Өнөөх л ЖЕНКО...
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-08-23

Ер нь шуудхан хэлэхэд Монголын улстөр “гунигтай” болчихсон. Учир нь улстөрийг сонирхолтой болгож байсан Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, З.Энхболд, Х.Баттулга нар аажимдаа шахагдсаар, эдлэх ёстой хамгийн том эрх ямбаа эдэлчихээд бүгд гараад явцгаасан. Тэд улстөрөөр яг л ШАТАР НҮҮЖ байгаа шиг их уран, төвөгтэй, хорчин нүүдэл хийж тоглодог улстөрчид байв. Улстөрд байх нь сонирхолтой, байхгйү бол уйтгартай юмсанж. Ялангуяа хэт олонхийг бүрдүүлж буй нэг нам эрх барьж буй энэ үед тэдэн шиг хэрэгтэй хүмүүс ховор болчихоор утгагүй байх нь дамжиггүй.

Женко Х.Баттулга бол сүүлийн 16 жилийн монголын улстөрийнхөд “мэрээд мэрээд эмтэлж чадаагүй хатуу ааруул” хэвээр байна. Ц.Элбэгдоржийн УРАН, ЗАЛЬЖИН ГОЁ ҮГС, Ц.Нямдоржийг ХОРОН ЁЖ ХЭЛЛЭГҮҮД, З.Энхболдыг дээрэлхүү гэмээр ч зандрангуй авчир, Ж.Батзандангийн худлаа ярилт гээд нэг хэсэгтээ л сонирхолтой болгодог байв. МАН-ынхан дотроос С.Баяр шиг “даалуучин” байхгүй. Сэтгэл хөдлөлөө нууж, өвчнөө инээдээр далдалсан хамгийн хашир улстөрч бол яах аргагүй С.Баяр юм. Т.Бадамжунай бол “МӨНГӨӨР ТОГЛОСОН” л эрхэм. Улстөрчийн зангараг, нийгэмд танигдсан этгээд зан байгаагүй. Тэгсэн хэрнээ шүүх, цагдаа, прокурор, тагнуул гээд бүгдэд нь аалз шүлсээ наасан шиг наалдаж чадсан эрхэм насны эцэст гэмт хэрэгтэн болчихсон яваа.

Харин эдгээрээс яаж ч шалгаж, шүүж, бохирдуулсан ч “АРД ТҮМЭН АРД НЬ ЗОГСДОГ” нэг хачирхалтай хулгар нөхөр байх нь эрхэм ЖЕНКО юм. Түүний сонин этгээд зан чанар өөрийг нь Монголын улстөрийн хамгийн өндөр суудалд хүргэсэн. Бизнесийн  салбарт ч бас гол хөрөнгөтнүүдийн тэргүүнд бичигддэг. Тэр ил далдаар маш олон удаа шүүгдэж, шалгагдсан. Анх л 17 чингэлэг спиртийн хэрэг, сүүлд төмөр замын овоолсон шорооны асуудал, одоо нүүрсний хулгай, эдийн засгийн хамгийн их хохироосон гэмтэн, хөгжлийн банкны луйварчин гэх зэргээр мөнч их ухуулж, төнхүүлж байна. Азтай нь түүнээс ямар ч “но” илрэхгүй нь сонин. Оньсого шиг хүн юм. Эрх баригчдийн хамгийн заналт дайсан нь тэр. Аргагүй ш дээ. Өөрт олдсон боломжоо ашиглаж МАН-ыг ТАТАН БУУЛГА гэж дээд шүүхэд албан бичиг илгээж байсан юм чинь.

Тэр хамгийн олон дайсантай, дайснаасаа ч олон дэмжигчтэй цор ганц улстөрч. Хамгийн өндөр дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн суудлаас буусан. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг хууль зөрчсөн хэмээн олон нийтэд зарласан ч өнөөдрийг хүртэл яг ямар хуулийг яаж зөрчсөн нь тодорхойгүй. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч түүнийг буруутан гэсэн ч юунд буруутгах учраа олоогүй. Хууль зүйн сайд Х.Нямбаатар түүнийг Монголын эдийн засгийг гацаасан гэмт хэрэгтэн гэсэн ч яаж гацаасан нь тодорхойгүй. Ямартай ч яллах ёстой гээд улайран дайрч буй.

