Б.Баярсайхан: Дахин сонгогдвол ГЭР БҮЛИЙН ЯАМТАЙ БОЛОХ асуудлыг онцгой АНХААРНА!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-05-02

Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг улстөрийн намууд хэлэлцэж буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.

УИХ-ын байнгын хороодоор “Улстөрийн намын санхүүжилтийн тухай”, “Сонгуулийн тухай” хуулиудыг хэлэлцэж байна. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн ороцлоог нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих тухай намууд нэгдэж байна. Та ямар бодолтой байна вэ?

Бид ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг сонгоод 30 жил боллоо. 30 жил гэдэг бол бага хугацаа биш. Ололттой сайн тал бий. Түүнээс илүү зөрчилтэй сул тал ч бий. Алдаа оноогоо дүгнэсэн дараагийн 30 жилийн шинэ хуудсыг эргүүлж байна. Монгол улсын хөгжлийн гацаа болсон ЁС СУРТАХУУН, СЭТГЭЛ САНАА, ЗАН ЧАНАРЫН ТӨЛӨВШЛИЙГ орхигдуулчихсан. Ёс зүйтэй, биенийгээ хайрладаг, сонсдон хүндэлдэг хүнийг бэлтгэж чадаагүй. Зөвхөн МӨНГӨ САНХҮҮГ чухалчилж байсан төрийн бодлоготой шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл бид ХҮНЭЭ БЭЛТГЭЖ ЧАДААГҮЙ. Одоо харин орхигдуулсан зүйлээ эргэн харж, эвлэрч, засаж залруулахын төлөө нэгдэж байгаа нь сайн хэрэг. Би хувьдаа үүнийг зөв алхам гэж үзэж байна. Ганцхан улстөрчид биш бизнес, соёл урлаг, нийгмийн салбарт ч ЁС ЗҮЙ алдагдсан.

Эмэгтэйчүүд УЛСТӨРД ОРВОЛ ЁС ЗҮЙТЭЙ БОЛНО гэж та хэлэх гээд байна уу?

Дэлхийн аль ч улсын парламентад эрчүүд нь бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжил, санхүү, эдийн засагтаа анхаарсан бодлого гаргадаг бол эмэгтэйчүүд нь нийгмийн салбараа онцгойлж үздэг. Нийгмээ илүү ЁС ЗҮЙТЭЙ, СОЁЛТОЙ, ЗӨВ БОЛГОХОД анхаардаг. Гэр бүлийнхээ нарийн ширийнийг авч үздэг шигээ төрийн бодлогод ч орхигдсон асуудлыг   олж хараад шийдүүлдэг. Эмэгтэй хүн байгаа газар АВЛИГА БАГА ГАРДАГ. Нийгмийн бүтээн байгуулалтууд их хийгддэг. Энэ ч утгаараа 2020 оны сонгуульд нэр цэвэр 30 орчим залуусыг УИХ-д нэр дэвшүүлж сонгосон. Тэдгээрийн нэг нь бий. Манай улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дөнгөж 17 хувь. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Тийм ч ураас эрх барьж байгаа намын хувьд “улстөрийн намын санхүүжилтийн тухай”, “сонгуулийн тухай” хуулиудад илүү идэвх санаачилга, манлайлалтай оролцож байгаа.

2024 оны сонгуульд улстөрийн намууд нэр дэвшигчдийнхээ хэдэн хувийг эмэгтэй нэр дэвшигчид олгоосой гэж бодож байна вэ?

Улам олон болгож өсгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ялангуяа пропроциналь системээр сонгууль явагдвал жагсаалтад орох эмэгтэйчүүдийн тоог 50 хувь болгох хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд хүйс харгалзахгүйгээр ижил тэгш оролцоотой байна гээд заачихсан. Эрэгтэй эмэгтэй адилхан оролцоотой байхыг чухалчлах ёстой. Бид хэний төлөө хууль баталдаг вэ гэхээр хамгийн чухал бай нь ХҮҮХЭД байдаг. Эрт орой хэзээ ч хууль баталсан бай, тэр хуулийн үр шимийг хүртэгч нь хүүхэд. Тэгэхээр эмэгтэйчүүд олон байх юм бол олон жил орхигдсон хүний хөгжил, хүүхдийн хөгжил, гэр бүлийн хөгжлийн асуудлыг илүү томоор олж харна. Энэ хууль Монгол улсад, монгол улсын ирээдүйн иргэн болсон хүүхдэд хэрэгтэй байна уу гэдгийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй.

Хүний хөгжлийн асуудал ч нээрээ хоцрогдоод удаж байна шүү. Улстөрчид ч тэр МӨНГӨНИЙ ТУХАЙ, ХУЛГАЙН ХУУЛИА л сайн батлах юм. Хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудалд анхаарахгүй нь ажиглагддаг шүү...?

