БГ: ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
main_image

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд Засаг даргын зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэй оролцсон бөгөөд  төлөвлөгөөний дагуу Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн дарга нар хэлэлцэх асуудлаа танилцууллаа.

Энэ удаагийн хурлаар нийт 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Хороо хуваах ажлын хэсгийн тайлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны 2022 оны тайлан, Баянгол дүүрэгт 2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлын  танилцуулга, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,  Засаг даргын нөөц хөрөнгийн 2022 оны зарцуулалт болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.  

Зөвлөлийн хурлын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар харьяа хэлтсүүд нийгмийг хамарсан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүдтэй хамтарч ажиллах, мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Учир нь, дүүргийн Засаг дарга иргэдтэй уулзах үеэр мөн дүүргийн ЗДТГ-т иргэд, оршин суугчид  хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр мэдээлэл авах, тодорхой хүрээнд өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавихаас гадна энэ талаар өргөдөл, гомдол байнга ирүүлдэг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг судалж үзээд зарим иргэний асуудлыг шийдвэрлэдэг  ч хөрөнгө мөнгө, санхүү зэрэг олон хүчин зүйлээс болж зарим асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсүүд хоорондоо мэдээллээ харилцан солилцож ажиллавал хэрэгжүүлж байгаа нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрүүд иргэдэд илүү хүртээмжтэй, үр дүнтэй байж болох тухай саналаа хэллээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.158.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.