“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль олон улсын стандарт хэрэгжүүлэгч байгууллага боллоо
Үйл явдал
/
2022-04-21
ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон өнөөдөр олон улсын  ISO21001:2018 боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандарт, чанарын менежментийн ISO9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардаж авлаа. Тус стандартын хэрэгжилтийн аудит, баталгаажуулалтыг төрөөс итгэмжлэгдсэн үндэсний баталгаажуулалтын “Эс Эф Си Эс” ХХК хийсэн байна. 

     “Энэхүү олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр суралцагчдын сэтгэл ханамжид анхаарахын зэрэгцээ сургалтын чанарыг дээшлүүлэх, байнгын сайжруулалт хийж, үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлэх, нэр хүнд олгох боломжийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд эдгээр стандартыг боловсролын салбарт нэвтрүүлээд удаагүй байгаа ч одоогоор өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нутагшуулж, баталгаажуулалт хийлгэсэн цөөхөн сургуулиудын нэг болж буй “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олонд баяр хүргэе. Олон улсын стандартын хамгийн чухал шаардлага нь хэрэглэгчид буюу суралцагчийн сэтгэл ханамжийг нэн түрүүнд тавьж, ажилладгаараа онцлогтой” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Ундаръяа ярилаа. 

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль чанарын менежментийн ISO9001:2015 стандартыг 2017 оноос эхлэн нэвтрүүлж, давтан аудит, баталгаажуулалт хийлгэсэн байна.  Мөн Монгол улсын хэмжээнд ISO21001:2018 боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулсан 3 дахь сургууль болж байгаа аж. Ингэснээр “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байх Эрдэнэт үйлдвэрийнхээ алсын хараанд нэгдэж, олон улсын стандартуудыг хэрэгжүүлж баталгаажуулсан нь дэлхийн жишигт хүрэх хоёр алхам боллоо, гэж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү онцлов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.