Завхан аймгийн Отгон сумын харьяат, Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны оршин суугч иргэн Б.Цэдэнбалтай ярилцлаа.
Зуншлага сайхан уу? Ярилцлах санал хүлээж авсанд баярлалаа.
Өө сайхан зусаж байна. Энэ жил бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Ярилцлахад дургүйцэх зүйл алга.
Аль нутаг усны хүн бэ, та? Нэр алдар хэн гэдэг вэ
За би Завхан аймгийн Отгон сумын гаралтай хүн айлын ганц хүүхэд л дээ. Бага байхдаа аав ээжээсээ хагацсан. Нутгийнхаа айл хунараар байж, мал маллаж, тус болж л өссөн. 18 насандаа цэргийн албанд татагдаж Зүүнбаянд алба хаасан. Цэрэгт байхдаа зэвсгийн мэргэжил эзэмшээд халагдаж ирээд Зэвсэгт хүчний 325-р ангид мэргэжилтнээр ажиллаж байгаад өвчний улмаас армиас гарч, өнөөдрийг хүртэл гурван мөчөө тайруулан, одоо зүүн гар, дөрвөн хураатай л үлдлээ
Өвчин гэдэг хэлж ирдэггүй гэдэг. Танд эвгүй биш бол ямар өвчний улмаас гурван мөчөө тайруулсан тухайгаа хуваалцаж болох уу?
Харваас илт юм чинь юуг нь нууж, хаах вэ дээ... Цэрэгт байхад гэнэтхэн л баруун хөл өвдөөд эхэлсэн. Тэгээд болохоо байгаад эмчид үзүүлтэл хүн амд нэн ховор тохиолддог артерын судасны бөглөрөл гэдэг өвчтэй болсоноо мэдсэн. Энэ нь хүний амь наснаас хол ч дөрвөн мөчид нь нөлөөлдөг хүнд өвчин юм билээ. 1998 оноос 2014 он хүртэл мөч тайрах, туршилтын хагалгаануудад өчнөөн удаа орж байсан. Тэгээд одоо эцэстээ ийм бөөрөнхий л болж үлддэг юм байна. Ганц зүүн гараараа л амьдарч байна. Одоо энэ гараараа л ийш тийш хөдлөж, хоол ундаа хийж байна. Энэ гурван намхан сандалаар хөл хийж, өндөрлөдөг. /гурван сандал руу заав/ Гал тогооны хэсэг, ариун цэврийн өрөө орох, цонхоо онгойлгох, зурагтаа үзэх гээд өдөр тутмын юмаа бол хийчихнэ.
Заавал үе мөчийг нь тайрахгүйгээр эмчилээ хийлгэж болоогүй юу?
Тайралт гэдэг бол хамгийн сүүлийн арга л даа. Тайралтаас өмнө судасны хана хуулах, таслах гэх мэт эмчилгээ хийнэ. Би бүх л эмчилгээг нь хийлгэсэн. Эцсийн арга хэмжээг нь дуустал яваад л энэ. Тухайн үед чинь одооных шиг эм тан, тариа тийм ч элбэг байсангүй. Дандаа л мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ хийж байсан. Одоо бол сайхан болжээ. Эм, тариа нь гарчихсан. Элбэг ч олдох юм. гэхдээ л дийлэхгүй болохоор нь хагалгаанд орж байгаа залуучууд байх л юм. өрөвдмөөр, харамсаар ч юм шиг гуниг төрдөг.
Та түрүүн туршилтын хагалгаануудад ордог байсан гэж ярьсан... Яагаад туршилтын хагалгаануудад ордог байсан юм бэ?
Энэ өвчин орчин үед улам залуужаад байна. Одоо над руу ахаа яах вэ, ямар эм уух вэ, яавал дээр вэ гэж утсаар холбогддог залуучууд олон бий. Энэ залуучуудыг өөр шигээ ийм бөөрөнхий амьтан болчихоосой гэж хүсэхгүй байна. тийм учраас за наадах чинь ирээдүй хойчид, залуучуудад хэрэгтэй, тэднийг бие эрхтнийг аварч чадах юм бол ах нь туршилтаар оръё л гэдэг байсан. Гуравдугаар эмнэлгийн эмч нарын ур чадвар, мэдлэг бол хачин сайн. Гуравдугаар эмнэлгийн эмч нартаа баярлаж явдагаа энэ ярилцлагаар дамжуулж хэлье
Харамсаж байсан үе бий юу...?
Үгүй. Энэ сайхан залуучуудыг одоо амьд сэрүүн, бие нь бүтэн байгаад харин ч баярладаг.
Тан шиг ингэж гурван мөчөө тайруулсан хүн ховор байдаг байх шүү...?
Ховор ховор. Уг нь ийм бөөрөнхий дөрвөн л хүн байсан юм. Одоо Дамба хавьцаа нэг залуу бий байх. Нэг гар, нэг хөлөө тайруулсан, тэргэнцэртэй байх ёстой. Наад хоёр нь өнхөрөөд ойчсон, хөөрхий минь.
Хамаатан садан, ах дүүс байхгүй юм байна гэж ойлгосон шүү, түрүүн таны ярианаас...зөв үү?
Яг ээж ааваа бол орь ганц. Харин би чинь удам залгах нэг хүү, хоёр охинтой хүн шүү. Хүү маань Ховд аймагт гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг. Надтай байнга холбоотой, ярьдаг. Энд хоёр охин минь бий. Сургууль соёлоо төгсчихсөн, айлын гэргий, эрийн түшиг, хүүхдийн ээж болон. Хүргэчүүд, охид маань намайг нааш үүрч гадаа гаргаж салхилуулдаг юм. Болдог бол энэ хэддээ туслахсан гэж бодох л юм. Ганц гартай хүнд хийх ажил юу л олдоо аж. Байвал хийж чадна шүү дээ. Эрх биш цэргийн хүн байна. Тэвчээр заагаад хийчихнэ.
Орон дээр, сандал дээр гарахад бол төвөггүй л харагдаж байна. Одоо ер нь өвдөх өвчин бий юу?
Байхгүй ээ. Дотор эрхтэн бол зүгээр байх шүү. Тэр олон, дараалсан хагалгааг даваад гарчихсан, өдийд ингээд сууж байна гэдэг чинь эрүүл хүний шинж биз дээ...
Төр засгаас олгодог халамж, хөнгөлөлтийн мөнгө төгрөгөө авдаг биз дээ?
Авдаг авдаг. Хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гээд группийн 388 мянган төгрөг сар бүр авдаг. Дээр нь улиралд нэг удаа эмчилгээний 65 мянган төгрөг, асаргааны 80 гаруй мянган төгрөг гээд охин авдаг. Болоод л байна хөөрхий. Төр засгийн буянд.
Эмнэлэг, сувилалд хэвтэж эмчилгээ хийлгэдэг биздээ?
Над шиг хүмүүс бол ердийн эмнэлэгт хэвтэж болдоггүй. Энгийн хүмүүс, залуучууд ад үзэх маягтай юм билээ шүү. Гурван жилийн өмнө Мөнгөнгүүр эмнэлэгт хэд хоноход чанга байсан. Залуучууд шоолоод, муухай үгээр хэлээд л. Тэрнээс хойш энгийн эмнэлэгт бус сэргээн засахын эмнэлэгт л хэвтдэг болсон сүүлийн хоёр жил бол Ковидоос болж эмнэлгээр зүглэсэнгүй.
Энэ амьдарч байгаа байр чинь түрээсийн байр гэж байсан, тийм үү?
Тийм тийм. Ах нь гэрт, гэр хороололд амьдарч чадахгүй шүү дээ. Тийм учраас хүүхдүүд хөөцөлдөж байгаа сард 350 мянган төгрөг төлдөг энэ жижиж байранд оруулсан юм. Жил гаран болчихлоо.
Нийслэлийн захиргаанаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц олгож байгааг та мэдсэн үү, хөөцөлдөж үзсэн үү?
Мэднэ. Хөөцөлдөж үзсэн ч над шиг хүнд олдохгүй юм билээ. Хотын дарга нар чинь “ТАНД ӨГӨХ ҮНЭГҮЙ ОРОН СУУЦ МАНАЙД БАЙХГҮЙ” гээд тавлаж байна лээ. Би зүгээр авъя гээгүй. Төлбөр мөнгийг нь төлөөд, шимтгэл суутгалыг нь өгье л гэсэн. Би төлж чадна. Арга ядлаа гэхэд ганц гартай хүнд хийх ажил байвал хийгээд ч болтугай мөнгийг нь өгнө. Би шалгуурт нь тэнцээгүй.
Яагаад...?
Яагаад гэдгийг би биш НОК-ийнхан мэднэ. Бүртгэл нь ч, шалгаруулалт нь ч цахимаар явагдсан юм. Би уг нь материалаа бүрдүүлээд өгсөн чинь 90 –т эрэмбэлэгдсэн байсан. Дараа нь сонгон шалгаруулалт хийсэн чинь хасагдчихсан. Шалтгаан нь намайг цахимаар мэдээлээ өөрөө бүртгүүлээгүй гэдэг үндэслэл юм билээ. Би хотын дарга С.Амарсайхан, Батбаясгалан, Б.Сүхбаатар гээд холбогдох бүх хүнд өргөдөл өгөөд ч шийдэгдээгүй. Ёстой бүтэхгүй юм билээ. Би энэ төр, зэсвсэгт хүчний салбарт 25 жил ажилласан хүн шүү дээ. Тэгэхэд та ажил хийгээгүй байна гэж хэлсэн. Тэгээд ганц гараар хийх ажил байвал хэлээд өг. Би хийгээд өгье. Өмнө нь 2016 онд Сүхбаатар дүүрэгт түрээсийн орон сууц хэрэгжиж байха д нь тийшээ оръё гэхэд бас л тоогоогүй. Би төлбөр мөнгийг нь төлье гээд байгаа. Гэтэл энэ дарга цэрэг нар ҮНЭГҮЙ БАЙРАНД ОРОХ ГЭЖ БАЙНА гэж ойлгоод байгааг гайхаж байна. Би хүүхдүүддээ ачаа, дараа болмооргүй байна. Тэднийг эрүүл саруул өсгөсөнийхөө хариуг заавал авах шаардлага байхгүй л дээ... Тийм учраас түрээслээд өмчлөх орон сууцанд хармагдчихвал хэдэн хүүхэддээ үхэхдээ өвлүүлэх эд хөрөнгө нь болог л гэж бодож байна. Гэрт байх боломжгүй учраас л ингээд байгаа юм.
Одоо байгаа байрны түрээсийн хугацаа нь хэзээ дуусах юм бэ?
Уг нь ч дуусчихсан л даа. Гэхдээ эзэн нь ёстой хүн чанартай сайхан хүмүүс байдаг юм. Та төлбөр мөнгөндөө санаа зовоод яах вэ, байж л бай гэж саяхан ярьсан. Их баярласан шүү. Гэхдээ хүний байранд үнэгүй сууж болохгүй. Энэ хүмүүсийн цаана амьдрал буцлаж явьж байгаа учраас группийнхээ мөнгийг ч болов түрээсэнд нь өгье гэж шийдээд л байж байна.
Та нутагтаа очилгүй хэр удаж байна вэ?
Нэлээд удсан байна шүү. Энэ өвчин хууч намжвал заавал очино. Цаст хайрхандаа /Отгонтэнгэр/ бараалхаж, бүх зүйлээ таатгая гэж бодож байгаа.
Ярилцсанд баярлалаа.
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин