Тика-ийн дэд ерөнхийлөгч ноён үмит нажи ёорулмазыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-04-23

Турк улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-ийн дэд ерөнхийлөгч ноён Үмит Нажи Ёорулмаз манай улсад айлчилж байна. Айлчлалын эхэнд манай аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй танилцана. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ТИКА-ийн дэд ерөнхийлөгч ноён Үмит Нажи Ёорулмаз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн  авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд  ноён Үмит Нажи Ёорулмаз ТИКА-ийн олон улс дахь болон Монгол дахь үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулав. ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар нь 2004 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Монгол Улсад  бүхий л салбарт 770 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан  ТИКА-ийн дэд ерөнхийлөгч ноён Үмит Нажи Ёорулмаз манай аймагт айлчилж буйд таатай байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, ТИКА  өнгөрсөн хугацаанд манай аймагт тус газраас эрүүл мэнд, боловсрол, эрүүл ахуй, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн гэдгийг онцоллоо. Мөн аймгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулж,  бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, Тика-аас Баян-Өлгий аймгийн хөгжилд үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

   Уулзалтад ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, ТИКА-гийн ХЗГ-ын дэд координатар Жэйлан Атмажа, ТИКА-гийн Монгол хариуцсан мэргэжилтэн  Өзканы Хатижэ Мүгэ, Орчуулагч Зейнелийн Бибигүл болон засаг даргын орлогч С.Хонаев, ЗДТГ-ын дарга Б.Мухамед  нар байцлаа.

     Уулзалтын дараа ТИКА-ийн дэд ерөнхийлөгч ноён Үмит Нажи Ёорулмаз Монгол Улс дахь айлчлалын хүрээнд Баян-өлгий аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй газар дээр очиж танилцлаа. Хамгийн түрүүнд 12 багт барьж байгуулсан цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, нээлтийн ёслолд оролцов.

        Цэцэрлэгийн нээлтийн ёслолд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож,   12 дугаар багийн  бага насны хүүхдүүдэд таатай орчинд чанартай суралцах боломж олгосон Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА-д баярласан талархсанаа илэрхийллээ.  Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 50 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 4 хүн ажлын байртай болжээ.

     Мөн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) Баян-Өлгий аймгийн ХХҮГ-ын харья Асрамжийн газрын дутуу баригдсан барилгыг дуусгах ажлын хүрээнд барилгын угсралтын талбай болон Өлгий сумын 3 дугаар сургуулийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд ариун цэврийн  байгууламжийн барилга угсралтын талбайд тус тус танилцлаа. Ариун Рамадан сарыг тохиолдуулан аймгийн төвийн 400 өрх болон Цэнгэл сумын 200 гаруй өрхөд хүнсний тусламж тараана. Түүнчлэн Цэнгэл сумын Тува бага сургуулийн Дотуур байранд очиж танилцах аж.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.