар таны барааг зээлээр авсан гадаад түнш чинь ямар нэг шалтгаанаар төлбөрөө төлөхгүй байх эрсдлээс бүрэн хамгаалагдана гэсэн үг.

Зээлийн тухайд, эрсдлээс хамгаалагдсан гадаад худалдааны гэрээ чинь банк санхүүгийн байгууллагад зээлийн барьцаа хөрөнгө болох боломжтой. Гэхдээ эрхзүйн орчныг бүрдүүлэх алхмууд яг одоо хийгдэж байна. Монгол банк, Хүнс хөдөө аж ахуйн яамны Жижиг дунд үйлдвэрийн газар, Арилжааны банкуудтай хамтарсан уулзалтуудаар энэ асуудалд алхам алхмаар урагшилж байна. Бодлого хэрэгжвэл, гадаад худалдааны гэрээ, экспортлосон бараа бүтээгдэхүүний авах авлагаа даатгуулаад, даатгагдсан энэ гэрээгээрээ банкнаас санхүүжилт буюу эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжтой болох юм.

- Бараа үйлчилгээгээ хилийн чанадад борлуулахдаа зээлээр өгөх нөхцлийг зөвшөөрдөг үйлдвэрлэгч хэр их байдаг юм бол? Эрсдлийг нь түрүүлж тооцдог байх?

Манай жижиг дунд үйлдвэрлэгч компаниудын ихэнх нь экспортоо бэлэн төлөлтөөр хийх хүсэлтэй, эсвэл 70 хувь урьдчилгаа аваад, бараа ачигдахад үлдэгдэл 30 хувийг хийхийг шаарддаг, энэ хэлбэрээр голдуу гэрээнүүд хийгдэж байна. Харин гадны түншүүд нь бараа хүлээн авснаас хойш 30, 60 эсвэл 90 хоногийн дараа төлбөр төлөх хүсэлтэй байдаг. Тэдний хүсэлтийг авъя гэхээр манай жижиг дунд үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөгүй болчихдог. Үүний улмаас Монголын экспортлогчид бизнес хийх маш олон боломжийг алдаж байна. Экспортын зээлийн даатгалд хамрагдсанаар үйлдвэрлэгчид маань өрсөлдөхүйц нөхцлөөр худалдаа хийх боломж бүрдэж, экспортын хэмжээгээ өсгөхөөс гадна шинэ зах зээлүүдэд нэвтэрнэ. Та бараа үйлчилгээгээ зээлээр өгөөд явуулахад харилцагч тал хэр найдвартай вэ гэдгийг биднээр судлуулаад, экспортын гэрээгээ биднээр даатгуулчихбал, та зээлээр олгосон бараа үйлчилгээнийхээ авлагыг авч чадахгүй байх эрсдлээ хамгаалчихлаа гэсэн үг юм.

- Гадаад түншдээ зээлээр бүтээгдэхүүнээ өгсний бодит давуу тал юу вэ?

Дэлхийн худалдааны байгууллагаас Экспортын үйл ажиллагаанд зээлээр бараа үйлчилгээгээ борлуулах нь ашиг орлогыг 40 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгааны дүн гаргажээ. Өнөөдөр бид 100 ам.долларын бүтээгдэхүүн гадаад зах зээлд гаргах боломжтой бол энэ даатгалд хамрагдаж, зээлээр борлуулснаар 130-140 долларт эргэлтээ хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл, үнийн дүнд хязгаарлагдалгүй үйлдвэрлэсэн бараагаа 100 хувь нийлүүлэх нь манай талын ашиг орлогыг нэмэгдүүлэх юм. Энэ боломжийг ашиглахыг жижиг дунд үйлдвэрлэгч нартаа ойлгуулах уулзалтууд хийгдэж байна, энэ ярилцлагаараа бас уриалж байна.

