Гол асуудал нь 34 хувь биш...
Нийтлэл
/
5 цаг 20 мин

Хэдий хөргөгч, хэтэвч хоосон ч, хуримтлалын дансандаа 135 мянган төгрөгтэй гэхээр сэтгэл “өег” байгаа, манай иргэд. Одоогоор хоёр шуудай гурил, эсвэл зургаан кг махны мөнгө боловч хэзээ ч юм хуримтлалын дансны мөнгөөрөө орон сууц авдаг, оюутны төлбөрөө төлдөг, хагалгаанд ч хандив гуйхгүйгээр ордог болно гэж амласан, манай төр. 

Засгийн тэргүүн маань ингэж ядарсан иргэдээ бэлэн мөнгөөр байр авдаг хэмжээнд задарсан баян болгох гээд байхад үндэсний зарим компаниуд хуримтлалын санд 34 хувиа өгөхгүй гээд гэдийгээд байгаа гэдэг. Тэр байтугай, 34 хувиа өг гэхээр “Тэгвэл тавантолгойг чинь бүхэлд нь авна шүү” гэж айлгадаг ч гэх. Тэгээд л Засгийн тэргүүн маань тэр компаниудын эзэдтэй, ардах бүлэглэлүүдтэй нь ард түмнийхээ төлөө өдөр шөнөгүй тэмцээд, нойр, хоолгүй зүтгээд байгаа гэдэг. Гаднаасаа бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж л харагдаж, олон нийтэд ч ингэж л ойлгуулж байгаа. 

Гэвч гүндээ бол асуудал тэс өөр ажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцолж онилоод, олон нийтэд ховлоод байгаа “Ачит-Ихт” ХХК ч тэр, “МАК” ХХК ч тэр, 34 хувиа төрд өгье л гээд байгаа юм байна. Ялангуяа, “Ачит-Ихт” ХХК л гэхэд 2014 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 10 удаа, 2024 оны хавар Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаас хойш дөрвөн удаа “Эрдэнэт үйлдвэр”-т хаяглан “Төр 34 хувиа ав, ТУЗ-д төлөөллөө оруул, тэгээд ажлаа бодоцгооё” гэж албан бичиг илгээжээ. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” нь Засгийн газраасаа асуудаг, харин Засгийн газар нэг ч удаа хариу хэлэлгүй өдийг хүрсэн түүхтэй юм байна. Тэгэх мөртөө Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс “П.Цагаан одоо боль, 34 хувиа хуримтлалын санд өг” гэж хэлснийг санаж буй байх. Өөрөөр хэлбэл, “Ачит-Ихт” ХХК 34 хувиа ав гээд байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авахгүй гэж гэдийгээд байгаа мөртөө олон нийтэд болхоор “П.Цагаан л өгөхгүй байна” гэж ойлгуулаад яваа болж таарч байна, бүтэн жил. 

Дараагийн асуудал нь, хэдхэн хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ “Төмөр замаа хятадтай холбохоор тохирсон чинь Ц.Элбэгдорж дургүйцсэн. Тэгээд намайг унагахаар хөлснийхөн жагсаж эхэлсэн. Тэр жагсаалыг П.Цагаан санхүүжүүлсэн” гэж мэдэгдсэн. Ингэснээрээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ П.Цагааныг эхлээд 34 хувиа өгөхгүй “гэдийгч” гэж байсан бол, нэмээд Ц.Элбэгдоржтой үгсэж жагсаал “санхүүжүүлэгч” болгоод хувиргачихсан. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийг хэзээс ярьж эхэлсэн, “Ачит-Ихт” ХХК-ийг хэзээнээс ярьж эхэлсэн, Ц.Элбэгдож ба “Ачит-Ихт” ХХК-ийг хэзээнээс холбож ярьж эхэлснийг нь цаг хугацааны он дарааллаар нь шүүж үзлээ. Тэгтэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гол зорилго нь “Ачит-Ихт” ХХК-аас 34 хувийг нь авахаасаа илүүтэйгээр, гагцхүү Ц.Элбэгдоржтой холбох сэдэв болгож л ашиглаж байж болзошгүй байна. Чухам иймээс л, “Ачит-Ихт” ХХК-ийнхан 34 хувиа ав гэхэд авахгүй гэж гэдийх замаар хугацаа хожиж, хэвлэлүүдээр ч, хууль хяналтынхнаар ч “Ц.Элбэгдорж л ард нь байдаг” гэж хэлүүлж байж болзошгүй ажээ. 

