Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг ДТХО-аар тохижуулна
Үйл явдал
/
2022-05-18
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд тохижуулахаар болсон.  
 
 

Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэтэй хамт газар дээр нь очиж энэ асуудлаар санал солилцлоо. Холбогдох хэлтсийнхний танилцуулснаар дээрх хэсгийг засаж тохижуулахаар шалгарсан компани тохижилтын ажлын талаар хэд хэдэн зураг төсөл ирүүлсэн бөгөөд төсөв хөрөнгө багагүй зарцуулагдахаар байгаа юм. Иймээс төсөв хэмнэх үүднээс өмнө нь тавьсан хавтан, замыг нь хуулахгүйгээр засаж сайжруулах, гэрэлтүүлгийг нэмэх, иргэд чөлөөт цагаараа амарч суух сандлыг олноор байрлуулах нь зүйтэй гэлээ.   

Энэ үеэр тус хороонд амьдардаг иргэд дүүргийн Засаг даргад тохижилтын талаар өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлсэн. Үүнд 

  • “Монгол Улсын Засгийн газраас Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ гэсэн. Иргэд ч үүнийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь Гандан орчмын айлуудыг яаралтай дэд бүтцэд холбох.
  • “Аж ахуй нэгжүүд хуульд зааснаар ойр ормын 50 метр газрыг өөрсдөө засаж тохижуулах ёстой. Гандан уруудаад зам дагуу олон аж ахуй нэгж байна. Гэвч олонх нь энэ үүргээ биелүүлэхгүй байгаад анхаарал хандуулах.
  • Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг сүүлийн жилүүдэд “Баянбилэг” ХХК хариуцан арчилж байна. Энэ хэсгийн ногоон байгууламж хариуцах эзэнтэй болсноор усалгаа арчилгаа нь сайжирч ургалт нь нэмэгдсэн. Иймд эзэнгүй нийтийн эзэмшлийн талбайг эзэнжүүлэх.
  • Гандан уруудсан төв зам дагуу олон үйлчилгээний байгууллага байдаг. Гэтэл цахилгааны утас нь муудаж, хэзээ мөдгүй галын аюул гарахад бэлэн байна. Иймд анхаарал хандуулж өгнө үү гэсэн юм. 

Дүүргийн Засаг дарга иргэдийн санал хүсэлтийг сонсож, улмаар дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийнхэнд иргэдийн хүсэлтийн дагуу харьяалагдах газартай нь холбогдож яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.11.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.