Яг тийм. Та зөв анзаарч. Бид мөнгөтэй байж үзсэн. 2012 оны үед манай улс мөнгөтэйгөөрөй олон улсад гайхагдаж байлаа шүү дээ. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөөгүй. Манайхан хүний эрх, хүүхдийн эрх гэж ярьдаг хэрнээ Боловсролын багц хууль дээр ЁС СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ярихаар эсэргүүцээд байна. Хууль батлагчид ийм ёс зүйгүй байж таарахгүй.  Монгол улсад хүний хөгжил, гэр бүлийн талаарх бодлого үнэхээр алдагдсан.

Намын жагсаалтад эмэгтэйчүүдийн тоог нэмбэл УИХ-д одоо байгаа эмэгтэйчүүдэд давуу байдал үүсэх нь гарцаагүй. Та нэр дэвших үү, жагсаалтад орох уу?

Намынхаа бодлогыг дагана. Нам яаж шийдэхнэв. Өмнө нь нэр дэвшээд болоод байсан юм чинь ахиад дэвшихэд айх зүйлгүй. Би ЖДҮ, НҮҮРС, КОНЦЕССТ нэр холбогдоогүй, элдэв хүчирхийлэлд өртөөгүй харьцангуй нэр цэвэр учраас ахиад дэвшихэд алдахгүй л гэж бодож байна.

Улстөрд орох гэж байгаа эмэгтэйчүүд мөнгөтэй ч их аймхай санагддаг. Бас эрчүүд албаар нэр хүндийг нь унагаж, өрсөлдөх эрхгүй болгодог гэх яриа ч бий. Та санал нийлэх үү?

Энэ үнэн. Би төрийн нарийн байхдаа энэ бүхнийг дайраад гарч ирсэн. Улстөрд орох гэж байгаа эмэгтэйчүүд зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй юм шиг санагдсан. Хашир улстөрчид эмэгтэйчүүдийг их басдаг. Элдэв хэл ам, муу муухайг зоригтой даваад гарах сэтгэлийн тэнхээ, дэмжлэг хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн улстөрд орох оролцоог нэмэгдүүлэх хуулийг энэ парламент батлаж чадна гэдэгт хэдэн хувь итгэлтэй байна вэ?

80 хувь итгэлтэй байна. Бид одоо л ийм өөрчлөлтийг зоригтой хийхгүй бол цаашдаа хийж чадахгүй. Улам хугацаа алдана.

2020 онд УИХ-ын гишүүн болж сонгогдсон цагаас хойш Б.Баярсайханы нэрийн хуудас болсон яг ямар хууль санаачилж батлуулав. Таны үндсэн үүрэг чинь хууль санаачилж батлуулах, сурталчилах, иргэдийг төлөөлөх шүү дээ?

Яг хувь гишүүний хувьд томоохон хуулийн зүйл заалтад тусгайлан оруулсан гурван хууль бий. Эхнийх нь Хөдөлмөрийн тухай хуульд байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхыг тусгасан. Энэ бол маш чухал заалт. Харамсалтай нь хэрэгжилт нь сул байна. Төрийн албан хаагчдад маш том дэмжлэг болно. Хоёрдугаарт, Нийгмийн ажилтны тухай хуулийг өргөн барих гэж байна. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийг буулгахад чухал ач холбогдолтой. Гуравдугаарт Цахим орчин дахь хүүхдийн хүчирхийллийг зогсоох тухай хуулийн төслийг боловсруулж D-palaiment  хуудсаар дамжуулан санал авч байна. Түүнчлэн гэр бүлийн тухай хуулийн төслийг ахлахаар болсон. Хүүхэд, гэр бүл, хүний хөгжлийн асуудлыг онцгойлон авч үзнэ.

Ярьсаар байтал бүрэн эрхийн чинь гурван жилийн хугацаа өнгөрчихлөө. Одоо сайхан зүйл яриад ажил болгож амжихгүй шүү дээ?

Ямартай ч анхаарч байгаа нь чухал юм. Цаашдаа 2024 онд дахин сонгогдвол би ГЭР БҮЛИЙН ЯАМТАЙ БОЛГОХОД АНХААРНА. Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам гэж мөнгө, санхүүтэй холбоотой  хоёр яам байна. Гэтэл хүний хөгжил, гэр бүлийн хөгжил, хүүхдийн талаарх бодлого нь орхигдоод ирсэн. Хүүхэд, гэр бүл залуучуудын газар гэж том бүтцэтэй агентлаг байна. Үүнийг өргөжүүлээд яам бологоход улсын төсвөөс мөнгө гарахгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь энэ агентлагаа огт тоодоггүй. Хөгжсөн болон хөгжиж буй улсууд ГЭР БҮЛИЙН ЯАМ, АЗ ЖАРГАЛЫН ЯАМТАЙ байхад манай улсад байхгүй. Нэг сайдын орон тоо л яригдана. Хүүхэд, гэр бүлийн асуудлаа тээр доор хаячихаад араас нь хөөцөлддөг байж болохгүй!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.80.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.