А.САЙХАНЦЭЦЭГ: ХАРААГҮЙ ХҮНИЙ ЗОВЛОНГ ОЙЛГОЁ гэвэл нүдээ боогоод алхаж үзээрэй
Ярилцлага
/
2023-04-12
Хараагүй хүний зовлонг ойлгоё гэвэл нүдээ боогоод гадуур алхаж үзээрэй

Хараатай хүмүүс яагаад ном уншдаггүйг би ойлгодоггүй

Өнөөгийн нийгмийн өөр нэг өнцөг, магадгүй тод нэгэн гэрэл МУИС-ийн Улс төрийн судлалын ангийн оюутан Алтансоёмбын Сайханцэцэг хэмээх харааны бэрхшээлтэй охинтой ярилцах боломж сэтгүүлч надад тохиосон юм. Сайханцэцэг үргэлж ном сонсож, номоор л ертөнцийг харж чаддаг учраас ярих хэлэх нь уран яруу бөгөөд мэргэн ухаантай болжээ.

Миний хувьд Сайханцэцэгийг Монгол ТВ-ийн “Авъяаслаг Монголчууд” шоунд оролцосноос нь хойш таньдаг болсон. Надад маш их дайчин, шаргуу, хүсэл мөрөөдөлтэй охин шиг санагдсан. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

Намайг Алтансоёмбын Сайханцэцэг гэдэг. Би харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг төгссөн. Сургуульдаа 1-р ангиасаа эхлээд явсан. Тэгээд “Авъяаслаг Монголчууд” шоунд ороод тодорхой хэмжээгээр өөрийгөө танилцуулсан гэж бодож байна. Хүмүүс гайгүй мэдэх байхаа. /Инээв/

Сайханцэцэгийн мөрөөдөл юу вэ?

Мөрөөдөл үү? Эх орондоо хэрэгтэй, хараагүй хүмүүстээ хэрэгтэй сайн л мэргэжилтэй хүн болохыг хүсэж байна. Холыг бодох хэрэгтэй.

Дуулахаас өөр ямар авъяастай вэ?

Харин л дээ./Инээв/

Би шүлэг зохиодог, янз бүрийн зохиол бас бичих дуртай. Одоо ятга сурч байгаа.

Чамайг байнга ном уншдаг гэж сонссон. Ер нь ямар төрлийн ном уншдаг вэ? Номноос ертөнцийг харах сэтгэлийн нүдээ олж авдаг болов уу гэж бодож байна?

Тийн. Бүх төрлийн ном. Түүхэн ном, уран зохиолын гээд л. Номыг бол би голох дургүй. Ямар ч ном байсан ямар нэгэн хүн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гаргаж бичсэн байгаа. Гадаад ертөнцийг таньж мэдэхэд минь тус болдог учраас ном уншихыг эрмэлздэг. Гэхдээ би ганцаараа их ном уншдаг биш л дээ. Хараагүй хүмүүс бүгдээрээ маш сайн ном уншдаг юм. Тэгэж байж л бараг амьдарч байгаа учраас.

Дуулах авъяас нь хэзээнээс илэрсэн бэ?

5 настайдаа би Солонгост амьдардаг байсан. Тэгээд Солонгосын нэг сүмийн тайзан дээр Ургацын баяр гээд баярын үеэр нь анх удаа олон хүмүүсийн өмнө дуулж байлаа. Гэхдээ би мэргэжлийн дуучин болно гэж боддоггүй.

Чи сая Солонгосын нэг сүмийн тайз миний анхны тайз байсан гэж хэллээ. Гэр бүлийнхэн нь ч юм уу, чи өөрөө сүмд явдаг байсан юм уу?

Тийн. Миний аав “Гэрэлт Ирээдүй” гэдэг Христийн чуулганы пастор хүн. Би бас сүмд явдаг. Манай аав 90-ээд онд пастор болсон гэдэг. Монголын анхны пасторуудын нэг. Тэгээд итгэл үнэмшил гэдэг хувь хүний асуудал ш дээ. Хүмүүс миний итгэл үнэмшилийн талаар юу гэж ярих нь надад хамаагүй. Би бол итгэл үнэмшилдээ үнэнч, тууштай байна. Би өвчтэй байх үедээ дандаа библи уншдаг байсан. Миний ном унших эхлэл библи уншихаас эхлэсэн байх гэж боддог. Би орой болгон аав ээжээсээ библи уншаад өгөөч гэж гуйдаг байсан. Миний итгэл надад эрч хүч, дэм өгдөг. Тийм болохоор би хаана ч, хэний ч өмнө би Христэд итгэгч гэдгээ нуудаггүй.

Танай гэр бүлийн хамгийн том зарчим юу вэ?

Эцэг эхийнхээ үгийг дагах бол манай гэр бүлийн хамгийн том зарчим. Зөвхөн эцэг эхийнхээ гэлтгүй надаас ах, эгч, амьдралын туршлагатай, сайн хүмүүсийн үгийг би аль болох сонсож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг.

Үеийнхээ хүүхдүүдэд юу гэж хэлмээр санагддаг вэ? Магадгүй зарим хүүхдүүд эрүүл мөртлөө хүсэл мөрөөдөлгүй, амьдралын зорилгогүй амьдарч байгаа. Тийм хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна?

Хэдий бид хүүхдүүд ч гэсэн аав, ээжийнхээ ачийг багаар ч гэсэн хариулдаг байя л гэж хэлмээр байна. Яагаад гэвэл сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлож байна, хорлохыг завдлаа гэж их сонсогдох болсон. Энэ бол маш буруу. Эцэг эхийнхээ өмнө амьд мэнд байж л тэднийхээ ачийг хариулна шүү дээ. Жижигхэн юмаар ч хамаагүй тэднийхээ ачийг хариулах гээд яваад үзье л дээ. Шүүдрийн усаар цай чанаж өгч чадахгүй л юм чинь чаддаг зүйлээрээ ачийг нь хариулах гээд хичээх хэрэгтэй.

Бусад хүмүүст юу гэж хэлмээр байна вэ? Магадгүй хүмүүс хараагүй хүмүүсийн зовлонг мэдэхгүй учраас та нарыг ойлгож чаддагүй байж болох юм?

Манай багш нэг удаа хараагүй хүмүүсийн зовлонг ойлгоё гэвэл нүдээ боогоод гадуур алхаж үзэх хэрэгтэй гэж хэлж байсан. Жолооч нарт хэлэхэд цагаан таягтай хараагүй хүн явж байвал зам тавиад өгч байгаарай. Битгий таягийг нь дайраарай гэж гуйж байна. Хараагүй хүний таяг чинь бас их үнэтэй, ховор байдаг юм шүү. Таяггүй болчихвол бид явж чадахгүй учраас бидний хөлийг дайрчихсантай яг адилхан. Тийм болохоор жолооч нар ч гэсэн, явган хүмүүс ч гэсэн таягтай хүн явж байвал зай тавиад өгч байгаарай. Бид та нарыг харахгүй байгаа шүү дээ гэж хэлмээр байна.  Бие биедээ дэм болоод эвтэй, найртай амьдрах гоё шүү дээ.

 

Ярилцсанд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.222.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.