- Гадаад худалдааны гэрээгээ даатгуулаад авлагаа авч чадахгүй байх эрсдлээ хамгаалуулах нэг асуудал. Харин өөрийн хүчин чадлаараа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зээлээр өгчихөөр эргэлтийн хөрөнгөгүй болох асуудал олон жижиг дунд үйлдвэрлэгчдийн өмнө тулгарч байгаа гол асуудал байх. Тиймээс л зээлээр өгч чаддаггүй байх?

Гол асуудал энэ байгаа юм. Уулзаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид ерөөсөө л энэ асуудлыг ярьж байгаа юм. Эргэлтийн хөрөнгөгүй үйлдвэрлэл нь сул зогсох асуудлыг шийдвэрлэхэд манай санал болгож байгаа “Экспортын Зээлийн Даатгал” –ын ач холбогдол оршино. Таны түрүүн онцолж асуугаад байсан экспортыг дэмжсэн зээл олгох бүтээгдэхүүн юм уу гэсэн санаа энд гарч ирж байна. Бидэнтэй хамтарч ажиллаж, гадаад худалдан авагчийнхаа талаарх бодитой судалгаа хийлгэж, хийсэн худалдааны гэрээгээ бидэнд даатгуулах эхний алхам байна, дараа нь даатгагдсан энэ гэрээгээрээ банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдэх юм. Монгол банк, арилжааны банкууд, холбогдох яам болон бидний шийдвэрлэх гол асуудал энэ. Даатгалын бүтээгдэхүүнийг барьцаа хөрөнгөнд тооцох боломжийг судалж, Монгол банк журмандаа өөрчлөлт оруулбал энэ дэд бүтэц бүрэн схемээрээ ажиллах боломжтой. Олон улсад энэ хэзээний хэрэгжиж эхэлсэн. Хэрвээ энэ асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлээд хэрэгжүүлчихбэл жижиг дунд үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн бодлогын маш том алхам болох юм.

- Монголчуудын хувьд даатгалд итгэх итгэл ерөнхийдөө сул байх гэж харж байна. Хил гарсан худалдааны эрсдлийг даатгана гэдэг өөрөө бас эрсдэлтэй үйлчилгээ юм. Энэ эрсдлийг хэрхэн тооцоолж байна. Танай даатгалын үйлчилгээний босго болоод дээд хязгаар гэж байгаа байх?

Бид доод тал нь 300.0 мянган ам.доллараас давсан үнийн дүнтэй даатгалын ажлаа давхар даатгасан Скор гэдэг компанид мэдээлэх ёстой. Мэдээлнэ гэдэг нь Скор компани манай даатгалын гэрээг хянаж үзээд, эрсдлийг тооцоолоод шаардлагад нийцвэл зөвшөөрөх ёстой. Манай компани өөрийн энэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхдээ Скор компанид давхар даатгасан. Ер нь “Экспортын Зээлийн Даатгал”-ын бүтээгдэхүүний даатгалын гэрээ тус бүрийн 80 хувийг Скор компанид давхар даатгаж, Үндэсний давхар даатгал ХК 10 хувийг, үлдсэн 10 хувийг үндэсний МИГ даатгал, Бодь даатгал хамтран даатгаж ажиллах юм. Бидэнд их хэмжээний эрсдлийг даах хангалттай чадавх, нөөц бий. Харин даатгалын үйлчилгээ авах босго үзүүлэлтийн хувьд таны гадаад худалдан авагч хуулийн этгээд байх тохиолдолд бид судалж үзээд хүссэн, боломжит зээлийн дүнгээр даатгах боломжтой. Мөн зээлээр экспорт хийж байгаа Монгол Улсын жижиг, дунд, том бүхий л компани энэ даатгалд хамрагдах боломжтой. Даатгуулахын тулд манай компани болон Миг, Бодь даатгал компанийн экспортын зээлийн даатгалын мэргэжилтэнтэй холбогдож, дэлгэрэнгүй ярилцах боломжтой.

