“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймагт болж байна
Үйл явдал
/
2022-04-21
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.04.19/ Баянхонгор хотноо зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал нар нээж үг хэлэхдээ “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгээр төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлох болно” гэв.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат : Эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч буй өнөө үед орон нутгийн зах зээл, худалдаа, үйлчилгээ бизнес эрхлэгчдээ хамгаалах бодлогыг аймгийн зүгээс баримтлан ажиллаж байна. Энэ хүрээндээ орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшиж буй, хайгуул болон ашиглалт явуулж буй аж ахуй нэгжүүд хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татан авалтыг тогтмол Баянхонгор аймгаас хийж байх шаардлагатай байна ” гэж яриандаа онцлон тэмдэглэв.

Зөвлөлдөх уулзалтад АМГТГ-ын ажлын хэсэг, аймгийн удирдлагууд, Сумдын Засаг дарга нар, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, бичил уурхай эрхлэгчид оролцож байна.

Зөвлөлдөх уулзалтаар УУХҮЯ-наас “Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого“, АМГТГ-аас“Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар "Уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй 2021 онд байгуулсан гэрээний хэрэгжилт, цаашид баримтлах бодлого" сэдвээр илтгэл мэдээллийг тавилаа.

Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн манай аймаг 2021 онд "Байгаль орчныг хамгаалах, уурхайг ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай" гэрээг хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж, энэ хүрээндээ 9.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, аймгийн ИТХ-ын 2021 оны 3/12 дугаар тогтоолоор баталсан төсөл, арга хэмжээнүүдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөн санхүүжүүлж ажиллажээ. Уг санхүүжилтийн 5,7 тэрбум төгрөгийг аймагт 3.2 тэрбум төгрөгийг сумдад зарцуулсан байна. Мөн 2021 онд Баянхонгор аймагт үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэдээс 624 гулдмайгаар 1.333кг алт тушаасан нь өмнөх оноос 17,5 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс АМНАТ-аас улсын төсөвт 9,9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн тухай холбогдох Монголбанкнаас мэдээллээ.

Уул уурхайхан болоод аймаг орон нутаг хоорондын бэрхшээл, хамтын ажилгааны нөхцлийг тодорхойлох, тэдний саналыг сонсох улмаар шийдэл гаргах үүднээс улсын хэмжээнд зохион байгуулж буй уг хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтаас гарсан тодорхой саналуудыг нэгтгэн уул уурхай, ашигт малтмалын салбарт баримтлах бодлогод тусгуулахаар Монгол улсын Засгийн газарт уламжлах юм гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Зөвлөлдөх уулзалт Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.220.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.