Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Build Mongolia 2022” олон улсын үзэсгэлэнд оролцож, салбарт баримталж буй бодлогын талаар мэдээлэл өглөө
Үйл явдал
/
2022-04-21

Эрдэс баялгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, сүүлийн үеийн техник, технологи, инновацийг нэвтрүүлж олборлолтоос боловсруулах шатанд шилжих асуудал чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед “Build Mongolia 2022” барилга, уул уурхай, дэд бүтцийн текник, технологийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга нар оролцож, салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээн ажлын байрыг олноор бий болгох, олборлолтоос боловсруулах салбар болгон хөгжүүлэхээр хууль эрх зүйн шинэчлэл, цахим шилжилтийг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагасан хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Хүнд үйлдвэрийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм.

Эрдэс баялгийн түүхий эдийн дэлхийн чиг хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан салбарын бодлогыг “хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” гэсэн зарчмаар тодорхойлж, холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн дотоодын олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангах улмаар гадаад зах зээлд нээлттэй, ил тод, худалдах зарчмыг баримтлан ажиллаж байгаа талаар дэд сайд илтгэлдээ онцолсон.

Мөн уул уурхайн салбарын хөгжлийг хурдасгах суурь болсон хайгуулын салбарыг эрчимжүүлэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, олголтын хурд, тоог нэмэгдүүлэх цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Эрдэс баялгийн салбар нь улс, эх орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн ба 2021 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын бүтээгдэхүүний 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.35)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.