Тэр бол хамгийн зузаан намтартай, баялаг түүхтэй, бахдам амжилттай ХУВЬ ХҮН болох нь гарцаагүй. Одоо ч ээдрээ нь тайлагдаагүй байгаа “17 чингэлэг спирт”-н хэрэг, “мухах төмөр зам” төсөл, “хувьчлалаар авсан компаниуд”, “жудо бөхийн холбоо”-г хэрхэн амжилттай удирдсан зэргээр нь кино зохиол бичсэн ч баримт сэлт илүүднэ гэхээс дутахгүй. Улстөр, бизнесийн нөлөө бүхий томчууд  хоноглож байдаг “БАЯНГОЛ” зочид буудлыг долоон давхарын том өрөөнд тэр суух.

Монголчуудын цээжээ дэлдэж бахархдаг их хааны “Чингисийн морьт хөшөө”-г тэр л босгож гадна дотны жуулчдын нүдийг хужирлаж байна. Үүнээс өөр үзүүлчих зүйл бүтээсэн баячууд одоогоор үгүй. Бас болоогүй ээ “МАЙДАР ХОТ” гээд бараг өөрөө дэмжигчдээ аваад нүүгээл оччих хэмжээгий том газар нутагтай нэгэн төслийг эхлүүлчихсэн. Газар, дэд бүтцийн асуудлыг нь улсаар шийдүүлчихсэн зайтай эр. Болсон болоогүй, бүтсэн бүтээгүй мөн ч олон төсөл эхлүүлсэн хүн.

Угаас л улстөрчийн замналыг сонгосон учраас төр их улстөрөөс холдож чадахгүй л байгаа бололтой. МАН-ынхан бараг 100 хувь дуу нэгтэйгээр АН-ыг хоёр хуваасан буруутан нь Х.Баттулга гэж хэлдэг. Тэр бутарсан намаа эвлүүлэхээр ард түмний дэмжлэгийг авч намын дарга болсон ч Дээд шүүх түүнийг бүртгэн баталгаажуулаагүй. Яг үнэндээ тэр бол МАН-ынхны зүрхэнд шар ус хуруулж чаддаг зангарагтай улстөрч. Монголын төлөө гэх сэтгэлтэй ЧӨТГӨР БАЙСАН Ч ХАНЬСАНА гэж нэгэнтээ хэлж байсан.

Энэ ч үүднээс тэр өөрийн хүрээллээ ч сонгож, нэгтгээд амжиж. Нэг хэсэг хажууд нь сүүдэр мэт дагаж байсан бидон хочит Д.Ганбат гишүүн нүүр буруулсан байна. Зөвлөх нь хэмээн долоох шахам явж гишүүн болсон Ж.Батсуурь ч нүүр буруулсан. Одоо түүнтэй “босоо” хэмээх С.Ганбаатар дөрөө харшуулан цогьж явна. Тэд хамтдаа “Хөх монголын хөх туг” хэмээх аян өрнүүлж, Ардчилсан холбооны нөхдүүдтэйгээ уулзан, улстөрийн нам байгуулах тухай яриа хийж, 2024 оны сонгуульдаа бэлдэж явна.

Арван таван толгойтой Ардчилсан намынхан арай гэж нэгдэж Лу.Гантөмөр гэгч даргатай болсон. Энэ нам хэзээнээсээ л бүлэг фракцаараа ялгаран бутарч эвлэрч байдаг жамтай. МоАХ бол Ардчилсан намын хамгийн хүчтэй фракц. Ялангуяа Х.Баттулгын удирдсан энэ цаг үед улам ч хүчтэй байна. Ирэх 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвших эрхмүүд Лу.Гантөмөртэй бус Женкотой тулж уулзаж байж квот авах нь дамжиггүй. Ямартай ч ӨНӨӨХ  Л ГАЙХАЛ ЖЕНКО чинь хүчээ сэлбэж, дэмжигчдээ сэргээхээр хөдлөөд эхлэж. Тэр хүчтэй байна!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.