Хаягдал төмөртэй харьцдаг ажилтнууд цацрагийн хамгаалалтын сургалтад хамрагдав

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод хаягдал төмөр хайлуулан боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Сүүлийн жилүүдэд дахин боловсруулах гангийн үйлдвэрлэлийн салбарт хаягдал төмөртэй хамт цацрагийн аюултай материал орж ирэх тохиолдол дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд хаягдал төмрийг их хэмжээгээр хүлээн авч боловсруулдаг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод тодорхой хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангаж ажиллах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан тэргүүлэх инженер Ц.Оргил онцолсон. Иймээс Цацрагийн хяналт, аюулгүй байдлын товчооноос хаягдал төмөртэй харьцаж ажилладаг Засвар механикийн завод, Чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд, Автотээврийн цехийн хаягдал төмөр зөөвөрлөдөг жолооч, операторуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн хангах, хянах, хаягдал төмөр дотроос цацрагийн аюултай материал олж илрүүлсэн тохиолдолд хэнд мэдэгдэх, ямар арга хэмжээ авах талаар мэдлэг чадвар олгох сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус албаны мэргэжилтнүүд Олон улсын Атомын энергийн агентлагийн хаягдал төмөр хүлээн авах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх зөвлөмжийн дагуу сургалтын материал боловсруулан, ажилчдын ээлжийн горим, ажлын ачаалалтай уялдуулан уг сургалтыг Эрдэнэт үйлдвэрт анх удаа бие даан зохион байгуулсан нь онцлог юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.150.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.