Н.ГАНБААТАР: Багадаа PC тоглож байгаад их сургуульд ороод л САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧИН болсон
Ярилцлага
/
2023-04-30
Дэлхийн өнцөг булан бүрд олон сая залуучуудыг дурлуулж чадсан хамгийн том спортуудын нэг бол сагсан бөмбөг билээ. Бид энэ удаагийн дугаараар өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн САГСАН БӨМБӨГИЙН спортыг сонгосон нэгэн эрхэм Н.Ганбаатартай ярилцлаа.

Өдрийн мэнд хүргэе! Бидний урилгыг хүлээн аван ярилцах боломж олгосонд баярлалаа

Сайн байна уу?

Таны танилцуулгаар яриагаа эхлэе

Намайг Нямдорж овогтой Ганбаатар гэдэг. 1996 онд Багануур хотод төрж өссөн. “IHC apes” багийн тамирчин байна.

Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач

Миний хувьд сагсан бөмбөгийн спортоор нэлээд сүүлд хичээллэсэн. Багадаа бэлтгэл, секц дугуйланд явдаггүй PC тоглоод л явж байдаг байсан. Арван жилээ төгсөөд ШУТИС-д оюутан болоод сагс сонирхож, хичээллэж эхэлсэн. Тухайн үед ар гэрийнхэн минь сагсан бөмбөгөөр хоолоо олж идэхгүй гээд эсэргүүцдэг байсан. Намайг бөх болгоно гэдэг байсан ч би зөрсөөр байгаад өөрийн хүсэл сонирхлоо дагаад тамирчин болсон. Үүндээ  харамсдаггүй. Одоо харин ар гэрийнхэн маань сайн дэмждэг болсон шүү.

Мэдээж спортоор хичээллэх амаргүй. Хэцүү үе, сорилт, уналтыг хэрхэн давж гардаг вэ? Шантармаар үе нэлээдгүй тохиолдоно. Юуны тулд, ямар саад бэршээлийг даван туулж энэ хүртэл ирсэн билээ. Ингээд хаяна гэж үү гэсэн байдлаар өөрийгөө дийлж, сэргэдэг.

Тамирчин хүнд гэмтэл, бэртэл маш том хаалт болдог.  Бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлж байна вэ?

Хүмүүс намайг сунгалт сайтай гэдэг. Сунгалтаараа л бэртэл, гэмтлээс хамгаалдаг. Тамирчин хүн бэлтгэлийн өмнө болон дараа заавал сунгалт хийх ёстой.

Залуус болон өсвөр үеийнхэнд хандан юу гэж зөвлөх вэ?

Өчигдрөөсөө илүү суралцаж, шантрахгүйгээр, тууштай байж өөрийгөө сайн бэлд. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шиг хүн сонирхсон зүйлээ эрт орой, хэзээ ч хамаагүй олж түүгээрээ тууштай хичээллэж чадвал боломжгүй зүйл байхгүй. Дуртай зүйлдээ, сонирхолдоо эзэн нь байж, хичээгээд үзээрэй гэж хэлмээр байна.

Таны цаашдын зорилго юу вэ?

Бидний зорилго аварга авах. Энэ жил нэлээн хүлээлттэй байсан ч түүндээ хүрч чадсангүй. Шинээр байгуулагдаад өөр, өөр орчноос залуу тоглогчид нэгдэж тоглосон. Ирэх жилээс нэгнийгээ сайн ойлгодог болоод аварга авах зорилготой.

Баярлалаа.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.