Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.ЗОЛБОО: Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр бид хүчээ нэгтгэж, НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ байгуулах хэрэгтэй
Үйл явдал
/
2022-04-15
Барилга, байшингууд ханаараа 35%, дээврээрээ 25%, шал болон суурьнаасаа 15%, цонхоороо 15% дулаанаа алддаг. Иймээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хүлэмжийн хийг багасгах зорилготой “Дулаан шийдэл” төсөл нь 2018-2022 онд амжилттай хэрэгжсэн.
Төслийг Европын холбооны Свич Эшиа хөтөлбөр, Аббэ Пиэр сан, Францын болон Чехийн хөгжлийн агентлаг санхүүжүүлж, Франц Улсад төвтэй Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл Ин Нийд ОУТББ хамтран хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд нийт 1,618 айл дулаалжээ. Дулаалсан өрхүүдийн дундаж эрчим хүчний хэмнэлт нь 29 хувь байсан бол 2,171 тонн нүүрс түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3,219 тоноор бууруулсан амжилттайгаар төслийн хаалтаа хийж байна. Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо оролцож, үг хэллээ.
Тэрбээр: Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд бид хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ёстой. Энэ чиглэлийн хүрээнд Дулаан Шийдэл төсөл амжилттай хэрэгжсэнийг онцлоод цаашид үргэлжлэн хэрэгжүүлэхээр нь болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн БХБЯ цаашид төслийг дэмжиж, үйл ажиллагаагаа уялдуулна гэв. Үүний зэрэгцээ Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэж, 230 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг хүлээснийг тэмдэглэсэн юм. Тиймээс энэ зорилгын хүрээнд олон улсын болон үндэсний бүхий л байгууллагууд хүчээ нэгтгэж, “НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ” байгуулья гэх саналыг дэвшүүлж, тус чиглэлээр өөрөө манлайлан ажиллахаа мэдэгдлээ. Зөвлөл байгуулснаар Ногоон барилгын талаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл хөтөлбөрүүдийг илүү өндөр үр ашигтай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэв
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.