Д.Өнөрболор: Монголчууд бидэнд төлөвлөлт, сахилга бат, хариуцлага ус агаар мэт хэрэгтэй байна
Үйл явдал
/
2021-05-05

ГИШҮҮНИЙ ЭРХ НЬ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙТЭЙГЭЭ ПАРАЛЛЕЛЬ БАЙВАЛ САЙН

 

-Өнгөрсөн долоо хоногт Та Олон улсын парламентын холбооны хуралд Монголын парламентыг төлөөлж оролцсон гэж байсан. Хурлын сонин сайхнаас хуваалцвал?


-Олон Улсын Парламентын Холбоо нь дэлхийн 171 орны парламентыг нэгтгэсэн томоохон байгууллага. Холбооны үйл ажиллагаанд Монгол Улс маш идэвхитэй оролцож ирсэн. Тавдугаар сарын 24~27-ны өдрүүдэд ОУПХ-ны 142 дугаар ээлжит чуулган цахим хэлбэрээр болно. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын Хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум, залуу парламентчдын форум зэрэг цахим хурлуудыг 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өргөн цар хүрээтэй зохион байгуулж эхлээд байна.

Миний хувьд ОУПХ-ны тогтвортой хөгжлийн байнгын хороо, НҮБ-ын асуудлаарх байнгын хороотой хамтарсан хуралдаанд “Нийтийн сайн сайхны төлөөх вакцины хүртээмж” асуудлаар Монголын парламентаа төлөөлж оролцлоо.

Юуны өмнө манай улс энэ хүнд үед ДЭМБ болон КОВАКС хөтөлбөрөөр дамжуулаад хүн амынхаа 30 орчим хувийг вакцинжуулж чадсан. Энэ бол амжилт. Энэ завшааныг тохиолдуулан КОВАКС хөтөлбөрийн хандивлагч орнууд болон Олон улсын байгууллагуудад талархал илэрхийлсэн. Мөн цар тахлын үед дан ганц манай улс ч биш дэлхий нийтэд тодорхойгүй байгаа хариулт хүлээсэн асуудлууд олон байна. Заримаас нь асууж ярилцлаа. Ялангуяа вакцины чанар, үйлчлэлийн хугацаа, үр дүн, вакцинжуулалтаас үүдэлтэй үр дагавар, хүртээмжийн талаар тодруулсан.

Дараагийн асуудал нь манай улс ДЭМБ-ын бүсийн төлөөлөгчийн газартай хамтраад Ази Номхон Далайн орнуудын Парламентын гишүүн орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулагч улс болсон учраас цаашид нөхцөл байдал сайжирмагц чуулганыг зохион байгуулбал энэ үеэр бүс нутгийн парламентын гишүүд, эдийн засгийн сэргэлттэй холбоотой, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар, вакцин тойрсон асуудлаар яриа хэлцэл, хэлэлцүүлэг, хууль эрх зүйн болон хамтын ажиллагаагаа олон талаар бэхжүүлсэн уулзалт болно гэж найдаж байна.

 

-Та найм дахь удаагийн парламентад анх удаа сонгогдсон 32 гишүүний нэг болсон шүү дээ. Ард түмний сонголт, итгэлийг хэрхэн хүлээн авав?

-Сэлэнгэ нутгийнхаа ард иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хүн ер нь ажилд ч амьдралд ч эхлэл төгсгөл хоёртоо үнэнч явах ёстой. Ялангуяа түмнийг төлөөлж байгаа улс төрчид хэлсэн үг, үйлдэлдээ эзэн нь болж явах чухал. Би Сэлэнгэд төрж, хүүхэд насаа ч тэнд өнгөрөөсөн. Нутаг орноо мэдэхийн зэрэгцээ Сэлэнгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаад бас тодорхой хугацаа өнгөрчээ. Гэнэт л нэр дэвшээд гарч ирсэн хэрэг биш болохоор өмнө нь хийж байсан болон цаашид хийх ажил минь тодорхой, цаг хугацаандаа боловсрогдож эхлээд явж байна даа.

 

-УИХ-ын гишүүний цаасан дээрх бүрэн эрх, үүрэг болон бодит байдал хоёр ямар байна вэ?

-УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрхээс гадна хуулиар тогтоосон үүргийг л илүүтэй онцолмоор байна. Бид ард түмний элч, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих үүрэгтэй. Үйл ажиллагаандаа нийт иргэд, улс орныхоо эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Үүнийг умартаж болохгүй. Би ийм л зорилго, бодол, чигээр ажиллахыг зорьж байна.

Гишүүний бүрэн эрх, бусад эрх нь хүлээх хариуцлага, ёс зүйтэйгээ параллель байвал сайн. Цаасан дээр бүрэн эрх, бусад эрхээр бид хангалттай хангагдсан, харин үүнийгээ бодит байдал дээр өөрсдөө чанд мөрдөж үүргээ ухамсарлахын зэрэгцээ биелүүлж ажиллах чухал.

“Эрх мэдлийн цорын ганц үүрэг бол хүмүүсийн нийгмийн сайн сайхныг баталгаатай болгох явдал” гэж Бенжамен Дисрайл хэлсэн байдаг. Эрх мэдэл бол ямба биш хүмүүсийн сайн сайхны төлөө зүтгэх нь л УИХ-ын гишүүний хамгийн том үүрэг.

Нөгөө талаар манайд оюун сэтгэлгээний үйлдвэрлэл дутагдаж байна. Бидэнд тухайн цаг үед үндэслэлтэй, зохистой, үр ашигтай шийдэл гаргадаг арга барилын механизм дутагдалтай, энэ чиглэлээр өөрчлөлт хийх цаг болсон. Соён гэгээрэл хаа сайгүй хэрэгтэй байна.

