Д.НАЦАГДОРЖ: ОЮУН САНААНЫ ЭРҮҮЛ МЭНД чухал! Бодол санаа эрүүл бол бие мах бодь ЭРҮҮЛЖДЭГ ЖАМТАЙ!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-04-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” чуулга уулзалтад зочин төлөөлөгчөөр уригдсан Монголын уламжлалт эмчилгээ сургалтын төвийн захирал, Мамбадацан хийдийн хамба, Гавьяат эмч, билгүүн номч Д.Нацагдоржтой ярилцлаа.

Сайхан хаваржиж байна уу,та?

Сайхан хаваржиж байна.

Монголчуудын эрүүл мэндэд төрийн тэргүүн анхаарч “Эрүүл Монгол хүн”-ийг бий болгох зорилготой өнөөдрийн чуулга уулзалтад

Төрийн тэргүүний санаачилгаар маш чухал асуудлыг салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор судлан танилцуулж байна. Анхаарвал зохих олон чухал илтгэл хэлэлцүүллээ. Улсын үнэт баялаг болсон иргэнийхээ эрүүл мэндэд төр засаг нь онцгой анхаарч байгаад талархах нь зүй. Хамгийн чухал нь ОЮУН САНААНЫ ЭРҮҮЛ МЭНД. Ухамсар, оюун санаа нь эрүүл байвал бие эрүүл болдог жамтай. Монгол хүн бага балчираасаа өгсүүлээд уламжлалт өв, анагаах ухааны эмчилгээгээ дахин сэргээх шаардлагатай байна гэдгийг олж харлаа. Хүнээ эрүүлжүүлье гэж байгаа нь зөв. Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүлжүүлэх тусгай зорилтод ажлыг зохион байгуулвал илүү үр дүнд хүрэх юм байна гэдгийг ойлголоо. 1990 оноос хийш Монголчууд бид буру хооллолтоор өөрийгөө өвтгөдөг болсон. Өдөрт хоёр удаа махан хоол идэх нь буруу. Ерөнхийлөгч эрүүл хүний талаар ярихдаа хүнсний эрүүл мэндийг онцоллоо.

Хүүхэд бол улс орны ирээдүй. Тэгвэл төрөөс яг ямар бодлого хэрэгжүүлвэл зохилтой гэж та харж байна вэ?

Бага насны хүүхдүүдийг анхнаас нь эрүүл хоол унд, явдал мөр, оюун санаа, зөв хүмүүжлийг яаж олгох вэ гэдэг дээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлбэл зүйтэй санагдлаа. Цаашдаа Монголчууд эрүүл амьдрах ухаанд суралцах нь маш чухал байна. Уламжлалт анагаах ухаанд эрүүл амьдрахыг сэтгэлийн үйлдэлтэй маш их холбоотой гэж үздэг. Хүн сэтгэлийнхээ  үйлдлийг зөв удирдаж чадвал нийгэм дэх хууль журмыг чанд мөрдөж буйтай агаар нэг. Сэтгэлийн үйлдэл буруу байвал бие лагшин түүнийг дагаж өвчилдөг нь үйлийн үрийн хууль. Малчид хортой тариагаар махыг хордуулж, түүнийгээ зарж борлуулж байгаа нь харамсалтай. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх талтай. Хүний эрүүл мэндийн төлөө буянаа хураадаг болохоос бусдыг хорлох гэж мал өсгөдөггүй. Хүүхдүүдийг эрүүл амьдрах ухаан, ёс зүйд багаас нь сургах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө зун намрын дэлгэр цагт хөдөө гарч, мал маллах, байгаль дэлхийгээ хайрлах, бусдыг энэрэх, эх орноо таньж мэдэх үйлд сургахыг чухалчлах хэрэгтэй. Аав ээж нь үр хүүхэдээ эрүүл зөв амьдрах, эрүүл байх ухааныг заагаад сургачихвал бид эрүүл МОНГОЛ болж чадна.

Харамсалтай нь таны ярьж зүйл хэрэгжих боломжгүй болчихсон шүү дээ. Хүн бүр  хот сууринг барааддаг болж?

Харин тийм. Бид өөрөө өөрийгөө өвтгөж гэмтээгээд, дараа нь төр биднийг эмчилнэ гээд боддог болчихож. Хүнийг эмчлэх нь төрийн үүрэг юм байж. Тэгвэл хүн өөрөө ЭРҮҮЛ БАЙХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ёстой. Өөрийнхөө төлөө алхаж, зөв хооллож, сэтгэлээ зөв байлга. Бүгдийг төр хариуцах албагүй. Өөрийн буруугаас болж өвдчихөөд дараа нь эрүүл мэндийн салбарынхан руу үг шиддэг нь буруу. Та өөрөө өөртөө л эзэн. Та өөрийн биеэ эрүүл саруул, амар амгалан байлгах уу, өвчин зовлонтой байлгах уу гэдгээ шийддэг. Тэрбээр биш эрүүл мэндийн яам, төр засаг таныг өвтгөөгүй шүү дээ. Хүний ажил хөдөлмөр, идэж уух, ярих, бичих бүх зүйлээс эрүүл мэнд нь шалтгаалдаг гэдгийг хэлье дээ

Сэтгэл санаа, оюун бодол эрүүл байж бие эрүүл болно гэлээ. Тэгвэл сэтгэл, бодол санаа нь эрүүл бус байгааг яаж эмчилж илааршуулах вэ?

Бидний аав ээж,  ихэс дээдэс өнөөдрийн энэ гэмийг эртнээс мэдээд “эрүүл биед саруул ухаан оршино” гэж ярьдаг. “Эрүүл сэтгэл оюунд эрүүл бие оршино” гэж би хэлнэ. Хүн болох багаасаа гэдэг дээ. Эрүү монгол хүний бэлтгэх нь үр хүүхдээ л зөв, ёс зүйтэй, тэвчээртэй, эрүүл хүн болгоход анхаар. Булгийн эх нь булингартай бол адаг нь ч бас булингартай л байдаг. Өнөөгийн өвдөж зовж байгаа хүмүүс буруу хооллолт, буруу хүмүүжилтэй учраас л ийм байдалд байгаа юм. Өвдөхгүй байя гэвэл сэтгэл санаагаа зөв болго. Нийгмийн дагаад хүн бүрт нисванисийн муу сэтгэл байгаа. нисванисаа л тэвчиж, дийлж чадвал бид эрүүл болно. Уламжлалт анагаах ухааны номонд цаг улирлын байдлаас хамаарч хүний бие өвдөнө гэж заадаг. Гэтэл одооны хүүхдүүд хувцасаа зөв тохируулж өмсөж чадахгүй, эрхтэн тогтолцоо нь муудаж гэмтдэг. Идээ ундааны зөв хэрэглээг эрхэмлэ. Бидний үеийнхэн яагаад бие сайтай байгаа нууц нь ердөө идээ ундааны зөв хэрэглээтэй холбоотой.  Ер нь эрүүл оршино, эрүүл амьдрах чинь БУЯНЫХ. Хүн буруу үйл хийсэн нь бол өөрөөсөө гэм хайх хэрэгтэй. Өөрийн гэмээ өөрөө арилга. Хувь хүн өөрөө эрүүл байх хариуцлага хүлээх ёстой. Төр дэмжиж, эмчилж болно. Бүх зүйлийг даах нь буруу. Өө намайг төр үнэгүй эмчилчихнэ гэж сэтгээд юу ч хамаагүй идэж уудаг, залхуу хойрго байж таарахгүй. Хөдлө, яв, эрүүл бай гэдэг үүргийг хувь өөрөө хүлээх ёстой.

Та яриандаа хүүхдүүдээ хөдөө гаргаж өсгөх тухай ярилаа. Зөв. Гэхдээ одоо чинь хүний эрх, хүүхдийн эрх гэдэг том зүйл гараад ирсэн шүү дээ? Тухайлбал хүүхэд хөдөө явах нь бүүхэл гэрээсээ гарахгүй утсаар тоглодог болчихсон. Энэ нь хүүхдийн эрхийн асуудал гээд манайхан ярьдаг шүү дээ?

Эрдэнэт хүмүүний төрөл чинь эрхтэй мөртлөө бас үүрэгтэй шүү. Хүн өвдөхгүй байх үүрэгтэй. Нэг хүний буруу үйл, зөрүүд зан чинь бусдыгаа хөлдөө чирэх аюултай. Миний багад аав ээж минь биднийг мал хариулгаж, сүү цагаан идээгээр өсгөсөн. Энэ бол дэлхийн шинжлэх ухаанд байхгүй шинэ нээлт байж. Монгол хүний эрүүл саруул байж, дархлаа сайтай, бие лагшин эрүүл байхын суурь нь энэ юм. Одоо цагт хүүхдүүд утсаар тоглож, их таргалж байгаа нь зохисгүй хооллолттой л холбоотой. Малчид нь залхуу бочлихсон учраас л бид гадны хортой бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бочлихсон. Монгол улсын газар нутгийн хөрс бол жинхэнэ шимт хөрс. Хөл нүцгэн гүйгээд л өсөх чинь эрүүл мэнд, дархлаа дэмжих бодлого байж. Бид одоо гаднаас тэргүүн туршлага, зөв дадлыг дуурайж болно. Гэхдээ ядаж зуны гурван сард хүүхдээ хөдөө малын захад, сүү цагаан идээнд ойр өсгөчихвөл тэр чинь эрүүл байх суурь юм шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.121.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.