БГД-ийн Засаг даргын нэрэмжит Цэрэг-Спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээний нээлт боллоо
Үйл явдал
/
2022-04-23
Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Цэрэг-Спортын Дөл” тэмцээний нээлт өнөөдөр Хилийн цэргийн 0164 дүгээр ангид боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр болон бусад албаны хүмүүс оролцоо.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын иргэн бүр эрүүл, боловсролтой, чадавхтай, оюун ухаан, бие бялдрын хөгжил өндөртэй байх нь улс орны язгуур эрх ашиг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Засаглалын бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”-д тусгагдсан эрүүл чийрэг, эх оронч иргэнийг бэлтгэн гаргахад хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Энэхүү үүргийн хүрээнд цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101, Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчийн ивээл дор зохиогдож байгаагаараа онцлог” гээд тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчид, багш, дасгалжуулагч нарт амжилт хүссэн юм.

 

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 багийн 230 сурагч оролцож байгаа бөгөөд гэрийн даалгавар, эссе бичлэгийн уралдаан, гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаалын үзүүлэх тоглолт, марш, гүйлтийн тэмцээн  гээд урлаг, спортын 12 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.