Манай улсын гадаад дотоод бодлогод ялангуяа цар тахлын хямралын үед think tank судалгаа, ийм бодлого, сэтгэлгээ их үгүйлэгдэж байна. Гадаад, дотоод бодлогод шинэ сэтгэлгээ нэвтрүүлэх, ажлын шинэ арга барилаар ажиллах зайлшгүй шаардлагатай нь харагддаг. Бид нэг хэв маягт баригдаж, уламжлалт бус өвөрмөц сэтгэлгээ үгүйлэгдэж, боловсруулж гаргаж байгаа баримт бичиг өвөрмөц шийдэлтэй, амьдрал дээр хэрэгжиж, нөхцөл байдлыг эрс өөрчлөх магадлалтай, чадвартай байх ёстой юм. Тиймээс think tank судалгаа хийдэг байгууллагуудыг өргөн дэмжих ёстой гэж би үздэг. Энэ чиглэлээр бас санаачилгатай ажиллах цаг болсон. Энэ бол үүрэг бас хариуцлага.

 

ЦЭЛ ЗАЛУУ НАСНААСАА БИЗНЕСТ ХӨЛ ТАВЬЖ ХАТУУ ХҮТҮҮГ АМСАЖ, ХӨЛӨӨ ОЛТЛОО ЗҮТГЭСЭН

 

-Бизнесийн салбараас улс төрд орох болсон шалтгаан нь юу байв. Юуг хэрхэн өөрчлөхөөр та улс төрд хүч үзэж байна вэ?

-Би цэл залуу наснаасаа бизнесийн ертөнцөд хөл тавьж хатуу хүтүүг амсаж, бизнесийн орчинд хөлөө олтлоо зүтгэсэн хүн. Эргээд харахад Монгол Улсад бизнесийн салбар хэрхэн хөлөө олж, өсч өндийсэн бэ гэдэг түүхтэй мөн адил холбогдож байдаг. Би энэ ажлаасаа тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, хурдтай хөдөлмөрлөж, хүнтэй ажиллаж, төр улсдаа татвараа төлж, хүмүүсийн аж амьдралыг нуруундаа үүрч, бизнесийн ашиг орлогыг ч бас олж гэх мэт бусдын л адил ийм орчин дунд өнгөрсөн.

Энэ бүхнээс, энэ он жилүүдээс надад цагийн менежмент, чанарын менежмент, зорьсондоо хүрэхийн төлөөх хичээл зүтгэл гэдэг юм хангалттай суусан гэж боддог. Энэ туршлага ямар ч салбарт ажиллахад боломжтой дадал хэвшил юм. Улс төрийн салбарт ч мөн адил. Тиймээс улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг шинэ шатанд гаргамаар байна.

Олон улсын Вoston Consulting Group-ийн шинжээчид эмэгтэйчүүдийг эрчүүдтэй эн тэнцүү бизнес эрхлэх ажилд татан оролцуулах нь дэлхийн ДНБ-ий өсөлтийг 3~6 хувиар, нийт эдийн засгийг 2.5~5 их наяд ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой тухай 2019 оны судалгаанд тооцоолсон.

Бизнесийн салбараас гарч ирсэн, эрчүүдтэй эн тэнцүү хөдөлмөрлөж, барилгын салбарт олон жил ажилласан болохоор тэр үү зарим зүйл дээр жендэрийн асуудлыг хэт дөвийлгөх нь эсрэгээрээ эмэгтэйчүүдийг улбагар сулхан, хүчгүй харагдуулах, нийгэмд хөөрхийлүүлэх сэдлийг бий болгоод байна уу даа гэж боддог.

Нөгөө талаар улс төрийн амьдралд олон жил явсан эмэгтэй улс төрчид зөвхөн жендэрийн тэгш эрх, квот ярьсаар идэвхитэй ажиллах он жилүүдээ өнгөрөөж байгаа нь нэг ёсны харамсалтай санагддаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Дэлхийн эдийн засагт 5 их наяд хүртэл ам.долларыг нэмэгдүүлэх боломж эмэгтэйчүүд бидэнд байна шүү дээ. Өнөөдөр эмэгтэйчүүд улс төр, бизнесийн салбарт хүчирхэг болж, чухал үүрэг гүйцэтгэж байна. Харин дэлхийн бүх парламентын гишүүдийн 89 хувь нь эрэгтэй, 11 хувь нь эмэгтэйчүүд байна.

Манайх 2016 оноос өмнөх сонгуулиудад эмэгтэй гишүүд 10 хүрэхгүй тоогоор сонгогдож байсан бол 2020 онд 129 эмэгтэй нэр дэвшигчээс 13 эмэгтэй гишүүн УИХ-д сонгогдсон.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг, авилгын түвшин буурдаг гэж үздэг ч одоогоор эмэгтэй улс төрчдийн хувьд энэ чиглэлээрх манлайлал төдийлөн сайн биш байна.

Үүнийг сайжруулахын тулд эрэгтэйчүүдээс илүү хөдөлмөрлөх, эмэгтэй хүний нухацтай нямбай, шударга, уйгагүй шаргуу зүтгэлийг харуулж, эмэгтэйчүүд өөрсдөө бие биенээ дэмжиж ажиллах нь чухал. Ирж яваа цагт ирж яваа цагийн дууг дуулах хэрэгтэй.

 


ХАВРЫН ТАРИАЛАЛТАД АНХААРАЛ ХАНДУУЛАХГҮЙ БОЛ НАМАР ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ

-УИХ-ын гишүүнээр ажиллаад жилийн хугацаа болох гэж байна. Бүрэн эрхийн хугацааны 1/4-өнгөрч. Энэ хугацааг эргээд харвал.

-Жил орчмын хугацаанд УИХ-ын 3 удаагийн чуулганд хууль тогтоогчийн нэр хүндтэй бас хариуцлагатай ажилд оролцлоо. Анх удаа сонгогдон ажиллаж байгаа хүний хувьд хууль тогтоох үйл ажиллагааны талаар хугацаа зарцуулж мэдэх, танилцах зүйлүүд байлаа. Гэлээ гээд би шинэ хүн гээд байж болохгүй тул түргэн хугацаанд их зүйл унших, хуулийн олон төсөл, шийдвэрүүдийн төсөлтэй танилцах, тэдгээрийн талаарх санал дүгнэлтүүдийг судлах, өөрийн байр сууриа байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд илэрхийлэх, санал гаргах, тойргийн иргэд сонгогчдын ирүүлсэн санал, хүсэлтүүдийг хууль хэлэлцэх үеэр тусгуулах гээд нэлээд ажлуудыг хийж байна. Парламент олонхийн саналаар асуудлаа шийддэг болохоор олонхийн дэмжлэг авч чадаагүй саналууд ч байна, тусгуулж шийдүүлсэн ажлууд ч байна.

Яг хүмүүсийн нүдэн дээр ил гарч харагддаг нь цөөхөн ч УИХ-ын гишүүдийн хувьд цаана нь бас их цаг зав зарцуулах ажил олон байдаг. Байнгын хороодын хуралдаан, ажлын хэсэгт орж ажиллах, Засгийн газар болон яамдын мэдээллийг сонсох, сайд нарт асуулт, асуулга тавих, мэдээлэл авах, эдгээртэй холбоотой шаардлагатай төрийн байгууллага, албан тушаалтантай очиж уулзан санал солилцох, иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдолтой танилцан шийдвэрлэх гээд хууль тогтоогчийн ажлын хүрээ өргөн.

Жилийн хугацаанд тойргийн болон цаг үеийн асуудлаар Засгийн газрын 7 яамны сайдтай биечлэн уулзалт хийсэн, зарим сайд нартай 3-аас дээш удаа уулзсан, Засгийн газрын нэр бүхий сайд нарт хандан 3 асуулт, 1 асуулга тавьсан, гурван ч ажлын хэсэгт орж ажиллаж байна гээд үйл явдлын олон статистик гарахаар байна.

Сүүлд гэхэд, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутгаас ирсэн саналуудыг нэгтгэн хэлэлцүүлгийн шатанд санал бодлоо илэрхийлж, холбогдох хуралдаануудад саналаа хүргүүллээ.

Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлчлэлийн хугацаа сунгах хэлэлцүүлгийн үед судалгаанд суурилсан саналуудыг ажлын хэсэгт өгч, Монгол Улсын сайд, УОК-ын даргад Солонгос улсын энэ талаар хийж буй ажлуудын талаар мэдээлэл, лавлагааны товхимол бэлтгэн хүргүүлсэн нь цар тахалтай тэмцэж буй чухал үед тодорхой хувь нэмэр оруулсан гэж бодож байна. "COVID-19" халдвартай тэмцэхэд зориулж "Сөүл" компанийн хамт олон БНСУ-ын "Seegene" компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн 1000 ширхэг “2019-nCoV Assay” оношлуурыг Засгийн газарт хандивлаж байлаа.

Саяхан энэ 7 хоногт УИХ-ын гишүүн нөхдийнхөө хамт нэгэн шинэ үйл явдлыг эхлүүлж цар тахлын хүнд нөхцөлд жил гаруй хугацаанд асар их ачаалалтай ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтнууддаа тэдний эрүүл мэндийг хамгаалахад зориулж МОНГОЛЫН АРД ИРГЭДЭЭ төлөөлөн “Эмч эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа” аяныг санаачлан “Эника органик импекс” компанийн нэрийн бүтээгдэхүүн болох чацаргана, бүх төрлийн жимс жимсгэнэ, самар, маалингын үр зэрэг олон төрөл зүйлийн 100% органик эрүүл хүнс тэжээлийн нэгдлүүдээс 29 мянган ширхгийг үнэгүй хандивласан нь цаг үеэ олсон сайхан үйл явдал болоо.

 

-Хаврын тариалалтын хугацаа богино тул энэ тал дээр шуурхайлан ажиллах ёстой талаар ярьж байсан?

-Ковид гээд бусад ажилдаа зохион байгуулалтын алдаа гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ирэх намар өвлийн цагт идэх хүнстэй байхын тулд бид цаг хугацаа алдалгүй тариаланчид, ногоочдоо ажиллах боломж нөхцөлөөр хангах шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх тал дээр дуу хоолойгоо хүргээд явж байна. УИХ-ын гишүүний хувиар тариаланчид ногоочдыг эхний ээлжид түргэн шуурхай вакцинжуулах тал дээр саналаа Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд нарт хүргүүлсний дагуу саналыг нааштайгаар хүлээн авч дөрөвдүгээр сарын 2-нд Монгол Улсад 300 мянган тун вакцин орж ирснээс Сэлэнгэд 15,000 тун вакцин хүргэгдэж дархлаажуулах ажил хийгдэж эхэлсэн ба үүнд манай Сэлэнгэчүүд идэвхитэй оролцсон.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр УИХ-ын үйл ажиллагаа ч цахим хэлбэрт шилжиж, иргэд сонгогчидтойгоо биечлэн уулзах боломж хомс байлаа. Тиймээс хийсэн ажлынхаа талаар цахим мэдээлэл болгож иргэд, сонгогчдодоо тухай бүр нь хүргэж ирсэн. Ийм тийм зүйл хийсэн гэж рекламдахдаа гол нь биш, хууль тогтоогч иргэд сонгогчдын өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал гэж би боддог.

Өнгөрсөн хугацаанд улсын төсөв батлагдах явцад тойрогтоо хөрөнгө хуваарилуулах, бүтээн байгуулалтын ажлуудыг явуулах, цар тахлын үед иргэддээ нэн хэрэгцээтэй зүйлүүдээр нь тусалж дэмжихэд Засгийн газар, яам, агентлагийн үйл ажиллагааг чиглүүлэн шийдвэрлэхэд голлон анхаарч ажиллалаа.