- Та бүхэн ижил төрлийн олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг байх. Харилцагчийн судалгааг хийх, экспортын гэрээг нь даатгах нөхцөл боломж бүх улс орнуудад нээлттэй юу? Манай үйлдвэрлэгчдийн хувьд жижиг гэлтгүй харилцагч улс орон бүрт л байгаа байх?

Бид энэ төслийг хэрэгжүүлэх хугацаанд Олон улсын экспортын зээлийн даатгалын холбооны гишүүнээр элсэж, зохион байгуулсан хурал зөвлөгөөнүүдэд нь байнга оролцож байсан. Энэ холбооны гишүүн байгууллагуудын сайн жишээнүүдээс сонсч байхад Эстон ч юмуу, Унгар ч юмуу ер нь улс орнууд өөрийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болгохын тулд бодлогоор санхүүгийн энэ бүтээгдэхүүнийг дэмжиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл экспортлогчдыг дэмжсэн Экспортын зээлийн даалтгал хэмээх энэ санхүүгийн бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж ирсэн юм байна. Эстоны үйлдвэрлэгч Герман руу бараа үйлчилгээгээ зарчихаад худалдан авагч Герман компани төлбөрөө төлөхгүй байвал Эстоны даатгалын компани Эстоний жижиг дунд үйлдвэрлэгчидээ төлбөрийг нь өгч хохиролгүй болгодог. Тиймээс, Эстон үйлдвэрлэгч нь зөвхөн үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулж, бүтээгдэхүүнийхээ тоо чанарыг дээшлүүлэхдээ анхаарна уу гэхээс Германы тал төлбөрөө төлөхгүй байх вий дээ гэсэн санаа зовох зүйлгүй болно гэсэн үг. Тэгэхээр Экспортын зээлийн даатгал бол экспортоо дэмжсэн улс орнуудын хэрэгжүүлж байгаа бодлогод нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн юм.

- Танай хэрэглэгчдийн гол хүсч байгаа зүйл зээл юм байна. Банкууд хэр сонирхож байна вэ? Жишээлбэл, яг ийм зарчмаар дотоод дахь худалдааны гэрээг барьцаа хөрөнгөнд тооцож, тодорхой үнийн дүнгээр зээл олгодог уу?

Арилжааны банкууд сонирхож байгаа ч Төв банкны журмыг л харж хүлээж байна. Санхүүгийн бүтээгдэхүүнийг барьцаа хөрөнгөд тооцож, зээл олгож болно гэсэн шийдвэр цааснаа гарчихвал арилжааны банкууд бэлэн л байна. Дотоодын худалдааны гэрээг даатгах үйлчилгээг Арилжааны даатгалын компани “Дотоодын Зээлийн Даатгал” нэртэйгээр нэвтрүүлсэн. Үндэсний олон компаниуд хамрагдаж үр дүнгээ өгч байгаа санхүүгийн бүтээгдэхүүн юм.

- Олон улсад хэрэгжээд болж байгаа тогтолцоог манайх хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан нь юу вэ? Улс төрийн шийдвэр юм уу?

Монгол банк, арилжааны банкууд, холбогдох яам шийдвэрлэх гээд судалж, ярилцаж байна. Олон улсад Экспорт кредит агентлаг гэж байдаг. Энэ агентлаг экспортыг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүний бүрэн схемийг дангаараа хэрэгжүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэгчийнхээ гадаад худалдааны гэрээг даатгаж, даатгагдсан гэрээнд нь дүйцэх эргэлтийн хөрөнгийн зээлийг олгох үйлчилгээг дангаараа хариуцаж байна. Манайд одоохондоо нэгдсэн ийм байгууллага байхгүй. Даатгалыг нь даатгалын байгууллага, зээлийг банк санхүүгийн байгууллага дээр түшиглэж тогтолцоог бий болгох гээд алхам алхмаар урагшилж байна. Үндэсний Давхар Даатгал ХК-ийн хувьд үйлдвэрлэгчиддээ санал болгож байгаа “Экспортын Зээлийн Даатгал” хэмээх энэ бүтээгдэхүүн манай ашгийн 0.1 хувьд ч хүрэхгүй бүтээгдэхүүн юм. Тиймээс, бид экспортыг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие л оролцож байгаа нийгмийн хариуцлагатай ажил гэж хэлж болно. Ер нь бол улс төрийн ч бай бодлогын зоригтой шийдвэр гаргаж, банк санхүүгийн болон даатгалын компаниуд, мөн дээрээс нь үндэсний үйлдвэрлэгч компани аль аль нь нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч энэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Эхний сайн жишээг бий болгохын чухлыг бүгдээрээ ойлгож эхэлсэн нь хамгийн том алхам юм.

