Оросын уран зургийн академийн ерөнхийлөгч, ОХУ-ын баатар, ардын зураач, ЮНЕСКО-ийн сайн санааны элч алдарт Церетелийн бүтээлүүдийг дэлгэнэ
Үйл явдал
/
2022-04-20
Дэлхийн алдарт зураач, монументалист Зураб Константинович
Церетелигийн бүтээлүүдээр Монголд дэглэсэн “Далд шидэт реализм" зураасан зургийн үзэсгэлэнгийн нээлт маргааш 2022 оны 04 сарын 19-ний 14:00 цагт болох гэж байна.

Цар тахлын хатуу хөл хориотой үед манай захирал, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев,

Монгол Улсаас ОХУ-д томилогдсон Соёлын Элч Х.Дамдинсүрэн ах хоёр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах талаар санаа бодлоо чилээн суусан нь тун саяхан санагдах. Тэд хийж чадлаа.

Уг үзэсгэлэнгийн зүй ёсны кураторууд болох хоёр эрхэмд талархал илэрхийлье ээ!

"Церетелид айдас гэж үгүй. Тэр юунаас ч айдаггүй. Учир нь тэр хэтэрхий авьяастай. Тэр зорилго болон жанрын хэм хэмжээнд захирагдаж баригддаггүй. Түүний бүтээлүүд дундаас импрессионизмаас поп-арт, кубизм хүртэлх, натюрморт, пейзажаас ньюд-хөрөг зураг хүртэл бүгдийг нь олж болно. Тэр хичнээн бүтээл туурвиснаа өөрөө ч мэддэггүй, тоолдоггүй: таван мянга, зургаан мянга....тэр зургаа худалдаалдаггүй, өөрийгөө "их харамч хүн" гэх....Гэтэл найз нөхөддөө натюрмотоо бэлэглэчихдэг шигээ улс гүрэн, хотуудад хөшөө дурсгалаа өгчихдөг зуршилтай. Дэлхийн бөмбөрцгийн хоёр талд, гурван тивд, Уругвай улсаас Япон хүртэлх уудам орон зайнд уран баримал нь танигдсан агуу монументалист Церетели!

Түүний нэр Гуржийн уран бүтээлч гэдэг ойлголтоос аль хэдийнээ хальж дэлхий даяар Оросын урлагийн суут билэгтэн болсон.

Олон зуун албан ёсны цол шагналынх нь дотор түүнд "Дэлхийн иргэн" гэж нэгэн цол тэмдэг бий. Энэхүү цолыг хүн төрөлхтний түүхэнд зуу гаруйхан хүн л хүртсэн байдаг. Тэд хүн төрөлхтний хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсан юм. Сонирхуулахад, эрт дээр үеэс хэнд ч танигдаагүй байсан нэгэн гаригийг нээхдээ Церетелийн нэрээр нэрлэсэн байдаг.

Энэхүү гайхамшигт хүний зураасан зургийн үзэсгэлэнгийн нээлтээр захирал маань байхгүй байх нь тун харамсалтай....Оросын Уран зургийн Академи түүнд энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д толилуулах эрхийг итгэмжлэн олгосон юм.

Маргаашийн нээлтэд Оросын Уран зургийн Академийн тэргүүлэгч, академич, философийн ухааны доктор М.Ю.Шишин, Оросын Уран зургийн Академийн хүндэт гишүүн, Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриадын Үндэсний музейн эрхлэгч, урлаг судлаач Т.А.Бороноева нар Оросоос хүрэлцэн ирж оролцох нь.

Монголчуудад олдож буй гайхамшигтай боломж юм шүү!

Ташрамд, тус үзэсгэлэн энэ сарын 19-нөөс ирэх тавдугаар сарын 2-ныг дуустал Монголын уран зургийн галерейн гуравдугаар давхар дахь Хөх тэнхимд үнэ төлбөргүй дэлгэгдэнэ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.