Ж.БАТБААТАР: Харамсалтай нь манай улсын ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЖИЛ БҮР ХУМИГДАЖ байна!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-05-04

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож буй. Эл өдрийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бусад мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран “ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Ж.БАТБААТАРТАЙ ярилцлаа.

Танд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье. Манай улсын ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ямар түвшинд байна вэ?

Баярын мэнд дэвшүүлье. Манай улсын хэвлэлийн эрх чөлөө тун ХАНГАЛТГҮЙ байна. 2000 оны үед хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй улс байв. Түүнээс хойш жил бүр энэ үзүүлэлт буурч, байр ухарсаар байгааг олон улсын байгууллагаас тогтоосон. 2021 онд ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР 68 дугаар байрт байсан бол 2022 онд 22 байр ухарч 90 байранд орсон байх жишээтэй. Ийм хумигдмал, таагүй байдалд орж байгаа нь харамсалтай.

Иргэд Үндсэн хуулиар олгосон ҮГ ХЭЛЭХ эрхээ эдэлсэнийхээ төлөө ял шийтгүүлж, цагдаад дуудагдаж байгааг та судлаач хүний хувьд юу гэж дүгнэх вэ?

Иргэн хүн үг хэлсэнийхээ төлөө баригдсан, хоригдсон баримт надад алга. Хэвлэл мэдээлэл чинь иргэний үгээ хэлэх эрхийг хамгаалагч том салбар учраас улстөр, эдийн засгийн агуулгатай хяналт, хязгаарлалт орж байгаа нь үнэн. Ямар нэгэн дүрэм журам, хууль тогтоомжоор хэвлэлийн эрх чөлөөг хаах ийм хандлага түгээмэл байна.

2021, 2022 онуудад сэтгүүлчид мэргэжлийн үйл ажлаа хийж явахдаа цагдаа шүүхэд дуудагдах, гэмтэж бэртэх эрсдэл их гарлаа. Сэтгүүлчдийн энэ мэт зөрчигдөж буй эрхийг хэрхэн хамгаалах вэ?

Нэлээд хэдэн ийм тохиодол  гарсан. Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах эрхтэй байгууллагын хувьд онцгой анхаарч байгаа. Мэдээллийнхээ агуулгаас шалтгаалаад сэтгүүлчид өөрсдөө эрсдэлд орох тохиолдол байна.

Энэ салбарынхан сүүлийн 10 гаруй жил ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬТАЙ БОЛНО гэж яриад элдэв төсөл дээр суусан ч тусыг олж чадахгүй байна. Ер нь энэ хууль батлагдахгүй байгаа шалтгаан нь юунд байна вэ?

Олон жил энэ тухай ярьж байна. Гурван жилийн өмнө МСНЭ –с энэ хуулийн төслийн тухай мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад маш эрчимтэй хэлэлцсэн. Гэвчиг Засгийн газар болон хууль санаачлах эрхтэй байгууллагуудаас тавьж байгаа шаардлагууд нь ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ зүйлүүд орж ирдэг учраас өнөөдрийг хүртэл гацсан. Тийм учраас хуулийн муу зохицуулалттай болсоноос өөрчлөлт хийхгүй байсан нь дээр гэж үзсэн. Тэр өөрчлөлт нь эрсдэлд хүргэх аюултай байсан. Энэ салбарын эрх ашгийг зөвхөн бие даасан хуулиар бус бусад хуулиудад өөрчлөлт оруулах замаар дэмжих болно гэж үзсэн.

Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.