Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөмийн энергийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа Улсын Их Хурлын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Байнгын хороотой зөвшилцөнө” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг САС компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг санал, дүгнэлтдээ дурдлаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар бүлгээр “Олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тусгайлан зохицуулдаг боловч Цөмийн энергийн тухай хуульд заасан хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хуульчлаагүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг энэ хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу уг хуулийн төслийг тус Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Б.Баярбаатар гишүүн онцлов.
Хуулийн төсөл нь 12 зүйлтэй бөгөөд гэрээний төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэхээс гадна нам, эвслийн бүлэг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлж нэгтгэн хэлэлцэх, тус Байнгын хороогоор төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуралдаанд танилцуулах, гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхээр төсөлд тусгалаа. Гэрээний төслийн агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болох ба гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн бол хамт оруулсан Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцохоор, түүнчлэн уг хуулийг баталсан өдрөөс нь эхлэн Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөж дуустал хугацаанд дагаж мөрдөхөөр тус тус тусгасан гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Ганбаатар, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд зарчмын хувьд уг дэгийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн 7 дугаар зүйлд гэрээний төслийг дэмжээгүй шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ гэснийг үндэслэл бүхий шийдвэрээ хүргүүлэх гэж өөрчлөх, түүнчлэн дэмжээгүй асуудлаараа Засгийн газарт хугацаатай чиглэл өгөх асуудлыг тусгах боломжтой талаар, мөн гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно гэснийг хэрхэн ойлгох талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо шаардлагатай асуудлаар хаалттай хуралдах боломжийг нээж өгөх талаар хөндөж ярилцсан эсэхийг тодруулав.
Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, П.Сайнзориг гишүүний саналыг дэмжиж, хуулийн төсөлд шалтгаан гэдгийг үндэслэл бүхий гэж засах боломжтой гээд Улсын Их Хурлын Тамгын газартай ярилцаад 12 зүйлтэй хуулийн төсөлд гэрээний төслийн ач холбогдлыг нь харгалзаад буцаах, шаардлагатай бол Улсын Их Хурлаар хэлэлцэх гээд бүхий л боломжийг тусгасан. Харин хугацаатай чиглэл өгөхийг төсөлд заавал тусгах шаардлагагүй, тухайн үед нь зохицуулах боломжтой хэмээн хариулав. Мөн гэрээний төсөлтэй холбогдуулан бүх гишүүдэд асуулт асууж, үг хэлэх эрхийг нээлттэйгээр тусгасан гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хаалттай хуралдах зохицуулалт байдаг тул төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн хэмээн тайлбарлалаа.
Ингээд Байнгын хорооны саналаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.0 хувь нь дэмжсэн. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Дараа нь Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат нар ажилласныг дурдлаа.
Мөн тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн зүгээс төслийн 1 дэх заалтад тусгагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн дугаар солигдсоныг өөрчлөх, тогтоолыг дагаж мөрдөх огноог тодорхой болгох талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг тогтоолын төсөлд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулахад баримтлах зарчмыг тодорхой болгох талаар дэд заалт нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх тухай найруулгын санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр саналуудыг дэмжсэн гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг төслийн 1 дэх заалтын “төрийн эзэмшлийн 34 хувийн” гэсний дараа “энгийн” гэж нэмж, мөн заалтын “10 хувийн” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийг олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж буй аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн санд хуваарилах эрх зүйн үндсийг бий болгох чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийн хавсралтын “40-50 хүртэл 0.5 хувь” гэснийг “40-өөс дээш 5 хувь” гэж өөрчилж, “50-иас дээш 5 хувь” гэсэн мөрийг хасах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг онцоллоо.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, О.Батнайрамдал, С.Ганбаатар, А.Ганбаатар, Б.Уянга, А.Ундраа, Б.Жаргалан нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дэх заалтын “MV-018915 дугаартай “Дулаан-Уул” гэснийг “MV-018916 дугаартай “Дулаан-Уул" гэж, “MV-018916 дугаартай “Зөөвч-Овоо” гэснийг “MV-018915 дугаартай “Зөөвч-Овоо" гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.4 хувь нь дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг төсөлд “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасны дагуу энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэхэд дараах зарчмыг баримтална гээд төрийн эзэмшлийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцүү байх, нийт гаргасан энгийн болон давуу эрхийн хувьцаанд эзлэх төрийн эзэмшлийн хувь хэмжээг 10 хувиас бууруулахгүй байх” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэх, мөн төслийн 3 дахь заалтыг “Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй" гэж өөрчлөх санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Иймд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилохыг дэмжлээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболд, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нар тус тус танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг Г.Ганболд зөвлөх дурдлаа.
