Ц.ШИЙРЭВ: Миний шавь нар өсвөрийн хүүхдийн барилдаанд 8 ТҮРҮҮЛЖ, 20 гаруй нь ШӨВГӨРСӨН
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-07-11

Жил бүрийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд өсвөрийн хүүхдийн барилдаан цуг болдог. Хүүхдийн барилдаанд түрүүлсэн нь УЛСЫН ШОНХОР, үзүүрлэсэн нь УЛСЫН ШАНДАС цол олгодог. Сүүлийн хэдэн жил үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд шавь нар нь онцгой сайн барилдаж түрүү үзүүр хүртэж, улмаар улсын цол хүртсэн түүхэн амжилтын эзэн бол Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэв багш билээ. Тэрбээр өнөө жил мөн л өсвөрийн барилдаанд барилдах хүүхдүүдийг болон жудогийн өсвөрийн багаа авч Төр хурахын аманд наадмын бэлтгэлээ базааж байхуйд зочилж цөөн хором ярилцлаа.

Жилийн жилд шавь нараа бэлтгэлд авч гардаг. Шавь нар нь ч урамтай сайхан барилддаг. Улсын наадмын өсвөрийн барилдаанаас танай шавь нараас хичнээн түрүү хүртсэн байна вэ?

Дасгалжуулагч болсоноос хойш 30 орчим жил болжээ. Сүүлийн хэдэн жил өсвөрийн барилдааны хүүхдүүд бэлтгэж байна. Манай шавь нараас улсын баярын хүүхдийн барилдаанд найман түрүү хүртсэн. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Улсын начин Лхагвадорж шавь маань 14, 15, 16 насны хүүхдийн барилдаанд гурван жил дараалан түрүүлж байсан удаатай. Нацагдорж, Пүрэвсүрэн, Самданжамц нарын олон хүүхэд байгаа. Үзүүр түрүү, шөвгийн дөрөв гээд тооцохоор 20 орчим болдог. Тэдгээрээс улсын заан Д.Анар, Б.Серик, улсын начин Түвшинтөгс гээд ид барилдаж байгаа сайхан залуучууд байна.

 

Өсвөрийн хүүхдүүд бол ирээдүйн алдарт аварга арслангуудын залгамж халаа. Хүүхдүүдэд бөхийн тухай ойлголт зааж сургахаас хамгийн түрүүнд юуг зааж сургах ёстой вэ?

Монгол үндэсний бөх чинь 800 гаруй жилийн түүхтэй. Судлагдаагүй олон ч мэх байна. Мэндлэх, хүндлэх, унах, тахим өгөх, бие чангарах зэрэг олон зүйлийг сургаж болно. Ёс жудаг, домог түүх тэр болгоныг таниулах ёстой. Бөх хамгийн элхээд хүн байх ёстой. Бусдыг хүндлэх, мэндлэх ёс заншил гэж их чухал зүйл бий. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа. Зүгээр хэн дуртай нь барилдах нь чухал биш. Дээл, малгай, гутлаа хэрхэн өмсөх, зодог шуудаг ямар чухал вэ гээд л олон зүйлийг эхнээс нь сургадаг.

Бөх морь хоёр удам дагадаг гэдэг дээ...?

Тийм. Үнэн шүү. Одоо энэ бэлтгэлд гарсан хүүхдүүд ч бас өвөө нь, аав нь, нагац, авга талд нь заавал нэг бөх байсан хүний үр хойч байна. Морь бөх хоёр удам дагадаг нь гарцаагүй үнэн. Сайн ч бөх олон төрсөн. Гурав дахь, дөрөв дэх үе нь гээд л ээж аав нь шавь оруулдаг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.85.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.