Ахмад уурхайчин гүндийн батмөнх алтангадас одонгоор шагнууллаа
Үйл явдал
/
2023-02-21
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Сар шинийн баярын босгон дээр Багануур ХК-ийн ахмад уурхайчин Г.Батмөнх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулсныг өнөөдөр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал гардуулж баяр хүргэлээ.
Г.Батмөнх нь ЗХУ-д экскаваторчин мэргэжлээр сурч 1985 онд төгсөөд Багануурын уурхайд ирж тасралтгүй 36 жил ажиллаад 2022 онд гавъяаныхаа амралтанд гараад буй ахмад уурхайчин юм.
Тэрээр 1986-1997 онд экскаваторын туслах машинч,1997-2022 он хүртэл ЭШ-10/70 №50 экскаваторын машинч, машин бригадын даргын ажлыг хийж бригад хамт олноо манлайлан ажилласан.
ЭШ-10/70 №50 экскаваторын бригадын хамт олон тоног төхөөрөмжийг эвдэрлээс урьдчилан сэргийлэх, гэмтлийг цаг алдалгүй илрүүлэх тал дээр онцгой анхаарч техникийн үзлэг үйлчилгээг цаг тухайд нь тогтмол хийж, эвдрэл саатал багатай ажилласнаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө нормоо тогтмол биелүүлж ирсэн.
Г.Батмөнх нь нүүрс нээж ажиллах үед нүүрсний хаягдал, бохирдол бага гаргаж, уулын ажлын паспортын дагуу нүүрсний таазны цэвэрлэгээ, контуровка таталт зэргийг чанартай хийж гүйцэтгэдэг манай тэргүүний машинч нарын нэг юм.
Алиа хошин зантай, залуу уурхайчдад үлгэр дуурайлал үзүүлж сайн сайхан эерэг бүхэнд манлайлдаг, спортлог, авъяаслаг ахмад уурхайчин Г.Батмөнхийг Алтангадас одонгоор шагнуулсанд уурхайчин хамт олон нь баяртай байна.
Алтангадас одонт ахмад уурхайчин Г.Батмөнх танд баяр хүргэж амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.184.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.