Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиудад ажиллав
Д.Оюунболд
Үйл явдал
/
4 цаг 26 мин

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, ажлын албаны хамт өнөөдөр /2025.04.23/ зарим их сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр эхлээд Хөдөө аж ахуйн их сургуульд очиход тус сургуулийн захирал Д.Гүрбазар, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох болон холбогдох албаны төлөөлөл хүлээн авч уулзан, сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, сургалтын талаар баримтлах бодлогоо танилцууллаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын 16 чиглэлийн 620 зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцав.

Мал аж ахуйн үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэлтийг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зах зээлд гаргах, хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой гарааны бизнес эрхлэгчдийн хөтөлбөрт таван компани шалгарч үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар дурдаж байлаа.  Түүнчлэн эрдэм шинжилгээ, инновацын бодлого, хөгжүүлэлт, технологийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи дамжуулах төвийн талаар мөн инновацын хууль, мэдээллийн технологийн хуулийн хэрэгжилтийн талаар санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, харилцан санал солилцов.

Дараа нь Байнгын хорооны дарга Ж.Золжаргал Шинжлэх ухаан, технологийн их сургуульд очлоо.

Энэ үеэр тус их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Р.Бадмаанямбуу болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзан, эрдэм шинжилгээ, инновацын бодлого, хөгжүүлэлт, технологийн бүтээгдэхүүн, дижитал шилжилт, инновацын хууль, мэдээллийн технологийн хууль, шинжлэх ухаан, технологийн хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр тус сургуулийн холбогдох албан тушаалтнууд Инновацын тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах, инновацын хүний нөөцийг чадавхижуулах, санхүүжилтийн хүртээмжгүй байдал, инновацын орчин зэрэг тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

Уулзалтын дараа Байнгын хорооны дарга тус их сургуулийн цахим номын сан болон MUST HUB хамтын оффис (Co-working space)-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.110.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.