М.Сандаг: Гэр бүл гэдгийг би маш том хариуцлага гэж хардаг
Ярилцлага
/
2023-05-06
Цахим орчинд үг, үйлдлээрээ үлгэрлэдэг олон залуус бий. Хөлс хүчээ дуслуулж, хөдөлмөрлөж олсон орлогынхоо тодорхой хэсгээр бусдыг баярлуулж, нийгэмд эерэг энерги түгээж, зуун зуун хүүхдийг баярлуулж яваа, цахим орчинд Саага нэрээрээ танигдсан М.Сандагтай ярилцлаа. Тэрээр “Z Sneakers Shop” дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд Улаанбаатар хотын өнцөг булан бүрээр явж тусламж хэрэгтэй байгаа нэгнийг олж баярлуулдаг сайхан сэтгэлтэй залуу юм. Бичил бизнес эхлүүлж, эрхэлж байгаа тэрээр өөрийн боломжийн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон хүнд өглөгийн гараа сунгаж, хандивын ажилд идэвхтэй оролцдог.

Улаанбаатар хотын захын дүүргүүдээр явж маш олон хүүхэд, залуус, ахмадуудад пүүз болон гутал бэлэглэж нийгэмд эерэг хандлага түгээжээ. Ийм санаачилга хэзээнээс, яагаад гаргах болсон бэ?

Одоогоос жилийн өмнө хүүхэд, залууст бэлэг бэлэглэх сайн үйлсийн аяныг эхлүүлж байсан. Эхэн үедээ бэлэг өгч байгаа талаараа бичлэг хийдэггүй байсан. Харин хүнд туслахад заавал баян мөнгөтэй байх шаардлагагүй "Юу байна түүгээрээ дайлна" гэдэг үг шиг хүмүүст боломж бололцоогоороо сэтгэлийн дэм өгөх нь тэдэнд аз жаргал бэлэглэдэг юм байна. Тийм учраас бичлэг хийж залуучуудыг уриалж, бусдад эерэг зүйл түгээх сэдэл өгөх гүүр нь болохыг хүссэн. Мөн энэ хүнд цаг үед миний бичлэгийг үзсэн мянга мянган хүн бүр эерэг энерги, зөв хандлагыг аваасай гэсэндээ өөрийн санаачилсан сайн үйлсийн аянгаа бичлэг болгож нийгмийн сүлжээнд цацаж эхэлсэн.

Жилийн өмнөөс эхлүүлсэн гэхээр маш олон хүмүүсийг баярлуулсан байх?

Одоогийн байдлаар бичлэгээр зургаан дугаар, бичлэггүй 2-3 дугаар хийсэн байгаа. Миний хувьд яг хэдэн хүн баярлуулснаа тоолж үзээгүй. Ерөнхийдөө нэг хийгдэж байгаа сайн үйлсийн аян маань тодорхой төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө бүр нь нэг  сэдвийг хөндөж байдаг. Тэгэхээр нөгөө талаараа нийгэмд яг юу болж бүтэхгүй байгааг бичлэгээрээ дамжуулж харуулахыг зорьдог. Өнөөдөр хүн бүр сошиал орчинг ашиглаж байгаа ч тэнд хэтэрхий их сөрөг мэдээллүүд гарч байна. Эерэг мэдээлэл бага байдаг учраас хүмүүст төдийлөн хүрдэггүй. Эерэг мэдээллийг олон болгож, алдагдаад байгаа монгол хүний мөн чанар, өрөвч энэрэнгүй, өглөгч сайхан чанарыг эргэн сэргээх гүүр болж өгөхийг зорьж байна.

Мэдээж бэлэг авч байгаа хүмүүс их баярладаг байх. Гэхдээ өгөх нь авахаасаа илүү баяр жаргалантай гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд бэлэг өгч байх үед ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Энэ сайн үйлсийг би ганцаараа хийдэггүй, гэр бүлээрээ хамтарч хийдэг. Манай гэр бүлийн хүн бид хоёр ихэвчлэн хүүхэд болон өндөр настнуудаа баярлуулдаг. Хүүхэд, настай хүн хоёр баярлуулах нь сайн байдаг гэж Монголчууд ярьдаг шүү дээ. Тэднийг баярлуулахад хиргүй тунгалаг сэтгэлээр, чин үнэнээсээ баярлаж байгаа мэдрэмжийг авдаг. Тэдгээр хүмүүсийн баярлаж байгаа энэ энерги эргээд бидний гэр бүл, хийж байгаа ажилд, нийгэмд сайхан зүйлсийг дагуулдаг. Тийм учраас манай гэр бүл энэ зүйлийг хийхэд бүх л сэтгэл зүрхээ зориулдаг, үүнээс авч байгаа мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй сайхан. Баярлаж байгаа хүүхдийг харах маш сайхан мэдрэмжийг өгдөг.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.90.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.