Сайд Н.Учрал: Миний нэр дээр долоон хүүхэд бүртгэлтэй гарсан
Үйл явдал
/
2023-01-19

Хүүхэд бүрд сар бүр 100,000 төгрөг олгодог. Харин 2023 оноос эхлэн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор болсон. Тэгвэл хүүхдийн мөнгө авах эсэхийг өчигдрөөс эхлэн эцэг эх, асран хамгаалагчид e-Mongolia болон ehalamj порталаар шалгаж эхэлсэн билээ. Гэвч бүртгэлийн алдаанаас болж ам бүлийн тоо болон эд хөрөнгийн мэдээлэл зөрүүтэй байна гэх иргэдийн шүүмжлэл цахим орчинд гарсаар байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Үндэсний Статистикийн Хороо хариуцдаг Өрхийн мэдээллийн сан гэж бий. Энэ нь хаяг дээр суурилдаг. Үүнийг баг, хорооны Засаг дарга нар мэдээллээ явуулаад, байнга шинэчилж байдаг. Хаяг шилжсэн тохиолдолд иргэд биеэрээ очиж шилжсэн эсэхээ бүртгүүлдэг. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа бол мөн биеэрээ очиж шилжүүлнэ. Учир нь иргэний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй.

Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилж байгаа. Жишээлбэл, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байгаад 26 дугаар хороонд одоо амьдарч байгаа. Гэхдээ бүртгэл дээр очиж, хаягаа шилжүүлээгүйгээс болоод миний өмнөх хаяг дээр одоо амьдарч буй хүний хүүхдүүд над дээр нэмэгдэн, би долоон хүүхэдтэй болчхоод байж байна. 

Мэдээллийг боловсруулахдаа хэн нэгэн этгээд биш, Үндэсний Статистикийн Хороон дээр Өрхийн мэдээллийн сан дээрээ суурилаад орлогын түвшнийг тодорхойлохын тулд 11 хувьсагчтай томьёо хийгээд, ард нь мэдээлэл хариуцагчид буюу нийгмийн даатгал, татвар, бүртгэл зэрэг нь мэдээлэлдээ интеграц хийн холбож, түүнийг e-Mongolia-аар дамжуулан хүргэж байгаа ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.