Мөн уг асуудлыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа гэв.
Харин уг асуудлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Н.Оюундарийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигч болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, С.Бямбацогт, Д.Үүрийнтуяа, Ж.Батсуурь, С.Эрдэнэболд, М.Бадамсүрэн, Ж.Золжаргал, Ц.Сандаг-Очир, А.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд нэр дэвшигчээс Элчин сайдаар томилогдвол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хийхээр зорьж үйл ажиллагаа, бодлогыг илүүтэй лавлахын зэрэгцээ төрийн болон дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй ийм хүнийг нэр дэвшүүлж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн гишүүд нэр дэвшигчдэд хандан хоёр улсын импорт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах, Польш улсын Элчин сайдын яамнаас тус улсад зорчих монгол иргэдэд виз олгохгүй байгаад анхаарч ажиллахыг захиж байлаа.
Нэр дэвшигч Н.Оюундарь хариултдаа, “Бүгд Найрамдах Польш Улс нь Европын холбооны болон НАТО-гийн гишүүн улс. Варшав хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яам нь Латви, Литва, Украин улсыг хавсардаг тул Европын холбоотой хамтран ажиллах чухал асуудал бий. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь тухайн улсад амьдарч буй монгол иргэдийн асуудал, улс хоорондын улстөр, нийгэм, эдийн засаг гээд харилцаа хамтын ажиллагааны өргөн хүрээнд ажилладаг. Ялангуяа соёлын харилцаа чухал ач холбогдолтой бөгөөд зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа таниулах, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн үр өгөөжийг бий болгоход чиглэж ажиллана. Мөн орон нутгийн харилцаа холбоог хөхиүлэн дэмжих шаардлагатай. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны гол чиглэл болох эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шинжлэх ухаан, боловсрол, геологи, уул уурхайн чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарч ажиллахаар зорьж байна” гэв.
Ингээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь дэмжсэн тул энэ талаарх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус танилцуулав.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд “төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх”-аар тус тус заасан. Гэвч Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг тусгалгүй орхигдуулсан гэж Зам, тээврийн сайд төслийн танилцуулгадаа дурдав. Мөн ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газартай байдаг. Манай улс хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг гүйцэтгэсээр ирсэн гэлээ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2007 онд хууль батлагдаж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдэн, төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны байдлаар 42.5 сая тонн болж 2.8 дахин өсчээ. Энэ салбарт нийт 15 мянга орчим хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байсан бол ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замуудтай нийлээд сүлжээний нийт урт 4200 км болж 3.7 дахин өссөн байна. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэх тооцоолол гарч байгааг сайд тодотгосон.
Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөсөн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэнийг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төриин захиргааны байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай байхаар зохицуулсныг дурдаад хууль санаачлагч Зам, тээврийн яам болон "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв"-ийн орон тоо болон нөөцийг ашиглан төсөвт дарамт учруулахгүйгээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулан үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсныг дурдав. Мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа төмөр замын агентлаг байгуулах зайлшгүй шаардлага болон Төрийн хэмнэлтийн тухай хуультай зөрчилдөх эсэх, мөн агентлагийн бүтэц орон тоо, цалингийн шатлал, төсвийн талаар тодруулав. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариултдаа, төмөр замын агентлагтай байна гэдэг холбогдох хуулийн заалт бий. Мөн тухайлсан агентлаггүй байсан шалтгаан нь Монгол Улс өмнө нь орос, монголын хамтарсан төмөр замтай байсан учраас энэ үүргийг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг давхар хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой гэв. Мөн Монгол Улс төр, хувийн хэвшлийн хүрээнд цөөнгүй төмөр замтай болсон тул төрөөс тэдгээр төмөр замуудын хөдөлгөөнийг нь удирдах, зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Бусад улс оронтой тэгш харилцаатай байх үүднээс "Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв" дээр суурилж байгуулагдаж буй тул төрийн бүтэц данхайх, холбогдох хуультай зөрчилдөх зэрэг ямар нэгэн дарамт үүсэхгүй хэмээн тайлбарлаж байлаа.
Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв
-
11 цаг 47 мин
-
12 цаг 11 мин
-
15 цаг 55 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин