Бүтээн байгуулалтын салбаруудыг нэгтгэсэн "BUILD MONGOLIA 2022" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Үйл явдал
/
2022-04-21
Барилга, Дэд бүтэц, Уул уурхайн, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудыг хамарсан тус үзэсгэлэнд 100 гаруй шилдэг компаниуд хамгийн шилдэг, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн оролцож байна.
Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй салбаруудыг нэгтгэж чадсан “BUILD MONGOLIA 2022” үзэсгэлэнг дэмжигч байгууллагаар БХБЯ хамтран ажиллаж байна.
Тус үзэсгэлэн бизнесийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны гүүр болохын зэрэгцээ туршлага солилцох, борлуулалтаа өсгөх, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, хөгжил дэвшлийн шинэ хандлагыг бий болгох олон талын ач холбогдолтой болж байна.
Үзэсгэлэнгийн үеэр барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарын технологийн хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын талаар мэдээлэл өгөх зорилготой форумыг мөн зохион байгууллаа. Форумыг нээж, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг үг хэлж, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг "Норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, салбар дундын зохицуулалт, техникийн зохицуулалт" сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү илтгэлд барилгын салбарын дэлхийн хөгжлийн чиг хандлага, туршлагуудын тухай мэдээллийг хүргэсэн бөгөөд тэрбээр "Судалгаагаар дэлхийн улс орнуудад барилгын салбарын ДНБ-д эзлэх хувь 10 хувиас бага байна. Хамгийн дээд түвшин нь буюу Киргизстан улсын ДНБ-д барилгын салбарын эзлэх хувь 10.8 хувь байна. ДНБ-д барилгын салбарын эзлэх хувь 7.3-10.8 хүртэл хувийг эзэлж байгаа улс орнууд нь 1990 оноос хойш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, зах зээлд шилжсэн Албани, Азербайжан, Киргизстан, Молдова, Словак, Гүрж зэрэг орнууд байна" гэв.
“BUILD MONGOLIA 2022” үзэсгэлэн 2022.04.20-2022.04.22-ны өдрүүдэд Степа Арена буюу мөсөн өргөөнд гурван өдрийн турш үргэлжилнэ.
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.204.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.