Я.ЭРДЭНЭСАЙХАН: БИ УЛСТӨРД ОРОХГҮЙ. ЖДҮ сангийн зээлийг 100 хувь буцаан төлүүлэхэд л АНХААРНА!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-04-26

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.ЭРДЭНЭСАЙХАНААС ЖДҮ сангийн зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа. Дөрвөн жилийн өмнө ЖДҮ сангийн мөнгийг УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий компанидаа авсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч, энэ үеэс хойш иргэдийн дунд “ЖДҮ-сангийн хулгай” гэх нэршил тогтсон. Дээрх үйл явдалд буруутай этгээдүүд гэм буруугаа хүлээн шийтгэл хүлээсэн ч хууль бусаар зээл авсан аж ахуй нэгжүүд өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтөө барагдуулаагүй, хугацаа хэтрэлттэй байгаа юм. Засгийн газраас дээрх сангийн үйл ажиллагаа, бодлого, хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож өргөжүүлэн Жижиг дунд үйлвэрийн газар болгон агентлагийн статустай болгож, хууль бус үйлдлийг таслан зогсоогоод байгаа билээ.

Олны анхаарлын төвд байсан ЖДҮ сангийн зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байдаг юм бэ. Н.Учрал сайдын мэдээллээр бол 80 орчим хувь нь эргэн төлөлт хийгдээгүй гэсэн, үнэн үү?

Өмнө нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж байсныг Засгийн газрын хуралдаанаар өргөтгөж 2020 оны 08 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг газар болгон өргөтгөж агентлаг байгуулсан. Бид ажлаа авсанаас хойш өмнөх сангаас олгосон хяналтгүй зээлийн эргэн төлөлт, өр төлбөрийг барагдуулахын тулд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас манайд албан бичгээр хандаж тус сангийн 2020, 2021, 2022 оны зээлдэгч нарын мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сард авсан. Өчигдөр нэлээд зөрүүтэй, ташаа мэдээлэл гарсан. Манай газар өмнөх зээлдэгч нарын өр төлбөр, зээлийн эргэн төлөлтийн 85 хувийг барагдуулсан. Гэтэл Н.Учрал сайд зөрүүтэй мэдээлэл хэлсэн. 2009 оноос хойш өнөөг хүртэл 8400 гаруй иргэн, аж ахуй нэгжид улсын төсвөөс НЭГ ИХ НАЯД 11 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон. Тэдгээрээс 85 хувь нь зээлээ бүрэн төлж барагдуулсан.

Огт зээлээ төлөхгүй зугтдаг, хуулийнхантай нийлчихсэн нөхдүүд ч бас байдаг бололтой...?

Тийм зүйл бас байна. 2009, 2010 онд зээл авсан 1200 орчим иргэн, аж ахуй нэгжүүд зээлээ огт төлөөгүй. Бид тухайн этгээдүүдээс мөнгөө олж авахаар  бүхий л аргаар үзэж байна. Зарим компани нь татан буугдсан, эзэд нь нас барчихсан, гадагшаа оргон зайлсан, хаяг нэршлээ сольсон гээд хөөцөлдөөд явахаар чирэгдэл их гарах юм. Тухайлбал “Алтай консракшин” компани таван аж ахуй нэгжээрээ хоёр хоёр тэрбум нийт 10 тэрбумын зээл гаргуулчихаад өнөөг хүртэл төлдөггүй. Шүүхийн шийдвэр гарччихсан гүйцэтгэлийн үйл ажиллагаа явагдаж байна. Энэ компанийн зээл олголтод манай байгууллагын нэг алба хаагч хүртэл оролцсон ийм байдал тогтоогддог. Бэрхшээл хаа хаанаа байна. Орон нутгийн аж ахуй нэгж рүү зээлээ төл гээд албан бичиг, шаардлага хүргүүлэхээр тоохгүй. Цагдаад хандаад эрэн сурвалжлуулахаар олдохгүй гэдэг. Аймгийн төв дэх жижиг дундын мэргэжилтнээсээ мэдээ авахаар тухайн зээл авсан этгээд нь цагдаатайгаа үй зайгүй найз, чухал дотно гэдэг. Энэ мэтээр хуулийн байгууллагынхан ч хутгалдчихсан зүйл их бий. Өөрөөр хэлбэл өмнө нь сан гэж байхад ажиллаж байсан. Гурав дөрвөн жилийн хугацаанд маш их зальтай, мөнгөтэй хүмүүсийн өөдөөс их үзлээ. Өрийг нь төлүүлэх гэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэнийхээ хувьд маш их доромжлуулж, хараар будууллаа. Бодит байдал ийм л байна. Бид чамгүй сайн ажилласан гэж дүгнэж байгаа.

Төрд ажиллаж байгаа хүмүүс сайн муу нэр хоч зүүгээд ажлаа нугалдаг л даа. Та шантраагүй биз дээ?

Шантраагүй. Ямар ч гэсэн үр дүнд хүргэнэ гэж зүтгэж байна. Хүмүүс зээлэ төлөөгүй ААН-ийг бус төрийг, САНГ буруутгадаг. Гэвч бодит байдал дээр хариуцлагагүй, ухамсаргүй иргэд, компанийн удирдлагууд, улстөрчдийн оролцоо л ийм эгзэгтэй нөхцөл байдал руу хөтөлчихсөн. Нэр бүхий улстөрчдийн эзэмшлийн арилжааны банк хүртэл зүгээр л зуучлагч бочлихсон, улсаа хохироочихсон жишээ энэ санд байна.

Та дампуурсан “капитал банк” –ыг хэлээд байна уу?

Тийм. ЖДҮ сангийн зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаагийн тодорхой хувийг КАПИТАЛ БАНК эзэлдэг. Тус банкаар дамжуулж 60 гаруй зээлдэгч 42 тэрбумын зээл авсан байдаг. Өр төлбөрөө барагдуулъя гэж эрх хүлээн авагчид нь хандаад нэмэргүй байгаа тул шүүхэд хандсан. Энэ банк бол үндсэндээ зүгээр л зээлийн дамжуулагч бочлихсон үзэж болно.

Агентлаг болсноос хойш ЖДҮ-гийн зээл олголт хэл ам багатай, харьцангуй шударга явдаг болж шүү. Энэ бол та бүхний ажлын үр дүн гэж харж байна.

Баярлалаа. Ямартай ч өмнөх алдааг давтахгүй, алдаа гаргахгүй, иргэдийн хяналт, дэмжлэг дунд ил цагаан сонгон шалгаруулдаг тогтолцоог хуулиар бий болгосон. Асуудлыг бага багаар нь засах гээд л бил ажиллаж байна. Өр төлбөр барагдуулах гээд л манай хэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Сүүлийн үед таныг 2024 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвших нь гэсэн мэдээлэл цацагдаад байна. Та нэр дэвших үү?

Энэ худлаа мэдээлэл. Би улстөрд орохгүй. Тийм сонирхол ч байхгүй. Гадуур ийм худлаа мэдээ тарааж, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгааг гайхаж байгаа. Би Сүхбаатар аймгийн хүн. Нутагтаа очоод ирсэнийг минь л улстөрд орох нь гэж ярьж бичээд байгаа бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.127.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.