Эргээд харвал хийж хэрэгжүүлсэн ажлууд ч цөөн биш, үргэлжлүүлэн анхаарч цаашид хөөцөлдөх ажлууд ч бас хүлээж байна.

 

-Тухайлбал?

-Монголчуудын хүнсний хангамжийн асуудалд Сэлэнгэчүүдийн хувь нэмэр, хүч хөдөлмөр маш чухал нөлөөтэй. Үүнтэй холбоотойгоор салбарын сайдтай зохион байгуулалт бэлтгэл ажлын талаар санал солилцож ажиллаж байна. УИХ-ын гишүүний хувиар хийж хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Сэлэнгэ аймагт хийгдэхээр болсон.

Мөн миний санаачилгаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төвийг Сэлэнгийн гол зүрхэн хэсэг буюу Мандал, Баянгол сум орчмын байршилд барихаар болсон ба зураг төслийн ажил хийгдээд явж байна. Энэхүү төв ашиглалтад орсноор Сэлэнгэчүүд шиг бүтээлч хөдөлмөрч ард түмэнд ихээхэн ач холбогдолтой. Экспортын зах зээлд гарах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ төвлөрөх боломж бий болно. Ганц нэгээрээ ижил төстэй бүтээгдэхүүн хийж буй бүх хүмүүс нэгдээд Сэлэнгийн гэх тодотголтой брэнд бий болгоё гэж зорьж байна.

Мөн Сэлэнгэ аймагт хүнсний ногооны агуулах хэрэгцээтэй байгаа тул үүнийг ХХААХҮЯ-ны удирдлагуудтай ярилцаад 13,000 тонн бүхий хүчин чадалтай хүнсний томоохон агуулах барих ажил эхлээд явж байна. Ногоочдын маш олон жил ярьж, хүлээсэн ажил хэрэгжихээр болсон. Мөн Сэлэнгэд газар тариалангийн үйлдвэрлэлийг усалгаатай болгох үүднээс хоёр суманд усалгааны иж бүрэн системтэй болгоно. Үүнийг зохион байгуулах, анхаарал хандуулж, эрчимжүүлэхэд анхаарч байна.

Үүний хажуугаар Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Цардуулын үйлдвэр барина. Учир нь ногоочид төмсний илүүдэлтэй нүүр тулдаг агуулах сав байхгүй зовлон байдаг. Тиймээс ногоочдыг дэмжих үүднээс Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ногоочдын нөхөрлөл байгуулахаар ажиллаж байна. Эрчимжсэн мал аж ахуйн тоог нэмэгдүүлэх зорилгоор Беларусь улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 3,000 үнээ бүхий сүүний эрчимжсэн аж ахуйг байгуулахаар төлөвлөж байна.

Сэлэнгэчүүд зөвхөн үйлдвэрлэлээ дотоодын хэрэгцээг хангах гэж харахаас илүү гадны зах зээлд гарах боломж бий гэж боддог. Сэлэнгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаагийн хувиар гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажлыг амжууллаа. БНСУ-д туршлага солилцох ажлыг амжилттай зохион байгуулсан. Одоо Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд даргын хувиар БНСУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Засгийн газрын тогтоолоор бэлчээрийн мал аж ахуйг тариалангийн бүс нутгаас гаргах шийдвэр гарсан. Судалгаагаар Сэлэнгэ аймгийн 17 сумын 44 багийн 4500 малчны 1.8 сая малыг хэрхэх тухай асуудал байна.

Уламжлалт мал аж ахуй буюу бэлчээрийн мал аж ахуй газар тариалан хоёр нэг дор байх боломжгүй. Салбарын яамнаас газар тариалан бэлчээрийн мал аж ахуй хоёрыг зааглах бодлого барьж байгаа гэж ойлгосон. Хамгийн гол нь малчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь хаа хаанаа ил тод тодорхой байх ёстой. Нэг л өдөр малчдыг шууд хөөгөөд гаргана гэсэн ойлголт байж болохгүй. Яам холбогдох газар тодорхой төлөвлөж ажиллаж байгаа гэж найдаж байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн иргэдийн ирүүлсэн 1,000 орчим санал хүсэлтийг бичгээр болон утсаар тогтмол хүлээн авч шийдвэрлээд байна. Газар тариалангийн бусад бүс нутгаас сонгогдсон 20 орчим гишүүнтэй байнгын санал солилцож, тулгамдсан асуудлуудад шийдэл эрэлхийлж ажилласаар байна.

Сүүлийн үед Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүний хувиар Монгол Улсад хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч үйлдвэрлэгчид бэлтгэн нийлүүлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, хөнгөн үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжихэд анхаарч байна.

ХХААХҮЯ-наас Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад явж байгаа үүнд анхаарч судалж, үйлдвэрлэгчдийн дуу хоолойг сонсож эхэлж байна.

Цар тахлаас болоод эдийн засаг улам л агшлаа. Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр УИХ-ын зарим гишүүнтэй хамтраад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлж, бодлогын болон үйл ажиллагааны шинэ төлөвийг бий болгохоор ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудлаар форум амжилттай зохион байгуулсан. Энэ мэтчилэн асар их ачаалалтай л ажиллаж байна даа.

 


БИД ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛЧИХВОЛ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, ИРГЭН БҮРИЙН АХУЙ АМЬДРАЛ ӨӨДЛӨН ДЭВЖИХ БОЛОМЖТОЙ

-Өсөж төрсөн газраа төлөөлөөд хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байна. Нутгийн ард түмний захиас юу байв?

-Сэлэнгэ нутгийнхаа 17 сум, 6 тосгоныг бүтэн тойрч ажиллаж байхад маш олон санал хүсэлтүүдийг иргэд тавьж байлаа. Бидэнд тусла, бидний ажил хөдөлмөрийг үнэтэй, үр дүнтэй болгоход туслаач гэсэн. Энэ захиасыг биелүүлэхийн төлөө л явж байна. Миний хувьд нэг чухал анзаарсан зүйл бол Сэлэнгэчүүдийн бусдаас онцлог давуу тал нь хөрвөх чадвар. Сэлэнгийн сум болгонд уулзсан ахмадуудын түүхээс сонсоход хөрвөх чанар гэдэг зүйл монгол хүний гойд ур чадвар юм шиг.

Атрын аян монгол эмэгтэй гэж чухам хэн болохыг тунхаглаж өгсөн юм билээ. Сангийн аж ахуйн үед ажиллаж амьдарч байсан бүсгүй хүн гэдэг талбайд гарахаараа комбайнч, хашаандаа ирэхээрээ механикч, гал тогоонд тогооч, мал дээр гарахаараа саальчин, сампин баривал нягтлан бодогч гээд чадахгүй, мэдэхгүй юмгүй байж. Бид энэ чанараа гээлгүй хадгалж үлдмээр санагдаж байсан. Сэлэнгэчүүдийнхээ унаган чадварыг үр дүнд хүргэх, зөв зохион байгуулалтаар хангах, тариаланчид ногоочдынхоо хамтаар нутаг орноо хөгжүүлэх Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн бий болгож экспортод гаргачихаад зогсож байх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Миний хувьд Сэлэнгийн ард түмэнд хэлж ярьж байсан ажлуудаа үе шаттай хэрэгжүүлэх, тариаланчид ногоочдодоо үзэсгэлэн худалдаа төдийхнөөр бус бодитой дэмжлэг үзүүлэх, зөв зохион байгуулалтад оруулах, газар тариалангийн бүс нутгаас Монголчуудын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлуудыг бодлогын хувьд сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийнхаа ард иргэд, эмэгтэйчүүдтэйгээ хамтарч хийж хэрэгжүүлэх олон ажил бий. Ганцхан жишээ хэлэхэд айл өрхүүдийн хүнсний хэрэглээ буурсан үзүүлэлттэй байна. Өрхийн орлого буурч, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, гурил, сүүн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүнсний хэрэглээ буурсан үзүүлэлттэй байна. Хүнсний нөөц айл өрх бүрт харьцангуй багасч байна.

Цэцэрлэг, сургууль хаагдсаны улмаас сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдтэй айл өрхүүдийн хүнсний хэрэглээ нэмэгдсэн. Залуу өрхүүд, өрх толгойлсон эхчүүд, малчид, хүнсний талоноор амьдарч байгаа өрхүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өвчлөлд хамгийн их эмзэг, өртөмтгий байна. Үүн дээр нэмэгдээд залуучууд нийгмийн даатгалд хамрагддаггүй, хуримтлалгүйгээс үүдэн ядууралд өртөх эрсдэл өндөр боллоо. Сэтгэл зүйн стрессийн төвшин нэмэгдэж байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна.

Тиймээс хөл хорионы энэ цаг үеийг ашиглаад Сэлэнгийн эмэгтэйчүүд дээрээ түшиглээд бид бас “Хашаанаасаа 50 саяыг” гэсэн уриатай хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн туршлага ч бий, үүнийгээ цааш үргэлжлүүлэхээр нэлээн далайцтай төсөл эхлээд явж байна. Засгийн газрын бодлого чиглэл дагуу иргэдийнхээ амьжиргааг дэмжих “Хүлэмжийн төсөл-40” төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Энэ төсөлд манай Сэлэнгэчүүд маш идэвхитэй оролцоогоо хангаж байгаад их баяртай байгаа.

-Иргэний, бизнес эрхлэгчийн нүдээр Монголын улс төр, ардчиллыг хэрхэн үнэлж байв. Эсрэгээрээ улс төрч болоод бидэнд тулгарч буй асуудлыг юу гэж тодорхойлж байна вэ?
-Монголчуудад төлөвлөлт, сахилга бат, хариуцлага, ус агаар мэт хэрэгтэй байна. Хариуцлага гэдэг үг хамгийн зөв хэмжүүр байдаг. Нийгмийн салбар бүрд, ажил мэргэжлийн талбар бүрд энэ л үг хамгийн зөв хөгжлийн дархлаа болдог. Хувь хүн хариуцлагаа ухамсарлаж, албан байгууллага хариуцлагаа хэвшүүлж, улс төрийн нам хариуцлагатай, ил тод ажиллаж, бизнесийн байгууллагууд ажил хэргээ хариуцлагатай хэрэгжүүлэх нь чөлөөт нийгмийн үндэс.

Миний хувьд хувийн хэвшлийн, тэр дундаа бүтээн байгуулалтын салбарт тасралтгүй ажиллаж ирсэн болохоор амжилттай үр бүтээлтэй байх үндсэн зарчим бол төлөвлөлт гэж хардаг. Бид өндөр хөгжилтэй улсуудын иргэдээс сэтгэлгээ боловсрол чадвар дутуу гэж ерөөсөө боддоггүй. Харин Монголчууд бид одоо байгаагаас илүү хариуцлагатай болчихвол улс орны хөгжил цаашлаад иргэн бүрийн ахуй амьдрал өөдлөн дэвжих бүрэн боломжтой. Хариуцлагатай байна гэдэг нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй хамгийн том илрэл.

Хариуцлагатай хүн асуудлыг том зургаар нь хардаг, хийх ажлаа логик дараалалтай гаргаж чаддаг, шийдлээ зөв гаргадаг, хүнтэй харьцаж асуудлаа ойлгуулж чаддаг, хамгийн гол нь чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг, ийм байсан цагт ажил урагшаа явна.

 

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧИРЭГЧ ОЮУН САНААНЫ ТӨВ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Та Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. Боловсролын салбарын шинэчлэлтийн талаар байр сууриа илэрхийлбэл?
-Боловсролын багц хууль нийгэмд өндөр хүлээлттэй байгаа хуулиудын нэг. Хуульд шинжлэх ухаан технологийн салбар нэн ялангуяа их дээд сургуулийг үйлдвэрлэл технологийн чирэгч оюун санааны төв болгох чиглэлээр ахиц дэвшил гаргахыг илүү анхаарч санал бодлоо тусгуулна.

