Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан Монгол алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанд ажиллалаа
Үйл явдал
/
2022-05-14
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай өчигдөр /2022.05.12/  танилцлаа.

  Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа нь Монгол Улсын Соёлын яамны харьяа байгууллага бөгөөд Монгол Алтайн хадны зургийн цогцолборын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм.  Тус захиргаа нь албан ёсоор Баян-Өлгий аймагт 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа  явуулж, 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Дэлхийн Өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборыг 2011 онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд манай улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн хоёр дахь дурсгалт газар юм.

Энэхүү хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь нийт 11300 га талбайг эзлэн 3 хэсэг газарт оршдог. Үүнд Цэнгэл сумын нутаг Арал толгой, Шивээт хайрхан, мөн Улаанхус сумын Цагаан салаа/Бага-Ойгор хэмээх газарт буй хадны зураг хамаардаг.

Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дарга түүхийн ухааны доктор (Ph.D),  Б.Өмирбек танилцуулав.

Засаг дарга тус байгууллагад ажиллах үеэр “Баян-Өлгий аймгийг аялал жуулчлал, соёлын дөрөв дэх бүс болгон хөгжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Манай улсын аялал жуулчлалын салбарын суурь бүтээгдэхүүн нь онгон тагшин байгаль, Монголын уламжлалт соёл, ёс заншил, нүүдлийн соёл зэрэгт жуулчид хамгийн ихээр татагддаг. Хадны зургийн цогцолбор дурсгалт газар аялал жуулчлалын чухал  бүтээгдэхүүний нэг. Иймд танай байгууллага залуу боловсон  хүчнээр бүрдсэн байна. Цаашид дурсгалт газруудыг жуулчдад сурталчлан таниулах зорилгоор шинийг санаачилж, илүү бүтээлч сэтгэлгээгээр хандаж шаардлага хангасан контент, танилцуулга, нугалбар /Brochure/ бэлтгэх ажил дээр анхаарч ажиллаарай.” гэв.

 Мөн бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудтай Монгол эх орныхоо түүх, соёлоор бахархах, Эх оронч хүмүүжлийг бий болгоход онцгой ач холбогдол өгч ажиллахыг хүсэж, хамт олоны ажлын амжилт хүссэнээр танилцах уулзалт өндөрлөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.