Л.ГАНТӨМӨР: Сонгуульд ялагдсан ӨВДӨЛТӨӨ даахгүй АН-ын гомдогсод САЙД НАРАА огцруулбал огцруулна л биз. Надад УЛСЫН ЭРХ АШИГ ЧУХАЛ!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2 цаг 25 мин

Ардчилсан намын дарга, тэргүүн шадар сайд Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Ардчилсан нам сонгуульд ялагдсан тул намын дарга Л.Гантөмөр хариуцлага хүлээх ёстой гэж намын гишүүд тань мэдээлэл хийлээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

Ардчилсан нам бол шийдвэр гаргах эрх бүхий байгууллагатай институц. Дүрмийн дагуу хурал хуйгаа хийгээд явдаг нам. Бусад намаас ялгаатай нь Ардчилсан намынхан өөрийн бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлдэг, түүний ил гаргаж ярьж чаддаг. Нийслэлийн сонгуульд ялагдсан буруутанг хайгаад байна. Бид УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Ирэх сонгуулиудыг холимог тогтолцоогоор, УИХ-ын сонгуультай хамт явуулах ёстой гэдгийг саяны сонгууль харууллаа. Мөн санал хураалтыг 5 дахь өдөр явуулж болохгүй гэдгийг ойлгууллаа. Саяны орон нутгийн сонгууль баасан гарагт болсон учраас хотынхон санал өгөхөөс илүүтэй гэр бүлийнхэнтэйгээ хөдөө гадаа гарч, амралтад явсан тул ирц хүрээгүй.

АН-ынхан ч тэр, олон нийт ч тэр таныг МАН-ын барьцаанд орчихсон гэж шүүмжилж байна. Та ч үүнийг батлах шиг Засагт хамтарчихсан, тэргүүн шадар сайд боллоо шүү дээ?

Монгол Ардын намтай хамтарч МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЬЕ гээд Ардчилсан нам гурван сарын өмнө хурлаа хийгээд шийдчихсэн. Хий улстөрөө зогсоо. Монгол улсаа хөгжүүлэхгүйгээр Ардчилал байхгүй, сонгууль байхгүй, парламентын засаглал байхгүй. Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Тийм учраас Ардчилсан нам УЛСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД сонголтоо хийчихсэн. Орон нутгийн сонгуулийн дүнг хараад хийсэн сонголтоосоо ухрах зүйл манай намд байхгүй. Яагаад гэвэл олонх нь тэгж шийдсэн юм. Цаг үе нь яг ингэж таарч байна.

Намын даргын хувьд НИТХ-д дэвшсэн төлөөлөгчдөө дэмжсэнгүй гээд АЗХ-ны Ерөнхийлөгч болон Нийслэлийн намын дарга нар нь мэдээлэл хийсэн. Та намын даргын хувьд яагаад дэмжээгүй юм бэ?

Дэмжинэ гэхээрээ яана гэсэн үг юм бэ...?

Намын зарим нөхөд чинь Женко Х.Баттулгатай нийлж намын даргын албан тушаалыг авах гэж байна гэх яриа гараад байгаа. Та сонссон л байх. Юу гэж бодож байна вэ?

Яах вэ. Сонгууль бүрийн ард л ийм өвдөлт явдаг. Буруутан хайгаад л байгаа нь тэр. Бид хотынхны хандлагыг өөрсдөө сайн унших хэрэгтэй. Ардчилсан нам цаашдаа сэхээтний нам байх ёстой гэдгийг хотын ард түмэн хэллээ. Сэхээтнүүдийг намдаа элсүүлж, сэхээтнүүдээ дэмжээчээ гэж сая дүн тавилаа. Гарсан үр дүнг зөв үнэлж дүгнэдэг байх хэрэгтэй.

Та хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү...?

Ардчилсан намд одоо дарга нь муу болохоор ялагдсан гэдэг тийм ойлголт байхаа больсон. Даргаа муулдаг биш улс, ард түмнийхээ төлөө ажиллах институц болох ёстой. Улсын эрх ашиг нэгт байна гэж наадмын дараа бид өөрсдөө зарласан. Тэгээд нэг юм болохоор даргаа солино гэдэг шуум чинь яриа төдий л өнгөрнө. Засгаас сайд нараа гаргадаг тийм амархан зүйл биш. Хэн нэгнийг буруутгаж дэвсэж байж санаа нь амардаг Монголчуудын муу зан. Ардчилсан намын даргыг огцруулна гэдэг чинь нам дотор байдаг л зүйл.

Ардчилсан нам нэг цул институц болж чадсан уу..?

Ямар ч байсан бид өнгөрсөнөө бодвол хоёр тамгагүй, нэг тамгатай. Хоёр даргагүй, нэг даргатай, нэг намын байртай, УИХ-д 42 гишүүнтэй, Засаг найман сайдтай ийм нам болсон. Энэ байдал нь таалагдахгүй байгаа хэсэг бүлэг бий. Ардчилал бол олонхоороо л асуудлаа шийддэг зарчимтай.

Танай намынхан яагаад таныг эсэргүүцээд байгаа юм бол..?

Ганц манай намд ч тэр, Ардын нам дотор ч бас ӨВДӨЖ байгаа хүмүүс байна. МАН-ын зарим хүмүүс "Би их мөнгө зарж сонгуульд ялж байхад яахаараа Лу.Гантөмөр сайд болдог юм" гэсэн гомдол байгаа юм билээ. Иймэрхүү юмнууд байгаа. Гэхдээ энэ бүхнээс айгаад байлгүй, том зорилгынхоо төлөө л явах ёстой. Засгийн газарт байгаа найман сайдыг огцруулах тухай ч хөндөж мэдэхээр байна шүү дээ? Тэгвэл тэгнэ л биз дээ. Наадах чинь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эхлүүлэх хүсэлтэй хүмүүсийн хийж буй ажил. Бид нар байнга сонгуульдаад, байнга хэрүүл хийгээд ард түмнээ яах юм бэ. Иргэдийн орлого өсөж, гайгүй амьдрах нь чухал биз дээ. Эсвэл байнгын хэрүүл нь чухал уу...? Дахиад хэлье. УЛСЫН ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ гэсэн замаар л явна. Өөр сонголт байхгүй.

Баярлалаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
1
1
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.106.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.