Жишээ нь, биотехнологийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх ёстой. Учир нь улс орнууд анагаах ухаан, эм, эм бэлдмэл, вакцин, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, эрчим хүч болон хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбаруудад биотехнологийг түлхүү ашиглаж, Засгийн газрууд үндэсний бодлогодоо биотехнологийн хөгжилд илүү ач холбогдол өгч ажиллаж байна шүү дээ. Коронавирусийн цар тахлын дараах дэлхий ертөнцөд шинжлэх ухаан, аж үйлдвэр хоёрын амин холбоо улам л илүү шаардагдах тул энэ тал дээр түлхүү санал бодлоо тусгах бодолтой байна.

Боловсрол, шинжлэх ухаан бол хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал. Шинжлэх ухааны өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засагжуулах, улс орны хөгжлийн нэн тэргүүний асуудал бол шинжлэх ухаандаа мөнгө зарж, шинжлэх ухаан нь мөнгө олдог байх явдал. Үүнийг боловсронгуй болгохын төлөө ажиллана.

БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд энэ чиглэлээр асуулга тавьсан. Цар тахлын нөлөөгөөр Digital globalization улам бүр хүчээ авч байгаа нь хөгжиж байгаа орнууд энэ чиглэлээр идэвхитэй ажиллахыг шаардаж байна. АНУ-ын IDC судалгааны байгууллагын судалгаагаар дэлхийд одоогоос 3 жилийн дотор хуримтлагдсан мэдээллийн хэмжээ цар тахлын өмнөх үеийн 30 жилийн мэдээллээс хэмжээгээрээ илүү байх болно гэж үзжээ. 5 жилийн мэдээлэл өмнөх мэдээллээс 3 дахин илүү байх болно гэж үзэж байна. Энэ бүхэн хөгжиж байгаа орнуудад боловсролын ялгаа, баян хоосны ялгааг улам нэмэгдүүлнэ гэж хардаг. Тиймээс дижитал эдийн засаг төдийгүй, дижитал даяаршлын нөлөөнд бид амьдрах болж байна. Шинжлэх ухаан, боловсрол хоцрогдож бас боломгүй байна шүү.

-Улс төрийн салбарт шинэ тоглогч байж болох ч бизнесийн салбарт бол амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл шүү дээ. Бизнесийн салбарт хэрхэн хөл тавьж байв. Өнөөдрийн Сөүл группийн эхлэлийг эргэн дурсвал?
-Их сургуульд орох болоход гадаад харилцааны мэргэжил сонгоход аавын маань нөлөө ч бас байсан. Сонгосон гэхээс илүү зорьсон гэвэл илүү үнэнд нийцнэ. МУИС-ийн ОУХДС-ийг Солонгос хэл, Гадаад харилцааны мэргэжилтнээр 1996 онд дүүргэсэн. Би их сургуулийн 3-р курст байхаасаа л Монгол улсад Солонгос улстай холбоотой бүхий л албан болон албан бус солонгос хэл дээрх орчуулганд ажиллаад Монгол, Солонгосын шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан томоохон судалгааны төсөлд орчуулагчаар ажиллаж, санхүүгийн хувьд 20-хон настайдаа бүрэн биеэ даасан.

Сургууль төгсөх хавар Сөүл компанид ажиллах санал ирсэн. Надад их сургуульдаа багшаар үлдэх, ГХЯ-нд ажиллах, гадаадад магистрт суралцах гээд олон боломж байсан учраас гэрийнхэнтэйгээ нэлээд зөвлөж байж Монголдоо үлдэж ажиллахаар шийдвэрлэсэн.

Ийнхүү хувийн хэвшилд ажилласан 25 жилийн туршлагаасаа харахад бизнес гэдэг маань бүтээн байгуулах, баялаг бий болгох үйл хэрэг байдаг. Баялаг бүтээнэ гэдэг энгийн үгээр сайн бодож боловсруулсан төслийг санаж сэдээд түүнийгээ боловсронгуй болгох, хөрөнгө мөнгө татах, боловсролыг, хүний хүч чадлыг ашиглаад эргээд амьдралын баталгааг нийгэмд хөдөлмөрийн үр шимээр бий болгодог ийм нарийн цогц үйл явц. Би үүний төлөө л чармайж ирсэн.

 

-Барилгын салбарт хүч үзэж, Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд барилгын салбарын хөгжил, хэтийн төлөвийг хэрхэн үнэлж байна вэ?

-Надад барилгын салбарт ажилласан 20 жилийн туршлага бий. Төсөл хэрэгжилтийн оргил үедээ барилгын талбайд 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, амжилттай удирдаж байлаа. Социалист систем унаад шинэ нийгэм, эдийн засагт шилжих 10 жилийн хугацаанд манай улсын барилгын салбар тэг зогсолт хийчихсэн байсан үед бид энэ салбарт хөрөнгө оруулахаар зориг шулуудаж, томоохон судалгаа, зураг төслийн ажлуудаа эхэлж байлаа. Солонгос улсаас зураг төслийн, барилга архитектур, барилга угсралтын, сантехник, цахилгааны гээд бүхий л инженерүүдээ авч 2-3 жилийн хугацаатай ажиллуулахаар гэрээ хийсэн.

Нэг талаар энэ бол маш том зардал. Харин нөгөө талаар энэ бол бидний Монголын барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалт байсан юм. Монголчууд бид өнөөдөр өөрсдөө ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, дэлхийн стандартад нийцсэн маш тохилог сайн чанарын орон сууц барьж чаддаг болсон. Миний хувьд хэдийгээр барилгын инженер биш ч барилга барихын тулд яах ёстой, удирдлага зохион байгуулалтаар хангахын тулд хэрхэн ажилладаг вэ гэдэгт туршлагаараа мэргэшсэн хүн л дээ.

Мэдээж тухайн мэргэжлийг эзэмшсэн байвал давуу тал болох л байх. Гэхдээ ямар ч байгууллага институц, салбарыг удирдахад нийгмээ сайн мэдэрдэг, зах зээлээ ойлгодог дээрээс нь сайн менежер, удирдагч хүн байж л амжилтанд хүрдэг хуультай. Санхүүчээр толгойлуулсан санхүүгийн байгууллага дампуурч инженерээр удирдуулсан гоо сайхны эмнэлэг хөгжин цэцэглэсэн бодит түүхүүд бий.

Барилгын салбарын хөгжил, цаашдын хэтийн төлөвийн тухайд яривал цар тахлын дараах үе гэж яригдах түүхэн хөгжлийн он цаг ирж байна. Ажил амьдралын хувьд, гэрээсээ ажиллах, онлайн ажиллах горимд шилжсэнээр амьдрах орон сууцны хэмжээг томруулах, албан ба хувийн ажлаа алиныг нь ч хийх боломжтой цогц амьдрах орон зай, орчин хэрэгцээтэй боллоо.

Хотын хөгжлийн тухайд, галт тэрэг, автомашин, мотоцикл гэх мэт тээврийн хэрэгслийг газар доогуур холбож, замын түгжрэлээс зайлсхийж аливаа хүргэлт үйлчилгээг ч робот ашиглан газар доогуур тусгай замаар шуурхай хүргэх хэрэгцээ бий болохоор байна.

Барилга архитектурын хувьд гэрээр болон онлайнаар ажиллах, хичээллэх зэргээс шалтгаалан ханан хийцтэй хэлбэр шийдлээс орон зайг өөрчлөх боломжтой төлөвлөлт рүү буюу илүү уян хатан байдлаар ханыг зөөвөрлөж болохоор баганан хийц бүхий байгууламж болгон ашиглах хэрэгцээ шаардлагатай тулж байна.

Хашаа, балкон террасыг томруулж, ая тухтай амрах талбай болгож тохижуулах нь ямар чухал болохыг хэн хүнгүй ойлгож хүлээж авахаар боллоо.

Цахим сургалтын хэрэглээ нэмэгдсэнээр ашиглалтгүй үлдэх сургууль, сургалтын байгууламжийг өөрчилж нийтээр ашиглах ​цэцэрлэгт хүрээлэн гэх мэт амарч зугаалах орчин болгон ашигладаг үе ирэх нь цаг хугацааны л асуудал боллоо.

 


БИД ЦӨӨХҮҮЛЭЭ УЧРААС ЭВ НЭГДЭЛТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ЭНЭРЭНГҮЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙНА

-Бидний цөөхөн Монголчууд төслийн үндэсний зохицуулагч. Төслийн зохицуулагчаар ажиллахаар шийдсэн шалтгаан нь юу вэ.

-Манай төсөл бид цөөхүүлээ гэдгээ мэдэрвэл нэг ч гэсэн монгол хүн ямар их үнэ цэнэтэй болохыг ойлгох болно гэдэгт гол санаа оршиж байгаа юм .

М.Зоригт ахын санаачилсан энэхүү төслийн зорилго, туйлын хүсэл нь Монгол орноо нэг сум суурин үлдээлгүйгээр XXI зууны Монголчуудын ахуй амьдрал ба онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил, биет болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологийг ашиглан баримтжуулж цогц архив бий болгож хойч үедээ өвлүүлэн үлдээх юм.

Төслийн маань гол баатар нь монгол хүн буюу энэ цагийн монголчууд. Бид орчин цагийн Монголын түүхийг бүтээж, тэмдэглэн үлдээж байна гэсэн үг. Миний хувьд энэ түүхэн үйл явцад оролцох нь чухлаас гадна маш сонирхолтой, өгөөжтэй, үлдэцтэй, нутгийнхаа өнцөг бүрт очиж үзэх, хүн ардтайгаа дотно танилцах, өөрийгөө таниулах боломжийг олгосон сайхан төсөл болсон.

Хэдий би хүүхэд байхдаа эмээ өвөө дээрээ зуны амралтаа өнгөрөөж, энгийн малчны амьдралыг сайн мэддэг байсан ч гэлээ эргээд нутагтаа тухтай очих, Сэлэнгэ аймгийнхаа сум бүрд очиж ард иргэдийнхээ өнөөгийн бодит амьдралтай ойроос танилцах боломж олгосон төсөл болсон.

Очсон газар бүрийн хүмүүс, аж амьдрал, ахуй байдлыг бүрэн зураглан авч үлдэж, 100 жилийн дараа гэхэд түүхийн ховор материал болох контентуудыг бэлтгэсэн. Монголчууд өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэх, өөрсдийгөө илүү сайн танихад, бас дэлхий нийтэд өөрсдийгөө таниулах нь төслийн ач холбогдол өндөр юм.

 

-Аливаа шинэ эхлэл, шинэ ажил бүхэн ямар нэг чадвар, ололт эргээд сургамж өгдөг шүү дээ. Бидний цөөхөн Монголчууд үндэсний төслөөс та юу олж авав?

-Нутгийнхаа 4 улирлын гайхалтай байгаль, өнгө өнгийн үзэмжийг олж харж биширсэн. Бид бараг жил дамжин Сэлэнгэд ажилласан юм. Энэ хугацаанд аймгийнхаа өнцөг булан бүрд хүрч, улирал бүрийн өнгийг харсан. Будаа тариа шаргалтах тал, мөс хайлан хөдөлж буй Сэлэнгэ мөрөн, хаврын урь орж мал төллөх үе, зуны нялх ногооны үнэр гээд хэзээ ч мартахааргүй нутгаараа бахархах сэтгэл төрсөн. Хойд хилийн застав дээр очиж, эх орныхоо хилийн баганы хажууд зогсч байхдаа омогших, бахархах, хайрлан хамгаалах онцгой мэдрэмж төрснийг хэзээ ч марташгүй.

Сэлэнгэ аймгийнхаа 17 сум, 6 тосгоноор тойрохдоо энгийн ард иргэд, эгэл бор амьдрал юунаас ч илүү сэтгэл хөдөлгөж, хөглөж байсан. Сум сумдаар явахад амьдралтай, арчаатай, ажилсаг нутгийн хүмүүс, юм бүхний тэргүүнд явдаг манай хөдөөний эмэгтэйчүүд, нутаг нутгийн алдартан, авъяастан, хөдөлмөрийн гавъяатууд, чаддаг мэддэг зүйлсээ тултал нь хийдэг, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа ахмад настангууд гээд тоочоод байвал барагдахгүй олон сайхан хүмүүстэй уулзаж, яриаг нь сонсч, түүхэн баримт болгож бичиж үлдээхэд миний хувь нэмэр орсон гэж бодохоор сэтгэл өег байдаг.

Олон төрлийн ажил мэргэжилтэй, ололт амжилттай, туулсан амьдралтай, хуваалцах мэдлэг, туршлагатай хүмүүс нийлээд миний нутгийн дундаршгүй арвин баялаг, түүх, оюуны өв соёлыг бүтээж байгаа юм. Энэ тухай би “Миний нутгийн намар” фото зургийн альбом гаргасан. Манай Сэлэнгийн сум бүрийн иргэдийн хөрөг зургийг оруулж, нэгтгэсэн юм. Хүүхэд, хөгшчүүдийн зургийг байгаа чигээр нь элдэв маяг чимэггүй оруулсан болохоор их таалагддаг, яг бодит амьдрал, амьд зурагнууд болсон гэж боддог.

Энэ төсөлтэй хамтран ажилласнаар монголчууд бид цөөхүүлээ учраас эв нэгдэлтэй, хариуцлагатай, энэрэнгүй байх ёстой юм байна гэдэг бодол сэтгэлд минь улам батжсан. Цөөхүүлээ гэдгээ ойлгон эв нэгдэлтэй байвал, бие биеэ хүндэлж, үнэлж, хайрладаг байвал биднийг маш сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.

 

-Амжилттай яваа бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой асуудлуудад дэмжлэг, тусламж үзүүлдэг шүү дээ. Сөүл групп энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байв?

-Сөүл компани нь үйлчилгээний салбарын хажуугаар хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, Монголын талбайн теннисний спортыг бүх нийтэд дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2000 онд анх Сөүл спорт клубыг үүсгэн байгуулж, МҮСАХүрээлэн дотор Сөүл рестораны дэргэд анх удаа Монголд одоо ч ховор, олон улсын стандартад нийцэх газрын теннисний задгай талбайг өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан юм.

Гадаадад зохиогдох олон улсын тэмцээн уралдаанд Монголыг төлөөлж оролцох баг тамирчид, сонирхогчдыг илгээхэд мөн зохион байгуулахад нь тусалж ирсэн.

Спортоос гадна бид оюуны хөрөнгө оруулалт бас хийж ирсэн байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Сөүл ирээдүй соёлын сан”, “Болор ирээдүй хүний хөгжлийн сан” ТТБ-уудыг байгуулан ажиллаж ирсэн. Энэ ТББ –ууд Монголын хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүжүүлж ирсэн.

Хүүхэд залуусын оюуны цар хүрээг тэлэхийн төлөө нийгэм, соёл шинжлэх ухааны дэлхийд бестселлер номнуудыг монгол хэлнээ орчуулуулан хэвлүүлж залуучууддаа хүргэж ирснээс гадна номнуудаа их, дээд сургуулийн болон нийтийн номын сангуудад, түүнчлэн эрдэмтэн судлаачдад үнэ төлбөргүй түгээж ирлээ. Томоохоноос нь дурьдвал Лан Шэнь Пин “БАЯН ХЯТАД ОРОН, ЯДУУ ХЯТАД ИРГЭН”, И Ү Гуан “ЯПОН ОРНЫГ АХИН ДЭЛГЭХЭД”, Пёнь Мүвонь “БРАЗИЛ УЛС БОЛОМЖ БОЛОЛЦОО” гээд номнуудыг 2013-2015 онд хэвлүүлсэн байна.

 

-Оюутан залуусын “Болор ирээдүй хүний хөгжлийн сан”-г үүсгэн байгуулагч гэж байсан. Сангийн зорилго, алсын хараа нь юу юм бол?

-Эерэг хандлагатай, хариуцлагатай, боловсролтой иргэнийг бий болгох, тэднийг дэмжиж ажиллах, урт хугацааны тогтвортой сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан нийгмийн бүхий л хэсэгт хүрч мэргэжлийн болоод хүний хөгжлийн боловсролыг иргэдэд тогтмол олгож тууштай дэмжих гэсэн үнэт зүйл, эрхэм зорилготойгоор Болор ирээдүй хүний хөгжлийн сангаа үүсгэн байгуулсан.

Бидний цаашдын алсан хараа бол технологийн дэвшилд тулгуурлан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг бүх нийтэд хүртээмжтэйгээр зохион байгуулах, иргэдийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж нийгмийг эерэг өөрчлөлт рүү түүчээлэх зорилготой.

Сангийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан сурч хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн залуусыг дэмжих, дэлхийн шилдэг боловсролыг хүргэх зорилгоор 3 удаагийн онлайн сургалт зохион байгуулж 300 шахам оюутанд сүүлийн үед трэнд болоод байгаа дижитал эдийн засаг, санхүүгийн технологийн чиглэлээрх дэлхийн нэр хүнд бүхий их дээд сургуулиудын хичээлийг онлайн үзэх б

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.