- Таны хариултанд уул уурхайн бус үйлдвэрлэлийг дэмжинэ гэж олонтаа дурьдагдлаа. Тодруулахад манай экспортын төрлүүд ер нь хэр олон бэ? Оюуны бүтээл хэр хувь эзэлдэг вэ? Экспортын зээлийн даатгал оюуны бүтээлийн экспортод үйлчлэх үү?

Уул уурхайн бус бүх төрлийн бүх экспорт эрхлэгчид хамрагдах боломжтой ба оюуны бүтээлийн экспорт мөн хамаарна. Оюуны бүтээлийн экспортын кэйс байдаг боловч экспорт эрхлэгчдийн дунд маш бага хувь эзэлдэг. Монголын архитектор, зураг төслийн компани гадаадын А компанид зураг төсөл гаргаж өгч худалдаалах нь оюуны бүтээлийн экспортод орно.

- Экспортын зээлийн даатгалыг сонирхвол ямар шаардлага хангах, хаана хандах вэ? Ер нь ямар алхмууд хийх талаар зөвлөвөл...

Үндэсний Давхар Даатгал компанийн “Экспортын зээлийн даатгал” хариуцсан манай зөвлөхүүдтэй холбогдож, санхүүгийн бүтээгдэхүүний тухай мэдээлэлтэй танилцаарай. Хүсвэл, зээлээр худалдан авалт хийхийг хүсэж байгаа гадаад худалдан авагчийнхаа чадамжийг биднээр судлуулж, зээлийн хязгаараа тогтоолгоно. Гадаад худалдан авагчтайгаа зээлийн нөхцлөө тохиролцож, экспортын худалдааны гэрээгээ байгуулсны дараа даатгалын хураамжаа төлнө. Ингээд даатгалын гэрээний дагуу худалдан авагч талын төлбөр цаг тухайдаа төлөгдөхгүй тохиолдолд бид үүргийнхээ хүрээнд таны талбөрийг төлж, эрсдлийг хаах зарчим үйлчилнэ.

Даатгалын бүтээгдэхүүний ач холбогдлыг тодорхой эрсдэл үүсэх үед нөхөн төлбөр амжилтай авснаар хэрэглэгч ойлгодог онцлогтой. Нөгөө талаар даатгагчийн чадамжид эргэлздэг хандлага бий. Тиймээс давхар даатгалын хамтын ажиллагаа чухал. Олон улсын тэргүүлэгч давхар даатгагч СКОР компанитай экспортын зээлийн давхар даатгалын гуравласан гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Таны гадаад худалдан авагч зээлээр авсан барааныхаа төлбөрийг төлөхгүй бол бид эрсдлийг үүрч өмнөөс нь танд тэрхүү төлбөрийг төлөх болно. Энэхүү эрсдлийн 80%-ийг олон жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч давхар даатгалын компани SCOR хариуцан ажиллаж байгаа тул экспортоо зээлийн нөхцлөөр хийхдээ эргэлзэх хэрэггүй. “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах том зорилгодоо “Экспортын зээлийн даатгал”-тай хамтран хүрээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.