Гэр хорооллын хогийн цэг байсан газар өнөөдөр “Уулын нуурын цэцэрлэгт хүрээлэн” болон тохижиж хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болжээ. “Уулын нуур цэцэрлэгт хүрээлэн”-г үүсгэн байгуулагч Содномсэлэнгийн Өлзийтогтох юм. 2012 оноос эхлэн хогийн цэгийг өөрөө цэвэрлэж тохижуулах ажил эхэлсэн юм. Улаанбаатар хотыг түмэн өнгөөр хослуулан харах боломжтой энэ газрын өндөрлөг цэг дээрээс харвал эргэн тойрон өөрийн суулгасан модод тус газрыг улам илүү өнгөлнө. Саяхан “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд Европын холбооны соёлын институтийн нэгдлийн санхүүжилттэй “Ногоон баатар” хэмээх томоохон төсөл хэрэгжин тус цэцэрлэгт хүрээлэн өнгө нэмж, хүмүүсийн зорин, зорин ирдэг газрыг нэг болжээ. “Наран туул-2” захаас “Уулын нуур” хүртэлх 600 метр гудамжны хашааг Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зургаараа чимэглэн дахин давтагдашгүй баримлууд туурвижээ. Ийнхүү гэр хороолол дунд оршиж буй цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатар хотод шинэхэн өнгө төрх нэмж байна. Хогийн цэгээс үүдэлтэй шинэхэн бүтээн байгуулалт болох “Уулын нуурын цэцэрлэгт хүрээлэн”-г танилцуулж байна.
“Уулын нуур цэцэрлэгт хүрээлэн”-г үүсгэн байгуулагч С.Өлзийтогтохтой ярилцлаа
-Өмнө хогийн цэг байсан газрыг яагаад цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар болсон бэ?
2012 оноос хойш анх энэ үйл ажиллагаагаа хийж байна. Яагаад хийж байна вэ... гэвэл 2005-2008 оны үед Солонгос руу гэрээгээр ажил хийхээр явсан. Тэгээд Солонгосоос ирээд гэр хороололд тоглож байгаа хүүхдүүдийг хараад сэтгэл эмзэглэж байсан. Тийм учраас өөрийнхөө зүгээс энэ асуудалд шийдэл гаргаж тохижуулъя гэсэн санаа төрж хийж эхэлсэн. Зураач хүнээр хэлбэл зураг бүтээл эхэлж байна. Цаашдаа илүү сайн зурж бүтээлээ цогцоор нь хийх зорилготой ажиллаж байна.
-Хэдэн оноос эхлэн хогийг нь цэвэрлэж үйл ажиллагаагаа явуулж эхлэв
2012 оны гуравдугаар сарын сүүлээс эхлэн хогийг нь цэвэрлэж хавраас мод тарьж эхэлсэн. 2012 оны зун нуур маань борооны усаар тэжээгдэж их устай болсон болохоор өвөл нь коток ажиллуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа явуулж эхлэнгүүт хүүхдүүд ирж үйлчлүүлснээр цаашдаа улам хөгжүүлэх урам өгсөн.
-Хогийн цэг байхаас өмнө энэ газар ямар нэгэн түүхэн газар байсан уу? Энэ тал дээр судалгаа хийсэн үү?
Үндэсний архивын газар судалгаа хийгээд 1946 оноос хойш Сүхбаатарын талбай, хотын төв замын чулууны каррер байсан. Тухайн үед архивын бичигт Зүрхэн карьер, Далан давхар, Хойд карьер, Чулуун точк гэсэн нэршлээр гардаг онцлогтой газар юм.
-Цэцэрлэгт хүрээлэнд байгаа байшинд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Анх тэшүүрээ солих зориулалттай дулаахан байр барьж байсан. Гэтэл хүүхдүүд анги нийтээрээ ирж эхэлсэн болохоор байшингаа томсгож барьсан. Мөн өвлийн улиралд дулаан байраар ашиглагдаад дулааны улиралд хоосон байшин болчхоод байгаа. Цаашдаа байшингаа ямар улиралд ашиглалтад байлгах чиглэлээр сургалт зохион байгуулах бодолтой байгаа. Англи, Монгол хэлний ном 3000 мянга орчим ном хандиваар ирсэн. Мөн сэтгэн хөгжүүлэх тоглоом байгаа. ЕБС-ийн хүүхдүүдийг чөлөөт цагаар нь сурч боловсрох орчин, нөхцөлийг нь бүрдүүлэх зорилготой байна. Багшлах хүмүүс нь багшлах эрхтэй мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна.
-Эргэн тойронд хүрээлсэн уран бүтээлүүдийг ямар уран бүтээлчид урлаж бий болгосон бэ?
Мөнх-Эрдэнэ, Отгонбаяр, Энхболд, Жанцанхорлоо, Амарсайхан, Цагаанчойж, Бат-Эрдэнэ, Чинзориг гэх мэт нийт есөн уран бүтээлчид доторх уран бүтээлүүдийг урласан. Батсайхан, Энхтүвшин, Шижирбаатар нар гаднах гудамжинд бүтээлүүд хийсэн байгаа.
