Т.ЗОЛЗАЯА: Гэр бүл гэдэг миний хувьд хамгийн том өв хөрөнгө
Ярилцлага
/
2023-06-03
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд "АЛДАРТ ЭХ" I, II одон гардуулах ёслолын үеэр зургаан хүүхдийн ээж иргэн Т.Золзаяатай уулзаж, цөөн хором ярилцлаа

Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцах боломж олгосон танд баярлалаа. Гэр бүлийнх талаар яриагаа эхлэе

Сайн байна уу? Намайг Түмэнбаярын Золзаяа гэдэг. Зургаан хүүхдийн ээж. Гэр бүл гэдэг миний хувьд хамгийн том өв хөрөнгө гэж боддог. Нөхөр бид хоёр 14 настайдаа  танилцаж 17 жил хамт амьдарч байна.

Зургаан хүүхэдтэй гэлээ. Анх ээж болоход танд ямар, сэтгэгдэл төрч байсан бэ?

Анх ээж болоход үгээр хэлэхийн  аргагүй сайхан мэдрэмж байсан. Хүүгээ хараад надаас ийм хөөрхөн хүүхэд төрсөн гэж үү дээ гэж бодогдоол хайр хүрээд бүхий л өвдөлтөө мартдаг юм байна лээ. Эмэгтэй хүн ээж болохоороо л мэдэрдэг гэж ярьсныг, ээж маань биднийг яаж төрүүлж, өгсөж сургаж байсныг ойлгосон. Би сайн ханьтай учраас зургаан хөөрхөн үртэйгээ сайхан амьдардаг. Үнэхээр л халамжтай, хайртай, түшигтэй, тулгууртай үр хүүхдийнхээ зөв үлгэр дуурайлал сайн аав.

Залуу хүн байж эрт олон хүүхэдтэй болчихлоо гэсэн шүүмжлэл байдаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

Тийм шүүмжлэлийг ойр тойрныхоо хүмүүсээс нэлээд сонсдог. Гэхдээ хүн 30 нас хүртлээ хийж бүтээсэн тогтсон зүйл байдаггүй. Харин би 30 настайдаа зургаан хүүхдийн ээж болчихсон. Энэ хэмжээгээр миний амьдрал дээшлээд, дэлгэрээд өргөжөөд явж байна. Би чинь аавынхаа амины охин нь байсан шүү дээ.

Аавын амин охин гэхээр нэлээд эрхэлж өссөн үү. Аавынхаа тухай хуваалцаач?

Миний аавыг П.Түмэнбаяр гэдэг. Баянхонгор аймгаас гаралтай хүн бий. Миний аав чинь уул шиг түшигтэй, сүү шиг сэтгэлтэй, ханьдаа халамжтай, өөрт байгаа бүхнээ бэлэглэдэг тийм л хүн дээ.

Таныг хэн ч харсан 30 настай гэж хэлэхээргүй байна шүү дээ. Нууц нь юундаа байна вэ?

Дээр үеийн хүмүүс ярьдаг даа. Олон хүүхэд гаргахаар цус  шингэрдэг гэж. /инээв/ Сайн ханьтай учраас гэрэлтэж явдаг даа. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.217.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.