Орчуулагч Г.Аким “Билигт гүүш”-ээр тодорлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-23

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын нэрэмжит МЗЭ-ийн Орчуулгын Үндэсний төвийн “БИЛИГТ ГҮҮШ” шагнал гардуулах ёслол өнгөрөгч даваа гарагт МУИС-ийн номын санд боллоо.  Ёслолд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Долгорын Цэнджав, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд М.П.Сингх, ардын уран зохиолч Тангадын Галсан, ардын багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан, эрдэмтэн зохиолч Сэндэнжавын Дулам, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Магван-Эрдэнийн Саруулдалай, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал, Норовын Гантулга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, "Утга зохиолын судлал шинжлэл" цувралын санаачлагч ерөнхий редактор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ойдовын Содномпил, орчуулагч Жамсранжавын Оюунчимэг, Чойжилын Дамдиндорж, Соёлын яамны ахлах мэргэжилтэн, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, “Соён гэгээрүүлэгч” телевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэн, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, орчуулагч Б.Магсаржав, МУИС-ийн Франц судлалын тэнхмийн дэд профессор Б.Алтангүл  нарын зочид хүрэлцэн ирсэн байв. Уралдаанд нийт 15 орчуулагчийн орос хэлнээс орчуулсан 9, англи хэлнээс хөрвүүлсэн 5, францаас буулгасан 2, хятадаас монголчилсон 1, түрк хэлнээс 1 зэрэг таван  хэлээс орчуулсан 18 бүтээл ирсэн байна. Эдгээрийг уран зохиолын төрлөөр нь ангилж үзвэл, өгүүлэгийн 3, туужийн 4, туульсын 1, шашин гүн ухааны 1, яруу найргийн 2, романы 7 бүтээл байлаа.

ТЭРГҮҮН БАЙР-ын шагнал “БИЛИГТ ГҮҮШ” цолны өргөмжлөл, цом, энгэрийн мөнгөн тэмдэг, гурван сая төгрөгийн урамшууллын эзнээр Францын зохиолч Алберт Камюгийн “ТАХАЛ” романыг орос, англи хэлнээс харьцуулан буулгасан орчуулгаараа нэрт орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Готовын Аким тодорч, Энэтхэгийн Элчин сайд П.М.Сингх шагналыг гардуулав. ДЭД БАЙР-т Францын зохиолч Прустын Марсэлийн “АЛДУУЛ ЦАГИЙН ЭРЭЛД” романыг франц хэлнээс буулгасан орчуулгаараа орчуулагч Бугат Л.Алтангэрэл шалгарч 1.2 сая төгрөгөөр шагнагдсан бол ГУТГААР БАЙР-ын шагналыг Хятадын зохиолч Үй Хуагийн ”Цусаа худалдсан тэмдэглэл” романыг хятад хэлнээс буулгасан орчуулгаараа залуу орчуулагч Мө.Батбаяр хүртэж, 800 мянган төгрөг гардлаа. ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДХҮҮНД “Хамаг залуу нас”, “Цаг мөрний эрэг дээр” яруу найргийн түүврүүд, “Турк яруу найраг” бүтээлээрээ уншигчдын танил болсон МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч Дашзэвэгийн Мөнхтөр, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, Монголын орчуулагчдын эвлэлийн Ерөнхийлөгч, нэрт орчуулагч Ононгийн Чинбаяр, “Тагтаа” паблишингийг үндэслэгч, орчуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалан, “Гэндэндарам” сангийн УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дарьсүхбаатар нар ажилласан байна. Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг цаашид энэ сайхан үйл ажиллагааг дэмжиж, арван сая төгрөгийн ивээн тэтгэлгийг улсын төсвөөс гаргуулж байх чихэнд чимэгтэй үгийг дуулгасан нь нийт дуун хөрвүүлэгч, орчуулагч нарт уран бүтээл туурвих бяцхан ч болтугай урмын хөшүүрэг болох буй заа.

Нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилтээр бий болсон, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилго бүхий “БИЛИГТ ГҮҮШ” хэмээх цол, шагналыг 2015 оноос эхлэн манай шилдэг дуун хөрвүүлэгчдэд хоёр жил тутамд олгогдож ирсэн бөгөөд энэ хугацаанд ийнхүү дөрөвдэх удаагаа зохион байгуулагдсан юм. “ГЭНДЭНДАРАМ САН” энэ 2021 оноос эхлэн цаашид МЗЭ-тэй хамтран ажиллахаар шийдвэрлэж, тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын Үндэсний Төвийн шагнал болгохоор тогтсон байна. Англи хэлний профессор Ж.Гэндэндарам нь 1929 онд Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул хүн бөгөөд тэрбээр Энэтхэг улсын хинди хэлнээс 29 ном зохиол, англи хэлнээс 11 ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, Монголын зохиолчдын 31 бүтээлийг англи хэлэнд орчуулж хэвлүүлжээ. Нэрт дуун хөрвүүлэгч, их гүүш маань хинди хэлнээс “Абаха”, “Ядуугийн зовлон”, “Таван сургамж”, “Нүгэл буян”, “Шрираамачандраан тууж оршвой”, “Их дайн”, “Номын мөр” зэрэг 17 ном, англи хэлнээс “Монголын байлдан дагуулын түүх”, “Их замын өчиг”, “Нүдээ нээгтүн”, “Махаамаяа”, Америкийн их зохиолч Эдгар Аллан По-гийн “Хар муур” зэрэг арваад ном орчуулж, өөрөө арав гаруй ном бүтээл туурвисан бичгийн их хүмүүн билээ.

Л.Батцэнгэл

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.