-Эдгээр бүтээлүүдээ ямар материал ашиглаж хийв
Байгалийн нүд бүтээлийг ойд байсан хаягдал мөчрөөр хийсэн. Мөн манай хийсэн бүтээлүүдийг харахад 40-50 хувь хаягдал материалыг ашиглаж уран бүтээл хийсэн байдаг.
-Эргэн тойрон модоор хүрээлэгдсэн байна. Эдгээр моднууд хэдэн төрлийн мод байна вэ?
20 орчим төрлийн 1000 мянга орчим мод ургаж байгаа. 2012 оны хавраас эхлэн суулгаж эхэлсэн бөгөөд хавар, намартаа тарьсаар байгаад иймэрхүү хэмжээний модтой болсон байна.
-2012 онд хогийн цэг байх үед цэвэрлэгээ хийхэд хэр их хог гарч, хэчнээн хугацаа зарцуулсан бэ?
2012 онд хур хогоо цэвэрлээд 50,70 кг шуудайгаар нийт 300 орчим шуудай хог гарсан. Харин 2009 оны үед үйл ажиллагаа явуулах гээд газрын асуудалтай байх үед хог харьцангуй байсан бөгөөд айл ер нь байдаггүй байсан. Харин 2010 оноос эхлэн эргэн тойронд нь айл бууж эхэлснээс хойш ил задгай хог их болж эхэлсэн.
-Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахдаа санхүүгийн асуудал яаж шийдвэрлэсэн бэ?
Хоёр банкны хооронд зээлээс зээлийн хооронд явж байна. Мөн аав ээжийнхээ тэтгэврийн зээлд хамрагдаж байсан бөгөөд ломбардаар бас үйлчлүүлж байсан. Гэхдээ одоо хэвлэл мэдээллийнхэн нийгэмд түгээж, олон нийтэд хүргэж байгаа учраас тусалж дэмжих гадаадын болон дотоодын байгууллагууд хандаж тодорхой хэмжээний хөрөнгө орж ирдэг. Миний хувьд өөрийн гэсэн боловсрол эзэмшээгүй бөгөөд үхэх эрмэг дээрээс хүн болсон. 1990-ээд оны амьдралыг мэддэг болохоор хүүхдүүд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх буюу сургалт маш чухал гэдгийг мэддэг.
-Таны ирээдүйн зорилго юу вэ?
Ирээдүйн зорилго бол зөндөө байгаа. одоо олон нийтэд зориулж хийж байгаа ажлаа улам өргөжин тэлнэ гэсэн зорилготой. Мөн Улаанбаатар хотын түүхтэй холбоотой Сүхбаатарын талбайн чулуу гаргаж байсан болохоор Улаанбаатар хотын ХХ зууны музейтэй болох юмсан гэсэн мөрөөдөлтэй. Гэхдээ бүтэх үгүйг мэдэхгүй байна. Хөдөө орон нутгийн хүүхэд, залуучууд хотод орж ирээд хотын төвөөр л явдаг. Харин гэр хорооллыг утаатай гэж мэдэхээс биш ийм газар байдаг гэдгийг тэр болгон мэддэггүй болохоор илүү олонд таниулж үзэж харах юмтай байгаасай гэж хүсэж байна.
-Цэцэрлэгт хүрээлэн рүү орж ирэхэд эгц доошоо эвгүй юм байна. харин тэргэнцэртэй хүмүүс үйлчлүүлэхэд яаж орж ирэх вэ? Зориулалтын зам тавьсан уу?
Төсөв мөнгөний асуудал их хүндрэлтэй байгаа. Уг нь зам тавих боломж байгаа боловч төсөв мөнгөний асуудал дээр тулгараад байгаа юм. Мөн гэр бүлээрээ ирсэн хүмүүсийн тэргэнцэртэй хүн нь үлдээд бусад нь орж ирэхийг харахад сэтгэл эмзэглэдэг.
-Нуурын ус байгалиасаа ундаргатай юу? Эсвэл хиймэл нуур юм уу?
Нүдэнд харагдах ундарга байхгүй болохоор хүмүүст байгалийн тогтоцтой гэж хэлдэггүй юм. Харин нуур маань борооны усаар тэжээгдэж түвшин нь дээшилдэг. Мөн моднуудаа хавар дөрөвдүгээр сараас наадам өнгөртөл усалдаг. Ганц 150м шаланк чирч моднуудаа усалдаг. Хадан дээр байгаа моднууд зарим нь дуранг ихтэй байдаг болохоор услахад хүндрэлтэй байдаг. Тийм учраас усалтын системтэй болох хүсэлтэй байгаа боловч чадахгүй байна.
-Хэдээс хэдэн цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
Тогтсон цаг байдаггүй. Улиралдаа тааруулаад цаг хуваарь өөрчлөгдөнө. Одоо өглөөний 9-21 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр ажилчинтай бөгөөд дахиж өөр ажилчин авах гэхээр гоё хувцастай хүрээд ирсэн хүмүүсийг хад чулууны ажил хийлгэхэд хүндрэлтэй байдаг. Мөн түүхээ хүүхэд багачууд гэлтгүй өндөр настай хүмүүс байгаа энэ үед музей байгуулах нь зөв гэж боддог. Энэ асуудал дээр төр засаг музей байгуулах ажилд минь дэмжиж туслаасай гэж хүсэж байна.
баярлалаа
Ярилцлагыг үзэхийг хүсвэл...
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин