О.БААСАНХҮҮ: Ард түмэнд МАН-д БҮРЭН ЭРХ МЭДЭЛ өгсөнийхөө шанд ЯДУУ, ГУЙЛГАЛЧИН, УЛНЫ АМЬДАРЧ байна!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-06-06

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Хөгжлийн банкны гэх хэрэгт шүүгдэж буй нэр бүхий этгээдүүдэд өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа юм.

Та УИХ-ын гишүүн байж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан, парламентч хүн. Үндсэн хуулийн өөрчлөлт зөв байв уу?

Иргэд, уншигчид маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа ч, ийм бүрэлдэхүүнтэй парламентын гишүүд, эрх баригчид хэлэлцэн батлахын эсрэг байгаа. Гэвч тэд хүчээр баталчихлаа, харамсалтай нь! Өөрчлөлт нь өөрсдийнхөө эрх мэдэлтэй байх зүйлийг л хүчээр хийчихсэн. Гэтэл Монголбанктай холбоотой, мөнгөний бодлогын асуудлыг тусгах ёстой байсан. Ийм байж боломгүй заалтыг тусгасан өөрчлөлтийг СЭТГҮҮЛЧИД, урдаа барьдаг С.Баяр, Э.Бат-Үүл, Б.Баабар тэргүүтэй сэхээтнүүд “ХӨХӨН ДЭМЖИЖ, ДОЛООСОН”-д л миний эгдүү хүрээд байгаа юм. Ялангуяа сэтгүүлчид, хэвлэлийнхэн мэдээ сурвалжлага бэлтгэхдээ “СОНГОДОГ ПАРЛАМЕНТЫН ЭХЛЭЛ БОЛЛОО”  гэж мэдээллэх. Сонгодог урлаг гэж байдаг болохоох “СОНГОДОГ ПАРЛАМЕНТ” гэж байдаггүй юм. Агуу зоригтой, мундаг өөрчлөлт боллоо гэж ХУДЛАА ярихаа боль. МАН-ынхан Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгай зэрэг хэрэгт 62 суудлаа алдчихсан. Тэд 62-уулаа Үндсэн хууль өөрчлөөгүй.

Улаам цайм эрх баригчид хүч түрээд баталлаа шүү дээ? Та ч харсан биз дээ...

Тэд сурталчилгаагаа хийхдээ 91 хувиар Үндсэн хуулийг өөрчиллөө гэсэн. Ингэж худлаа ярьж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд “УИХ-ын 76 гишүүний 3/2-р Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлана” гэсэн хуулийн заалттай. Гэтэл хуралд оролцсон гишүүдийн 91 хувиар баталсан. Тэр нь 62 гишүүн. Түүхэн эмгэнэл. АН-ыг нийлүүлж байгаад хүчээр Үндсэн хуулийг өөрчилчихлөө. Нэг жилд хоёр удаа шүү. АН-ын хэдэн нөхдийг мольгидож байгаад шүү дээ!! Сайд дарга болгоно гэж хуурч байгаад л өөрсдийнхөө эрх ашгийг хангачихлаа. Өмнө нь ДАВХАР ДЭЭЛИЙН хуулийг батлуулчихсан. Сая АН-ын хэдийг ЖАГСААЛТААР Л ТА НАР НЭР ДЭВШИХГҮЙ БОЛ АЛСДАА ХЭРЭГТЭН БОЛНО ШҮҮ” гэж барьцаалж байгаад хүчээ нэгтгэчихлээ. Би бас судалгаа хийсэн. МАН-ын судалгаагаар ч бас тоо нэмэхийг ард түмэн ОГТ ДЭМЖЭЭГҮЙ юм  билээ.

Таны хандлагыг ажиглахнээ МАН-д үнэхээр дургүй юм шиг. Гэтэл МАН-ын “охин нам” буюу МАХН-ын гишүүн байсан. Тэрч бүүхэл дарга нь болно гээд ЧИЧРЭЭД ЯВСАН удаатай. Яагаад ийм хандлага гаргадаг юм бэ?

Би шулуухан хэлье. 1994 онд Ардчилсан намд орсон юм. 2008 оны үймээнээр золгүй байдлаар амиа алдсан таван иргэний ар гэрийнхэний хүсэлтээр би хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөл хийсэн. Тухайн үеийн МАН-ын удирдлагууд, тэдний шууд томилгоогоор очсон цагдаагийн дарга нарын буруутай үйлдлээс үүдсэн хэрэг. Дараа нь 2012 онд МАХН-ыг байгуулалцсан. Шалтгаан нь юу гэвэл 1992 оноос өмнө Монголын бүх иргэн автоматаар МАН буюу одоогийн МАН-ын гишүүн байсан. Тэр утгаараа иргэдийг талцуулахгүй байхыг хүсэж би МАХН-ын тугийг хоёр удаа өргөж, жагсаалтаар болон тойргоос нэр дэвшиж оролцож байсан. Тийм учраас би одоогийн МАН-ын гишүүдийн ахмадууд, тэдний эцэг эхэд өөрийн эцэг эх шиг хайртай. Тэднийг хүндэлдэг.

Тэгээд яагаад дургүй байдаг юм бэ...?

Тэдний алдар нэр, үүх түүхийг хэсэг бүлэг этгээдүүд ашиглаад хувьдаа улсын хөрөнгийг завшиж, хэт баяжаад байгаад л дургүй хүрдэг. Дээр үед нэгдэл гэж байхад тэдгээрийг удирдаж байсан дарга нар хожим нь бүгдийг нь хувьчлаад авчихсан. Нэгдлийн дарга нар МАХН-ын гишүүд байсан. Тэд төрөөс хулгайлсан мөнгөөрөө “ХОТОЧ” гэдэг банк байгуулаад “”ЭРДЭНЭТ”-ийг тонох гэж байсан. Түүнд нь шалгалт оруулж, хамаг “НО”-г нь илчилсэн ажлын хэсгийн ахлагч С.Зоригийг хөнөөчихөөд өнөөдрийг хүртэл илрүүлэхгүй, нуун дарагдуулж байна. Тийм учраас би энэ намыг эсэргүүцэж байгаа юм. МАН-д ард түмэн бүрэн эрх мэдэл өгсөн. Түүнийхээ ШАГНАЛЫГ өнөөдөр ГУЙЛГАЧИН ХЭЛБЭРЭЭР, УЛНЫ ЯДУУ БАЙДЛААР, доромжлуулан АВЧ БАЙГАА нь хувь тавилан. Харин хэзээ ч бүрэн хариуцлага нэхэж байгаагүй!! Эхлээд нэг хүнийг УЛНЫ амьдруулж байсан бол сүүлдээ улсаар нь улны болгож байна. Ийм буруу бодлогыг  эсэргүүцдэг.

Та гишүүн байж үзсэн. Одоо гудманд байна. Ялагдсандаа гомдоллоод байгаа ч юм шиг зүйл бичиж, ярьдаг шүү дээ?

Баасанхүүгийн гишүүн байна уу, гишүүн бус байна уу, тэр ямар ч хамаагүй. Эрх баригчдыг миний хэлж ярьж байгаагаас ядаж ганц ч гэсэн санаа аваасай, өөрчлөөсэй л гэж боддог. Гишүүн байхад хуулийн төсөл өргөн барих, ганц нэг зарчмын зөрүүтэй санал хэлэх л эрх мэдэлтэй. Гэтэл ЯЛСАН НАМЫН ГИШҮҮН байх чинь асар их эрх мэдэлтэй байдаг юм. Юу г л бол юуг өөрчилж болох хэмжээний эрх мэдэл. Монгол улсыг өөрчлөх эрх мэдэл үүсдэг. Би ЯЛСАН НАМЫН ГИШҮҮН БАЙМААР БАЙНА!!! Ойлгож байна уу... /инээв/

Ялсан намын гишүүнд улс эх орноо өөрчлөх эрх мэдэл бий гэлээ. Ерөнхий сайд ч бас үүнийг батлах мэт “76 Ерөнхий сайдтай болчихсон энэ тогтолцоог Үндсэн хуулиар өөрчлөхгүй бол гишүүн бүр гүйцэтгэх засаглалын ажил руу ордог болчихсон” гэсэн агуулгатай зүйл ярьна лээ...

Нэг зүйлийг тодотгож хэлье. Үндсэн хуулийн саяны өөрчлөлтөөр “УИХ нь 126 гишүүнтэй байх ба 78-ыг нь тойргоос сонгоно, 48-ыг нь жагсаалтаар сонгоно” гэсэн ганцхан өгүүлбэр л нэмсэн. Өөр юу ч өөрчлөгдөөгүй! Тэгэхээр УИХ-ын гишүүдийн эрх мэдэл хэвээрээ байна л гэсэн үг. Ардын намынхан ямар бохир зүйл хийсэн бэ гэхээр 126 гишүүнтэй болж чадахгүй ч 40-с илүү суудал авчихвал Засгийн газраа ахиад байгуулна л гэсэн үг. Энэ чинь эрх мэдлийн үе шатыг багасгасан л хэрэг. Энэ мэтээр эрх мэдлээ улам л баталгаажулусан хэрэг. Хэн ч гоё ярьж чадна. Би бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг пастар байсан хүний хувьд БУРХАНЫ ҮГИЙГ дамжуулж ХАМГИЙН ГОЁ ЯРЬЖ ЧАДДАГ гэж боддог. Агуу гоё илтгэгч, гоё ярьдаг хүн. Одоо ҮР ЖИМС нь буюу үр дүн нь хэрхэн гарахыг л харъя!! Тэд сонгогчдын сэтгэхүйд тааруулж яриад байна. Ард түмний мэдээлэл төрд л байгаа шүү дээ. Бүх булхай, но нь төрд л байгаа. Гэтэл өөрт байгаа мэдээллээ гэнэтхэн дэлгэж оноо цуглуулж, суртал ухуулга хийсэн. Ардын нам дараагийн эрх мэдлээ авахын тулд таны мэдээллээр таныг хуураад байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй сүүлийн үеийн бодлого шийдвэрт ямар байр суурьтай байна? Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор боллоо, цалин тэтгэвэр нэмэгдэх нь гээд нааштай шийдвэрүүд гарлаа шүү дээ?

Эрх баригчид дандаа ард түмэнд таалагдах гэж шийдвэр гаргаж байна. Азидаа тэргүүлэх эдийн засгийн өсөлт худлаа. Эдийн засаг өмнөхөөсөө гурав дахин муудчихсан. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно гэдэг чинь дахин сонгогдохгүй байхаасаа л айсан шийдвэр. Монгол улсад өнөөдөр 51 мянган хүүхэд ямар нэгэн асуудалтай гэсэн статистик тооцоолол гарсан. 31 мянган хүүхэд хагас өнчин,  хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд байна. үлдсэн нь бүтэн өнчин гэсэн ийм судалгаа байна. Энэ хүүхдүүдэд 150 мянган төгрөг гээд нэмээд өгчих тийм бодлого хэрэгтэй.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН гэмт хэрэгтэй сайн тэмцэж байна. Шувуу, Шүгэл, Шилэн, Шүүр гэх мэт сүртэй нэртэй ажиллагаа явуулж байгааг та хуульч хүний зүгээс хэрхэн дүгнэж байна. Үр дүнд хүрэх болов уу ?

Засгийн газар 30 жил АВЛИГТАЙ ТЭМЦЭЖ байгаа. 2016 онд сонгуулийн үед баахан хүнийг АВЛИГАЧИН гэж цоллоод барьж хорьсон. Дараа нь бүгд л суллагдсан. Энэ бол сонгууль угтсан ШОУ үзүүлбэр. Авлигачинтай тэмцсэнээр АВЛИГА буурдаггүй. Авлигын үндсийг тасалсанаар АВИЛГАТАЙ ТЭМЦЭНЭ гэж нэг төрийн бус байгууллагын тэргүүн хэлсэн. Миний дуулсанаар Прокурорын байгууллагад УИХ-ын гишүүдийн 11 хэрэг, шүүх дээр дөрвөн хэрэг байгаа гэж дуулсан. Эднийг яагаад шийдэхгүй байгаа юм. Хуулийн байгууллагынхан яагаад энэ хэргийг шийдэхгүй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэн ард нь байгаа юм бэ...? Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, төгрөгийн ханшийг өсгөх ёстой. Энэ ажлаа хийхгүй байна. Засгийн газар нэг хуулийн төслийн яаралтай оруулж ирж батлуулах ёстой!

Ямар хууль...?

Ковидын дараах татварын өршөөлийн хууль. Манайхан тухайн үедээ ковид бол дайн гэж хэлээд бүх иргэдээ гэрт нь хорьж, бизнесээ боомилсон. Одоо эдийн засгаа сэргээе гэж байгаа бол ТАТВАРЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ санаачлан батлах ёстой. Мөн эдийн засгийн өршөөлийн хууль батлаад ЖДҮ эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй.

Сангуудын хулгай гэж бас нэг зүйл гарлаа шүү дээ?

Өмнө нь ярьж байсан сэдэв. Яг одоо илэрч байгаа нь зүгээр л Засгийн газрын санхүүжилттэй жүжиг. Шударга юм яриад байгаа сэтгүүлчид ч бас сангуудаас хусчихсан л юм билээ шүү дээ? Ирэх жилийн сонгуулийн саналын ханш нь 300 мянган төгрөг болсон юм билээ шүү дээ.

Та бол улстөрч хүн. Ирэх сонгуульд ТООНООР ОРОХ УУ, ТОЙРГООС ҮЗЭХ ҮҮ?

Нам л шийднэ. Би чинь нэг хүний намд ороогүй. Байгаа боломж, тогтолцоо, бодлогыг дагана. Манай гэргий битгий дэвш, хамаг цаг заваа барах юм байна. Гишүүн биш байхад надад амар байна. Авдаг цалин нь 10 дахин нэмэгдсэн. Гэдхээ миний зорилго бол ЯЛСАН НАМД орж Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, эрүүгийн хуулиудад өөрчлөлт оруулмаар байна. Хоёрдугаарт 30 жил эрх баригчид ард түмнийг хуурлаа. Одоо болно. Эхлээд халуун саваар хуурлаг байсан бол сүүлдээ АВЛИГАЧДААР хуурдаг боллоо. Төрийн албан хаагчид айдастай байна. Тэдэнд итгэл найдварыг дахин төрүүлэхийн тулд улстөрдөө буцаж орно. Сонгогдохгүй байсан ч хамаагүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.226.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.