Монгол улсын хүнсний тогтвортой тогтолцооны талаар хэлэлцлээ
Үйл явдал
/
2021-07-09

“Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо сэдэвт” үндэсний хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал болон хүнсний салбарын гол төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлж, хүнс экспортлогч орон болох ёстой” гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр онцолсон бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хүнсний чанар, аюулгүй байдал, Дархан Сэлэнгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний мөшгөн баталгаажуулалтын тогтолцоо, чөлөөт үнэ, биржийн шинэчлэл, урамшууллын систем, мал эмнэлгийн үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн цахим шилжилт зэрэг хүнсний тогтвортой тогтолцоог бий болгоход шаардлагатай гол чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулсан.

 

Мөн тэрээр “Тусгаар улсын тусгаар тогтнолын баталгаа бол хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж юм. Тиймээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний найдвартай ханган нийлүүлэлт, түүний аюулгүй байдалд манай яам түлхүү анхаарч, гол бодлогоо болгож байна.  Хүнсний аюулгүй байдал гэдэг үр сортоос эхэлнэ. Үүний дараа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний мөшгөн баталгаажуулалтын системийг боловсронгуй болгож, чанарын удирдлагын тогтолцоог хангана. Энэ бүгдийг Хөдөө аж ахуйн биржийн шинэчлэлтэй уялдуулснаар Хүнсний аюулгүй байдлыг цогцоор нь харах боломж бүрдэнэ. Дээрх ажлыг хүнсний салбарын гол оролцогчид, хувийн хэвшлүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх учраас бид бүхэн нээлттэй байна” гэсэн юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн. Энэ салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна” гэж хэллээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа цар тахлын үеийн хямралыг хүнсний тогтолцоогоо илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгох хэрэгтэй гэж үздэгээ илэрхийллээ.

Хэлэлцүүлгээр хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.60.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.