БГД-ийн 6-р хорооны СӨХ, Орон сууцны конторууд оролцсон “Нээлттэй хэлэлцүүлэг” боллоо
Үйл явдал
/
2022-05-14
Баянгол дүүргийн 6 дугаар хорооноос өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн 18 холбоо /СӨХ/, Орон сууцны 5 контор /ОСК/ болон холбогдох албаныхныг оролцуулан “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 6 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Сүхбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Дэд бүтэц, ногоон хөгжлийн хорооны дарга Ө.Ууганжаргал, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Гүйцэтгэх захирал М.Галбаатар болон СӨХ, ОСК-ын төлөөлөл оролцож өөрсдөд тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх, сайн туршлагаа солилцох, хамтын уялдаа холбоог сайжруулах талаар  нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.  БГД-ийн 6 дугаар хороо нь орон сууцны хороолол бөгөөд үүнийг дагаад олон асуудал тулгардаг.

Тухайлбал, зарим байр нь ашиглалтад ороод удсан тул дулаан алдагдал ихтэй, дээвэр болон цахилгаан шат засварлах зайлшгүй шаардлага тулгардаг. Мөн шугам сүлжээ засварлахад хүндрэл учирдаг, гэрэлтүүлэг болон хог хаягдал их гээд асуудал их тулгардаг аж. Иймд холбогдох албаныхан болон ОСК, СӨХ-ны төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэдгийг хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Сүхбаатар онцолсон.

Дараа нь ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14 болон Орон сууц нийтийн аж ахуйн “МОНТС” ХХК-ийнхан иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгч, тулгарч буй асуудлаа танилцууллаа. Тухайлбал, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14-ийнхөн БГД-ийн 2, 5, 6, 7 дугаар хорооны 143 байрны 6247 өрх, 558 аж ахуй нэгж байгууллагыг 24 цагийн турш ус, дулаан, цахилгаанаар хангадаг. Гэвч зарим хүндрэлтэй асуудал тулгардаг. Тухайлбал, нийт шугам сүлжээний 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, орон сууцны байрны цахилгаан болон сантехникийн далд монтаж засварлахад хүндрэл гардаг, дулааны төлбөрийн асуудлаас болоод хангагч байгууллагуудад өр үүсдэг, орон сууцны байрны ерөнхий шитний гадна кабелын эзэмшлийн асуудал тулгардаг гэсэн юм.

Харин Сууц өмчлөгчдийн холбооны төлөөллүүд оршин суугчдаас хурааж байгаа нийт төлбөрийн 60 хувь нь ажилчдын нийгмийн даатгал цалинд зарцуулагддаг. Үлдсэн 40 хувийг байр, орцны урсгал засвар үйлчилгээ, сантехникийн шугам сүлжээний засварт зарцуулдаг. Иргэдээс өндөр төлбөр нэхэж чаддаггүй. Байгаа боломжид тулгуурлаж ажилладаг. Үүнийг дагаад хүндрэлтэй асуудал их тулгардаг. 6-р хороонд үйлчилгээний байгууллагууд олон байдаг бөгөөд хог хаягдал их гардаг. Мөн автомашины зогсоол хүндрэл учруулдаг гэж байсан юм. Үүнээс гадна хорооны зарим хэсэг, байруудын дундах зам, гэрэлтүүлэг муу, гэмт хэрэг гарах эрсдэл байдаг учраас камержуулалт нэмэх шаардлагатай байна гэсэн юм.   

Үүний дараа дүүргийн Засаг дарга дүүрэгт 2021 болон 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн болон хийгдэж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд “Орон сууцны контор болон СӨХ-дод тулгардаг асуудлыг сонслоо. Гэрэлтүүлэг, камержуулалт, цахилгаан шат, дээвэр засвар, дулаалгатай холбоотой гарсан тодорхой саналуудыг манай Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийнхэн анхааралдаа авсан. Орон сууцны дээвэр, цахилгаан шатны асуудлыг улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023-2024 ондоо бүрэн шийдэх зорилго тавьсан. Санхүү хөрөнгө мөнгөний хувьд шийдвэрлэж болох асуудлуудыг цаг алдалгүй шийдээд явна. Та бүхэн хариуцаж байгаа байр орон сууцанд ямар хөрөнгө оруулалт шаардлагатай талаар нарийн судалгааг гаргаж хороондоо саналаа өгөөрэй.  Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтарч дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх СӨХ-той уулзалт зохион байгуулна. Хамгийн гол нь СӨХ-д маань нэгдэж, нэг газартаа харьяалагдаж, уулзаж ярилцаж, тулгамдаж буй асуудлаа ярилцан богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллах шаардлагатай” байна гэсэн юм.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.2.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.