Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг баталлаа
Үйл явдал
/
6 цаг 22 мин

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.01.23/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуулийн төслийг дагалдаж хоёр хууль, нэг тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн ажлын хэсэг Шинэ Хархорум хотын нэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор болон хууль тогтоомжийн нийцлийг хангах хүрээнд УИХ-ын 5 тогтоолын төслийг боловсруулсан байна. УИХ 2023 онд “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Засгийн газраас “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г байгуулж, дүрэм, бүтэц орон тоог батлан ажиллаж байна. Засгийн газрын тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Хархорум хотын эдэлбэр газрын хэмжээ, эдэлбэр газрын бүсчлэлийг тогтоох, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах зэрэг ажлыг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн юм.

➡️ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль найман бүлгээс бүрдэж байгаа бөгөөд Хархорум хотыг бүтээн байгуулах, хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим, хотын эрх зүйн үндэс, байршил, эдэлбэр газар, хот байгуулах үйл ажиллагааны тухай буюу баримт бичиг, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хотын бүсчлэл, газар зохион байгуулалт, хотын хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглахтай холбоотой зохицуулалтыг тусгасан.

➡️ Мөн хотын чиг үүрэг, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, мэдээллийн ил тод байдал, хотыг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг тусгажээ. Түүнчлэн хотын эдийн засгийн үндэс, хөрөнгө оруулалтын хэлбэрийг тодорхойлж, хотын өөрийн хөрөнгө оруулалтад төр, орон нутгаас үзүүлэх дэмжлэг болон хандив, тусламж, бүтээн байгуулалтад үзүүлэх дэмжлэг, хөрөнгө оруулалт, хотын бэлгэдэл, шагнал, оршин суугчийн эрх үүрэг, хууль тогтоомж, шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.188.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.