СОНГУУЛИЙН АЙДАС БУЮУ СААРАЛ ОРДНЫ ТЭРГҮҮН, СОШИАЛ ОРЧНЫ ТРОЛЛ, СКРИЙНШОТТОЙ ЦАГДАА ГУРВЫН ХАВСАЙДАХ ТЕХНОЛОГИ

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржтой эртнээс эвдэрсэн, бүгд мэднэ. Ямар сайндаа л, Ц.Элбэгдорж “Би чиний тархинд түрээсгүй амьдардаг” гэж ёжилж байх вэ. Эргэн саная. Л.Оюун-Эрдэнэ 2018 оны өвөл үстэй дээл, үнэгэн малгай өмсөөд төв талбайд жагсаж байхдаа л “МАНАН бүлэглэлийг Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай гурав байгуулсан” гэж орилж байлаа. 

Дараа нь, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болчихоод, 2020 оны хавар хэвлэлийн хурал хийхдээ “Бүтэн жил “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож шалгахад Ц.Элбэгдоржийн найзууд “Нэгдмэл найзууд” гэдэг компанитай, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын борлуулалтаас ашиг олдог, олсон мөнгөө оффшорт нуудаг, оффшорт нуусан мөнгөө оруулж ирээд үл хөдлөх хөрөнгө болгодог нь тогтоогдсон” гэж мэдэгдэж байв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж аль 2018 оноос Ц.Элбэгдоржийг ноцож, ноолохдоо МАНАН бүлэглэлтэй, “Эрдэнэт” үйлдвэртэй, бас С.Зоригтой л холбодог байсан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны хавраас сонгууль угтуулан Ц.Элбэгдорж руу өргөн фронтоор дайрч эхлэхдээ С.Зоригийн хэрэгтэй холбохоос гадна “шинэ холбогдогч” олж, оруулж ирсэн нь “Ачит-Ихт” ХХК буюу П.Цагаан байсан. Саарал ордны тэргүүн, сошиал орчны троллууд, скрийншоттой цагдаа нар нэг тал болчихоод, “Ачит-Ихт” ХХК гэх хувийн ганц хавсайдаж эхэлсэн гэхэд болно. Тэгэхдээ, энэ дайралтууд нь маш нарийн зохион байгуулалттай буюу 2-7 хоногийн давтамжтайгаар үргэлжилж байсан. 

Тодруулбал, 

2024 оны гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр цацагдсан. Энэ нэвтрүүлгээрээ Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийн хэргийн захиалагч бол Ц.Элбэгдорж” гэсэн мессэжийг олон нийтэд хүргэхийг зорьсон, түүнийгээ ч биелүүлсэн. 

Дөрөв хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Ард түмний мэдэлд байх ёстой “Ачит-Ихт”-ийн үйлдвэрийг Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёр ашиглан хөлжиж байна” гэх агуулгатай мэдээллүүд сошиал сүлжээнд хуурамч хаягуудаар цацагдаж эхэлсэн. Өөрөөр бол, “Ачит-Ихт” ХХК-ийг харлуулах хөрсөө сошиалд бэлдэж эхэлсэн нь энэ. 

Хоёр хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Ц.Элбэгдоржийн өргөмөл хүүхдийн нэр дээр бүртгэлтэй АНУ дахь 700 мянган ам.долларын хаус” гэх зураг, бичлэг, нийтлэлүүд сошиалд ч, сайтуудаар ч зэрэг цацагдаж эхэлсэн. Гэхдээ “Гадаад дахь хаус” гэдэг сэдэв С.Баяр дээр туршигдаад, улиг болчихсон учраас газар аваагүй. 

Дөрөв хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хэвлэлийн хурал хийж “Засгийн газраас С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн нэн түрүүнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечилсэн уулзалтууд хийнэ” гэж мэдэгдсэн. Энэ Ажлын хэсгийг байгуулсан зорилго нь Ц.Элбэгдоржид зориулсан буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэргийг дахин сөхнө гэдгээ зарласан үйлдэл болсон.  

Хоёр хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Ачит-Ихт” ХХК-ийн оффист Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийж, тус компанийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар “Нэгжлэгээр 940 гаруй боть санхүүгийн баримт болон их хэмжээний мөнгө хурааж авлаа” гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдэгдсэн. Ингэж “Ачит-Ихт” ХХК-ийг олон нийтийн анхааралд оруулж ирэх ажиллагаагаа эрчимжүүлсэн гэсэн үг. 

Долоо хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Энэ хуулийг батлах үед энэ хуулийг өргөн барьсан автор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс “Ачит-Ихт” ХХК-ийг онцгойлон нэр дурдсан. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ “Ачит-Ихт”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цаглавар”-ын данс руу “Ачит-Ихт”-ээс 13.6 сая ам.доллар шилжүүлсэн. Удахгүй баримтаар ил болно. П.Цагаан одоо болно.  34 хувиа төрд өгчих. Хэрвээ ямар нэг асуудал гарвал АТГ дээр ярьж болохоор байгаа шүү” гэж мэдэгдсэн. Засгийн тэргүүн нь заналхийлсэн өнгө аястайгаар хувийн компанийг нэр цохсон тохиолдол төрийн түүхэнд тийм ч олон биш гэдгийг дурдах хэрэгтэй. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ дээрх өгүүлбэрээрээ “Ц.Элбэгдоржийг намнах ажиллагаанд “Ачит-Ихт” ХХК-ийг татан оруулж, ашиглаж эхэллээ, автор нь би шүү” гэж өөрийгөө илчилсэн гэхэд болно. 

Маргааш нь буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны гэргий Б.Булганы “Зориг” нэвтрүүлэг 18 телевизээр цацагдсан. Тус нэвтрүүлэг бүхэлдээ “С.Зоригийн хэргийн захиалагч бол Ц.Элбэгдорж” гэх агуулгатай байсан. Хөтлөгч “Энэ хэргийг хэн захиалсан гэж та боддог вэ” гэж асуух үед Б.Булган “Би Ц.Элбэгдоржийг албан тушаалд гарч ирэх бүрд шоронд ордог байсан. Энэ нэг зүйл хэлээд байгаа биз” гэж хариулсныг санаж буй байх. 

Дөрөв хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Ачит-Ихт” ХХК-ийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д эзэмшүүлэх, “Ачит-ихт” ХХК-ийн өнгөрсөн найман жилийн орлогоос 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх, “Ачит-Ихт” ХХК-ийн ашиглаж буй овоолгыг 100 хувь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан.  

Маргааш нь буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд ЦЕГ-аас хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ “Ачит-ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хороондоо бичилцсэн гэх вайбер чатыг олон нийтэд үзүүлж, Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлснээ зарласан. 

Ингээд 2024 оны УИХ-ын сонгууль болсон. Гайхмаар нь, Л.Оюун-Эрдэнэ сонгуулиас хойш Ц.Элбэгдоржийг ч, “Ачит-Ихт” ХХК-ийг ч “мартчихсан”. 

Анзаарч харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2024 оны сонгуулийг угтуулан ердөө л 2-7 хоногийн давтамжтайгаар Ц.Элбэгдорж руу С.Зориг, “Ачит-Ихт” ХХК гэх хоёр сэдвээр тасралтгүй довтолсон байгаа биз.  Энэ довтолгоондоо хөлсний троллуудыг ч, хууль хяналтныхныг ч татан оролцуулсан байгаа биз. Сонгуулиас өмнө 2-7 хоногийн давтамжтай дайрч байснаа сонгуулиас хойш “мартчихсан” гэхээр Ц.Элбэгдоржийг сонгуультай холбоотойгоор “намнаж” байсан гэдэг нь ойлгогдож байгаа биз. 

Гол нь, зургаан жил Ц.Элбэгдоржийг зүсэн зүйлийн сэдвүүдээр ноолж, ноцсон Л.Оюун-Эрдэнэ эцэст нь сэдэвгүйдсэн.  С.Зоригийн хэрэгтэй холбох арга нь 20-иод жил ашиглагдаад хуучирчихсан сэдэв учраас үр дүн муутай. “Эрдэнэт”-тэй холбох арга нь ч ялгаагүй уль, доль болчихсон. Тиймээс Ц.Элбэгдоржийг өөр ноцтой байж болох сэдэвтэй холбох шаардлагатай болсон. Тиймээс Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед тамгыг нь түшиж байсан гэх хамаарлаар П.Цагааныг, түүний “Ачит-Ихт” ХХК-ийг татан оруулсан схем тов тодорхой гарч ирж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ц.Элбэгдоржийг сонгуулиас өмнө дарж авах, хувь, хувьсгалын хонзонгоо тайлах, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх ажиллагааны золиос нь “Ачит-Ихт” ХХК болсон байж болзошгүй гэсэн үг. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын рейтинг маш муу байсан. Харин АН-ын өсөж эхэлсэн. Тэгмэгц Л.Оюун-Эрдэнэ АН-ыг олонх болгох хамгийн магадлалтай хүн гэж Ц.Элбэгдоржийг онилсон. Ингээд дээр дурдсан дайралтуудыг эхлүүлсэн. Улмаар Ц.Элдбэгдоржийг намнах ажиллагаандаа “Ачит-Ихт” ХХК-ийг оруулж ирсэн гэсэн үг. 

ӨӨРИЙГӨӨ БУРХАН, ӨРӨӨЛИЙГ БУГ ХЭМЭЭХ ТЕХНОЛОГИ

Дээр дурдсанчлан, 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө 2-7 хоногийн давтамжтай явагдаж байсан Ц.Элбэгдоржийн эсрэг довтолгоо сонгуулиас хойш зогссон. Гэтэл 2025 оны эхний өдрөөс өнөөх дайралтуудаа дахиад эхлүүлсэн. Ингэхдээ өнөөх л П.Цагааныг, “Ачит-Ихт” ХХК-ийг оруулж ирсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёр руу дахин дайрч эхэлсний цаад учир шалтгаан юу байв. 

Тодруулбал, 

2025 оны нэгдүгээр сарын 1-нд “Ачит-Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг Сингапурт баривчилсан гэх мэдээлэл сошиал, сайтуудаар зэрэг цацагдсан. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “П.Цагааныг баривчлаагүй” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “баривчилсан” гэх зохиомол дуулианаар П.Цагааныг дахин олны анхааралд зориудаар оруулж ирсэн гэсэн үг. 

Маргааш нь буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны Засгийн газрын хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ “Ачит-Ихт” ХХК-ийн 34 хувийг хуримтлалын санд хуримтлуулах хэлэлцээрийг эхлүүлэхийг үүрэгдсэн. 

Тав хоногийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэрээ ярилцлага өгч “Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хэлэлцээр  Тавантолгой компанид санаархдаг хүмүүсийн дургүйг хүрсэн. Тавантолгойд хамгийн их санаархдаг, Хятадуудад өгөх санал тавьж явсан хүн бол Ц.Элбэгдорж. Тиймээс ч Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг хятадаар бариулах хэлцлийг хийсэн цагаас жагсаал цуглаан болж байна. Энэ жагсаалыг П.Цагааны хүү санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн. 

Маргааш нь буюу 2025 оны нэгдүгээр сарын 8-нд “Hero entertainment”-аас “Баялагтаа эзэн Монгол” нэртэй нэвтрүүлгийг бүх телевизээр зэрэг цацсан. Тус нэвтрүүлэг нь “2015 онд Ц.Элбэгдорж “Энержи ресурс”-тай нийлж, “Тавантолгой”-н бүлэг ордыг авахаар санаархаж байсан, тиймээс ч өөрсдөө барихын тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг гацаасан. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ энэ төслийг эцэслэх гэж байна” гэх үндсэн агуулгатай байсан. 

Дүгнэвэл, маш нарийн зохион байгуулалттай дайралт гэдэг нь ойлгомжтой харагдана. Ердөө хагас сарын дотор л П.Цагааныг Сингапур руу зугтсан оргодол, шүүхэд нөлөөлдөг хууль дэвслэгч, Ц.Элбэгдоржид үйлчилж жагсаал санхүүжүүлэгч болгоод, П.Цагааныгаа цааш нь Ц.Элбэгдоржтой холбоод, Ц.Элбэгдоржийгоо Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гацаагч болгоод, эцэст нь Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын гацаагч тайлах гэж байгаа баатраар Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө нэрлэчихэж байгаа юм. 

Тун товчоор бол, “Ц.Элбэгдорж бол бүхнийг гацаагч буг, харин би тэр бүх гацааг нь гаргах гэж зүтгэж байгаа бурхан” гэдэг агуулгатай, өндөр түвшний найруулгатай, маш нарийн зохион байгуулалттай дайралтыг яг одоо нийгэмд явуулаад байна гэсэн үг. 

Ингэхийн ашиг тус нь юу вэ гэж үү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амласан 14 мега төслийн хамгийн эхэнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бий. Хожим, Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлсэн төсөл гэж овоглогдож үлдэх хамгийн том төсөл ч байж магадгүй. Өөрөөр бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн том амбиц нь Гашуунсухайт-Ганцмодны төсөл. Тэр энэ төслөө тун удахгүй УИХ-аар оруулж ирнэ. Тэгэхээр, хэрвээ Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржтой холбохгүйгээр Гашуунсухайт-Ганцмодны төмөр замаа барьчихвал Ерөнхий сайдын хувьд хийх л ёстой ажлаа хийсэн мэт харагдана. Харин Ц.Элбэгдоржтой холбосон нөхцөлд, том бүлэглэлийн олон жил гацааж байсан төслийг Л.Оюун-Эрдэнэ гацаанаас гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн ардын баатар мэт харагдана. Ердөө л энэ. 

Тэгэхээр “Ц.Элбэгдоржийн гацаасан төслийг би урагшлуулж байна” гэдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүндээ өсгөх гэсэн амин хувийн ашиг сонирхлын золиос нь ахиад л “Ачит-Ихт” ХХК болчихсон харагдаж байна. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙГЭЭР ЯЛЛАХ БУЮУ ШОНД ӨЛГӨЖ, ШОРОО ЦАЦУУЛАХ ТЕХНОЛОГИ

Хатуухан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Төрийн ордны босго алхсанаас хойших есөн жилийн намтарт олон хүн, олон ч компани "хохирч" үлдсэн. Шүүхийн шийдвэргүйгээр яллах буюу шонд өлөж, шороо цацуулах замаар өөрийгөө бурхан, өрөөлийг буг гэж харагдуулах нь түүний арга барил, ашигладаг технологи гэж хэлж болно. Нэг, нэгээр нь яллахаас гадна, нийлүүлээд “бүлэглэл” гэж нэрлээд ч яллана. Гол нь, өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэд яллагдсан хүмүүсээс нэгийг нь ч шүүх яллаагүй байгаа. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ шүүхийг тувт буруутгадаг.

Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ эхлээд М.Энхболдыг "дэвсэлж", олонд өөрийгөө таниулсан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг МАНАН бүлэглэлийг толгойлогч, 60 тэрбумын схемын автор, газрын наймаачин, ер нь л энэ улсын болж бүтэхгүй бүхний эцэг хэмээн цоллож, төв талбайд 30 мянган хүн цуглуулан түүний эсрэг турхирсан. Улмаар М.Энхболд улс төрөөс явсан. Гэхдээ одоог хүртэл шүүх М.Энхболдыг ямар нэг авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутгаагүй. Харин Л.Оюун-Эрдэнэ шүүхийг буруутгадаг. 

Дараа нь, Л.Оюун-Эрдэнэ Т.Бадамжунайг барьж авсан. “Монгол авлигын схемийг угсарсан, албан тушаалын наймааг цэцэглүүлсэн ганц хүн. Твин тауэрын хажууд байх Т.Бадамжунайгийн оффист төрийн шийдвэр гардаг” гэж орилсоор байгаад Филлипинээс баривчилж авчирсан. Хориод шалгаж эхэлснээс хойш хоёр жил болж байна. Одоог хүртэл Т.Бадамжунайг тийм хэрэг үйлдсэн гэх шийдвэр гараагүй. Харин Л.Оюун-Эрдэнэ шүүхийг буруутгасаар. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн удаан зуурч, зууж яваа хүн нь Ц.Элбэгдорж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг дамлагч, оффшорчин, С.Зоригийн хэргийн захиалагч, “Эрдэнэс тавантолгой”-д санаархагч, хятадуудад эх орноо худалдагч, “Энержи ресурс”-ийн хамтрагч, “Ачит-Ихт”-ийн нууц ноён гэх мэтээр байж болох бүх л сэвдээр ноолж, ноцсон. Одоо ч үргэлжлүүлж байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд, “Ц.Элбэгдорж шүүхийг атгадаг учраас энэ бүх гэмт хэргээсээ гэмгүй мултардаг” гэж тайлбарладаг. 

Төв талбайн жагсагсаас ЗГХЭГ-ын дарга болж томорсныхоо Л.Оюун-Эрдэнэ Д.Эрдэнэбилэгийг барьж авсан. “Ерөөс төрийн бүх өмч түүний мэдэлд очсон, энэ улсын эзэн нь Д.Эрдэнэбилэг болчихсон” хэмээж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хэргээр Ерөнхий сайд болох замаа зассан. Эцэст нь, Д.Эрдэнэбилэг гадагшаа дүрвэсэн. Мөн л шүүхээс “Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан” гэдэг цагаан дээр хараар бичсэн шийдвэр гаргаагүй л байгаа. 

Ерөнхий сайд болсныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ ахынхаа ахыг буюу Х.Баттулгыг барьж авсан. Тэгэхдээ Х.Баттулгыг Х.Нямбаатараараа нүдүүлсэн. Х.Нямбаатар Хууль зүйн сайд болсон цагаасаа Х.Баттулгыг Төрийн ордонд шүүгч нарыг дуудаж үүрэг өгдөг, Оросын тагнуул, төмөр замын төслийг гацаагч, Хөгжлийн банкыг тоногч, цахилгаан станцын төслүүдийг оросын захиалгаар зогсоогч гээд бүх л сэдвээр нүдсэн. Бүр “Х.Баттулга, З.Энхболд хоёр гадаадын тавиул, туршуул гэдгийг Хууль зүйн сайдын хувьд баттай хэлье” гэж өөрийн амаар хэлж байлаа. Бас, шүүх Х.Баттулгыг гэм буруутай гэж тогтоосон түүхгүй. Эсрэгээрээ одоо Х.Нямбаатар, Х.Баттулга, З.Энхболд гурав хамтран “Баялагтаа эзэн Монгол” гэдэг нэвтрүүлэг хийгээд, Л.Оюун-Эрдэнийг баруун, солгойгүй магтаад сууцгааж байна.  За тэгээд, Ч.Сайханбилэг гэх Л.Оюун-Эрдэнийн “мөнхийн сэдэв” бас бий. Цаашаа, Д.Гэрэл, Б.Хурц гээд үргэлжилнэ. 

Бизнесийнхнээс ч Л.Оюун-Эрдэнийн нүдэнд торсон компаниуд бас олон. Эргэн санавал,  Тэртээ 2019 онд О.Оюун-Эрдэнэ “Гурван үсэгтэй хэдэн компаниудын эзэд аятайхан байгаарай. Хатуу тэмцэнэ шүү” гэж байлаа. Үнэхээр ч одоо MCS буюу “Энержи ресурс”, МАК буюу “Монголын алт” тэргүүтэй компаниуд Л.Оюун-Эрдэнэд зуугдсан мэт л байгаа. 

Жишээ нь, 10-аадхан хоногийн өмнө, Х.Нямбаатар, Х.Баттулга, З.Энхболд гурав ярьсан, А.Амундрагийн хөтөлсөн, “Херо” Б.Баатарын найруулсан “Баялагтаа эзэн Монгол” нэвтрүүлэг цацагдсан. Тэр нэвтрүүлгээрээ “Энержи ресурс”-ийг буюу Ж.Оджаргалыг “Тавантолгойн ордыг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёртой бүлэглэж авахыг санаархагч”, бас “Монголын хамгийн цуутай гацаагч”-аар тодруулсан. 

Өнгөрсөн хавар Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаас хойш Л.Оюун-эрдэнэ “МАК”-ийг ярьж яваа. “Цагаан суваргын ордыг лобби хийж авсан цадиггүй хулгайч” гэх агуулгатай мэдэгдлийг ч Төрийн ордны индрээс хэлж байлаа.  

Яг одоогийн нөхцөлд “Ачит-Ихт” ХХК Л.Оюун-Эрдэнэд “зуугдчихаад” байна. Шалтгааныг нь дээр дурдсан. 

Энэ мэтээр, өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шонд өлгөж, шороо цацуулсан технологийн бай болсон олон хүнийг нэрлэж болно. Тэд бүгд буруутай ч байж болно, бас буруугүй ч байж болно. Тэднийг өмөөрөх гэсэнгүй. Ямартай ч яллагдсан нь одоогоор алга. Шүүгч нар үнэхээр тэгтлээ ялзарчихсан юм бол яагаад есөн жил засаглахдаа зайлуулах арга хэмжээ яагаад аваагүй вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бас, шүүгч нар үнэхээр ес дэх жилдээ засаглаж байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс айдаггүй, тэгэх мөртөө найман жилийн өмнө төрөөс явсан Ц.Элбэгдоржоос айж, одоог хүртэл түүнд үйлчлээд байдаг гэж үү. Бас бодох л асуудал. Ард түмэн улстөрчдийг бүгдийг нь хулгайч гэж хардаг, үндэсний том компаниудаа бүгдийг нь тонуулчин гэж хардаг болчихлоо. Ардчилсан улсын Засгийн тэргүүн нь хэн нэг улстөрчийг, эсвэл аль нэг хувийн компанийг ам дамжсан яриагаар яллаж, түүнийгээ ард түмэнд таалагдах арга, нэр хүндийг өсгөх технологи болтол нь хөгжүүлэх нь байж болшгүй хэрэг юм. 

ЭХ СУРВАЛЖ: ЭРГЭЛТ.МН

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.