Л.Оюун-Эрдэнэ: Бэлэн МӨНГӨ ТАРААХГҮЙ. Ажлын байрыг дэмжинэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Бэлэн мөнгө тараах биш баялаг бүтээгчдээ, салбаруудаа дэмжих зорилго тавьж, тухайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд "Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, улсынхаа эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр 10 их наядын санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулснаас 2 их наядыг нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%-ийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргая, хүүгийн зөрүүг төрөөс даая гэж тооцсон. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллахыг гэж банкны салбарынхнаас хүсэж байна.

Өнөөдрийн байдлаар ажлын байр 70 орчим  мянгаар буурсан. Хөл хорионы дэглэм үргэлжилж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байсаар байвал цаашид 130 мянга хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянга төгрөг хүртэл нэмэгдүүлж,  ус, цахилгааны хэрэглээ, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авсан. Одоо бид бэлэн мөнгө тараах биш баялаг бүтээгчдээ, салбаруудаа дэмжих зорилго тавьж, тухайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж  үзсэн. 

  • Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 0.5
  • Стратегийн ач холбогдолтой төслүүдэд 2
  • Монголбанкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд 2
  • Орон сууцжуулах төсөлд 3
  • Хөдөө аж ахуйн салбарт 0.5
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 их наяд төгрөгийг тус тус зарцуулна гэсэн байдлаар  төлөвлөсөн  юм.

Өнөөдөр та бүхэнтэй зээлийн хэрэгжилтэд ямар асуудал байгаа талаар сонсохоор ирлээ” хэмээн Засгийн газраас баримталж буй зарчмаа товч танилцууллаа.

Банкны салбарын төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг хүсэж буй банкны секторын бодлогын хүлээлтийн талаар товч илтгэлүүдийг тавьсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.144.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.