Аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Тэрээр,  “Миний бие аймгийн Засаг даргаар ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, Засаг даргын албан үүргийг хуулийн дагуу чин шударгаар хэрэгжүүлж, “Алсын хараа-2050” урт хугацааны болон “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн сонгуульд оролцохдоо  аймгийн МАН-аас дэвшүүлсэн “Хөгжлийн илгээлт-50” хөтөлбөрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж,  хуулийн хугацаанд батлуулна. 

Ингэхдээ  гол зорилтоо “Хүний хөгжил”-д чиглүүлж Орхон аймаг, Эрдэнэт хотын доторх авто замын шинэчлэлтийг цогцоор нь иж бүрэн шинэчилж, сайжруулах, цагаан тоосноос салах, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг эрс сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, цахимжилтыг иргэдэд хүргэх, аймгийнхаа нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тогтвортой өсгөж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлэв. 

Мөн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр иргэдийнхээ саналд тулгуурлан, удирдлагын дэвшилттэй арга барил, аливаа ажлын зөв төлөвлөлт, явцын хяналтыг илүүд үзэж, хийж бүтээх үр дүнг чухалчлах зарчмыг баримтална гэлээ. 

Аравдугаар сарын 21-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 51.3 хувийн саналаар аймгийн Засаг даргад  Б.Зоригтбаярын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилсан билээ. 

Үүний дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар Б.Зоригтбаярыг  батламжилсан юм. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.81.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.