Хүүхдийн баярыг бусад улс оронд хэрхэн тэмдэглэдэг вэ?
Үйл явдал
/
2023-06-01
1954 онд НҮБ-ын ерөнхий ассамблей бүх дэлхийн хүүхэд багачуудын аз жаргалтай аж төрөх эрхийг хамгаалах зорилгоор “Хүүхдийн өдөр”-г санаачилж байжээ. Дэлхийн улс орнуудыг өөрсдийн соёл уламжлал, шашин, ёс заншлын дагуу эл баярыг аль тохиромжтой өдрөө товлон тэмдэглэж байх уриалгыг тийнхүү гаргасан байдаг. Тийм ч учраас зарим орнууд хүүхдийн баярыг нэгдүгээр сард, тэр ч бүү хэл аравдугаар сард тэмдэглэх нь бий. Зэрэгцэн орших олон арван ялгаатай улс үндэстнүүд хүүхдийн баяраа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдгийг сонирхуульё.

ХЯТАД

Урд хөрш Хятад оронд хүүхдийн баяр нэлээд өргөн дэлгэр тэмдэглэгддэг ажээ. 1949 оноос хойш тэд зургадугаар сарын нэгнийг хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байгаа бөгөөд, олон нийтийг хамарсан нийгмийн идэвхит ажлуудыг зохион байгуулдаг уламжлал тогтсон байна. Эл өдөр хятад хүүхдүүд гэр бүлийнхээ хамт тоглоомын парк, нийтийн талбай гэх мэт олон хүн хуран цугласан газруудад очиж, зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаануудад оролцдог. Хятадын бүх нутаг дэвсгэр даяар хүүхдийн өдөрт зориулагдсан фестивалиуд хэдэн мянгаараа болдог төдийгүй, тэдний ихэнхийг төрөөс зориудын санаачилга дор зохион байгуулдаг гэнэ.

ЯПОН

Дэлхийн хамгийн урт түүхтэй тэмдэглэлт өдрүүдийн нэг “хүүхдийн өдөр” Япон оронд жил бүрийн тавдугаар сарын нэгэнд тохионо. Тэдний хувьд жилийн хамгийн чухал өдрүүдийн нэгэнд яах ч аргагүй тооцогдоно. Учир нь Японы эрт цагаас уламжлан тэмдэглэж ирсэн таван баярын нэг нь энэ аж. Хожим 1948 онд хуульчлан батлажээ. Эл өдөр хүүхдийн бие даасан, тусгаар хувь хүн гэх онцлогийг Япончууд илүүтэй чухалчилдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг эхээс шууд хамааралтай биш, өөрсдийн гэсэн шийдвэр гаргах эрх чадвар бүхий бодгаль хүмүүс гэх үзэл санааг энэ ард түмэн тээж явдаг байна. Мөн үнэгүй амттан, идээ цагаа өрсөн ширээ, явуулын тэргүүд нутгийн хаа сайгүй ил гарах бөгөөд, хүүхдүүд хүссэнээрээ идэж баярладаг ажээ. Улаан үрийн нухаштай будаа болох Кашива мочи, зөөлөн амталсан будаа Чимаки зэргийг япон хүүхдүүд амтархан иднэ.

ЭНЭТХЭГ

1964 оноос өмнө Энэтхэгчүүд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Бал Дивас баярыг тэмдэглэдэг байв. Үүний утга учир нь хүүхэд багачуудыг нэг өдрийн турш баярлуулах, аз жаргалтай байлгахад оршдог юм. Харин 1964 онд тус улсын анхны ерөнхий сайд Жавахарлал Неру нас эцэслэхэд түүний дурсгалыг хүндэтгэж, төрсөн өдрөөр нь хүүхдийн баярыг тэмдэглэдэг болох шийдвэр гарснаар эл өдөр арваннэгдүгээр сарын 14-нд болсон байна. Ж.Неру Энэтхэгийн хүүхэд багачуудын төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, өвчин эмгэггүй аж төрөх боломжийг хангахаас эхлээд чанартай сайн боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэх гээд олон сайн зүйл дээр санаачлагч, бас бүтээгч байж чадсан түүхтэй. Эл өдөр ихэвчлэн сургуулийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулдагддаг. Багш, сурагчид хамтдаа хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ, тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээг бий болгодог байна. Мөн хүүхдүүд хамгийн тод, хурц өнгийн хувцсаар гоёдог уламжлалтай. Өдрийн турш сургууль дээр тэмдэглэлт үйл ажиллагаа болж өнгөрсний дараа хүүхдүүд гэртээ харьж, гэр бүлийнхээ хамт томоохон оройн зоог барьдаг ажээ.

ТУРК

Турк улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг ажээ. Энэ өдөр нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай нь, хүүхдүүд бэлэг тэмдгийн чанартайгаар парламентийн гишүүн болж үздэг явдал. Телевизээр нэр дэвшсэн хүүхдүүд дунд ерөнхийлөгчийн сонгууль хүртэл явуулдаг аж. Харин бусад үед нь гадаа талбайд хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээ, фестивалиуд өргөнөөр зохион байгуулагдана. Энэ өдөр өөр бусад орны хүүхдүүдийг турк өмсгөл хувцас өмсч үзэхийг уриалсан үйл ажиллагаа хамгийн их болдог байна. Өөрсдийн ёс заншил, соёл уламжлалыг орон орны хүүхдүүдэд тийнхүү сурталчилдаг нь тэмдэглүүштэй.

ТАЙЛАНД

Жил бүрийн нэгдүгээр сарын хоёр дахь бямба гарагт хүүхдийн өдөр тохионо. Тайландад хүүхэд гэдэг улс үндэстэн оршин тогтнох хамгийн чухал тулгуур хэмээх үзэл санаа түгээмэл. Тийм ч учраас эл өдөр хүүхэд бүрийн боловсрол төлөвшил, нийгэмд эгэх хариуцлага хэр түвшинд байгаа тухай яриа хэлэлцүүлгүүд зохион байгуулагддаг нь сонирхолтой. Тайланд хүүхдүүд баярын өдрөөрөө автобусанд үнэгүй зорчих төдийгүй, бүхий л тоглоомын парк, кино театр, үзвэр үйлчилгээний газруудад төлбөр төлөхгүй үйлчлүүлж болдог. Тэр ч бүү хэл засгийн газрын ордонд ороход ч нээлттэй бөгөөд хүүхдүүд усан цэрэг, нисэх хүчний баазуудад зочилж, танилцдаг ажээ.

МЕКСИК

Мексик улсад дөрөвдүгээр сарын 30-ныг хүүхдийн өдөр болгон тэмдэглэнэ. Сургууль цэцэрлэг, тоглоомын паркууд хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Хичээлийн цагууд энэ өдөр янз янзын хоол, тоглоом наадам, баяр цэнгээний үйл ажиллагаагаар солигддог учир хүүхдүүд сургууль руугаа тун дуртай очдог гэнэ.“Илжигний сүүлийг бариарай” тэргүүтэй үндэсний тоглоомуудыг ихээр тоглох бөгөөд, ардын хүүхдийн дуунуудыг заавал дуулдаг уламжлалтай. Мөн амттай оройн хоолыг хэзээ ч мартахгүй, айл бүр энэ өдрийн зоогонд маш өндөр ач холбогдол өгдөг заншилтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.117.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.