Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сүүлийн өдрүүдэд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн барилгын компанийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар, Нутгийн буян байрнуудын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тус газар орон сууцны барилга бариулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс”, “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Хотын дарга дээрх компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрэм, журмаа чандлан баримтлахыг, тэр дагуу үйл ажиллагаа явуулбал бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлэв. Болж байна хотын дарга аа... сайн байна. Баяр хүргэе.
Гэхдээ асуудал барилгын компаниудад бус таны удирдлага доор байдаг агентлагийн дарга нарт байна. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын дарга бөгөөд нийслэлийн ерөнхий архитехтор Ц.Тулга, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналь зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нарт их асуудал байна.
АСУУДАЛ НЭГ: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын дарга бөгөөд нийслэлийн ерөнхий архитехтор Ц.Тулга: Энэ хүнд гол учир бий. Учир нь хуулиараа Улаанбаатар хотод баригдах төрийн, хувийн бүх төрлийн барилга барих хамгийн анхны зөвшөөрлийг энэ хүн гарын үзэг зурж олгодог. Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийслэлийн хэмжээнд Хот байгуулалтыг газар, орон зайн төлөвлөлт, дахин төлөвлөлт, мэдээлэл болон барилгын зөвшөөрөл, хяналтаар хэрэгжүүлэгч байгууллага. Тэгээд боддоо. Асуудлыг нэг их хүндрүүлээд бусдаас хайгаад байх шаардлага танд алга, Д.Сумъяабазар дарга аа!! Зөвшөөрөлгүй барилга яагаад баригдаад байгааг та наад Ц.Тулга даргаасаа л асуу... Яаж зөвшөөрөл өгч, түүнийгээ яаж хянадаг вэ гэдгийг наад хүн чинь сайн мэдэж байгаа.
АСУУДАЛ ХОЁР: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам: Улаанбаатар хотод баригдсан бүх барилгыг улсын комиссод буюу ашиглалтад хүлээж авах комиссийн даргаар ажилладаг. Хотын стандартыг боловсруулан нэвтрүүлж хэрэгжилтийг хангуулах замаар байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангах гол ажлыг хариуцдаг. Гэсэн ч өнөөдөр яагаад стандартын бус барилгууд ашиглалтад ороод байна вэ гэдгийг хатагтай С.Төмөрдуламаас асуувал хотын дарга танд хэлээд өгнө.
БАРИМТ: “МОН-АРНА” ХХК-ийн “Тэнүүн-5” орон сууцны барилга 2020 оны сүүлчээр ашиглалтад орсон. Гэтэл уг барилга нь Монол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Барилгын тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчихөөс гадна, Улаанбаатар хотод мөрдөгдөх барилгын стандартад нийцээгүй.
Тодруулбал, Уг барилга нь өөрийн гэсэн авто зогсоолгүй, оршин суугчдад зориулсан явган хүний гарцгүй, хүүхдүүдийн тоглоомын талбайгүй, өмнө нь зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан зэрэг алдаа гаргаж байсан нь тогтоогдсон. Гэтэл энэ барилгыг улсын комиссод хүлээгээд авчихсан. Стандартын нормо дүрэм зөрччихсөн барилгыг улсын комиссод хүлээж авах нь ёс зүйтэй үйлдэл мөн үү...
Эрхэм хотын дарга аа!! Чанартай барилга, зөв стандарт нэвтрүүлчих гээд хичээж байгаа таны оролдлого санааг ойлгож байна. Гэхдээ таны чин сэтгэлийг наад дарга нар чинь ойлгохгүй, унагаад байна шүү дээ!!!
-
9 цаг 50 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин