БГ: Ө.СУМЪЯАБААТАР: III, IV сард дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна
main_image

Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.02.28/ боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд нь өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга 5 үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврууд 100 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.

Сар шинийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал үүсдэг газруудад хяналт тавьж ажиллалаа  

Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэст үүрэг болгосон. Тэгвэл сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал болон түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсээс томоохон дэлгүүр, худалдааны төвийн ойр орчимд үүсэх түгжрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлгөөн зохицуулалт тухай бүр хийх чиглэлээр хуваарь гаргасан ажилласан байна. Мөн цагдаагийн алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс” зах, 3, 4 дүгээр хороолол зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг газруудад хяналт тавьж, баярын амралтын өдрүүдэд 12:00-19:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Мөн сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал ихсэхтэй холбогдуулан 14:00-21:00 цагийн хооронд Улз-14 бүсийг нэмэгдлээр ажиллуулсан байна.

Цагдаагийн байгууллагад иргэдээс ирэх гомдол, мэдээллийн тоо буурчээ  

Шуурхай хуралдааны үеэр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа сар шинийн баярын өдрүүд буюу сүүлийн 14 хоногт дүүргийн хэмжээнд эрүү болон хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ингэхдээ сүүлийн 14 хоногт иргэдээс ирэх гомдол мэдээллийн тоо харьцангуй буурсан. Тухайлбал, дүүргийн Цагдаагийн газарт  2023 оны нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 12-ны өдөр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1300 гомдол, мэдээлэл ирж байсан бол хоёрдугаар сарын 13-аас 26-ны хооронд 1000 дуудлага мэдээлэл ирж 23 хувиар буурсан байна.

Мөн Цагдаагийн газраас “Сар шинэ-2023”-нэгдсэн арга хэмжээний хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос 25-ны өдөр хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлж, 09:00-15:00, 15:00-20:00 цагийн хугацаанд давтагдсан тоогоор 180 чиглэлд 360 алба хаагчийг үүрэг гүйцэтгэлээ. Ингэхдээ Эргүүл хамгаалалтын газар, Дотоодын цэргийн анги, байгууллагаас нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж ажилласан гэсэн юм. Түүнчлэн сүүлийн үед залилан, хулгайн гэмт хэргээс гадна зам тээврийн осол цөөнгүй бүртгэгдэхээс гадна дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудад гэмт хэрэг их гарч байна” гэсэн мэдээллийг өгсөн.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Цагдаагийн газар болон Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууд, үйлчилгээний байгууллагуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан мэдээлэл, зөвлөгөө хүргэх ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцоллоо.

Гал түймрийн 6 дуудлага иржээ


Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч С.Жанузак сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-оос 27-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн аюул, осол болон цаг үеийн бусад мэдээллийг өглөө. Тэрбээр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс долоо хоногийн хугацаанд анги гал түймрийн 2, дүүргийн хэмжээнд 4 гээд нийт 6 дуудлагын дагуу ажиллаж галыг унтраасан. Тухайлбал, хоёрдугаар сарын 26-ны өдөр дүүргийн 6-р хороо 39-р байрны ...тоотод утаа гарч байна гэсэн  дуудлагыг 05:02 цагт хүлээн авч ГТУА 10-р ангийн д/ч Б.Цогтбаяр удирдсан тасаг очиход иргэн Г-ийн 3 өрөө байрны унтлагын өрөөний эд хогшил шатаж байсныг унтраасан. Тухайн газар ямар нэгэн газ дэлбэрээгүй, цахилгааны утас хэсэгт ямар нэгэн шаталт үүсээгүй байсан. Мөн ямар нэгэн бэртэж гэмтсэн, угаартсан хүн байхгүй, Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн мэдээллийг өглөө.   

Хүүхдийн томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгджээ


Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага хэрхэн ажилласан талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулсан. Баярын өдрүүдэд иргэд хоолны хордлого боллоо гэсэн дуудлага цөөнгүй ирсэн. Мөн энэ жилийн сар шинийн золгуут өргөн дэлгэр болсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хоногуудад бага насны хүүхдүүдийн томуу, томуу төст өвчний нэмэгдэж байна. Тэр дундаа бага насны буюу 0-1 насны хүүхдийн өвчлөл эрс нэмэгдсэн. Гэвч эмч, боловсон хүчний хомсдол үүсэж, нэг эмчид ноогдох ачаалал 2-3 дахин нэмэгдэж байна. Иймээс тэтгэвэрт гарсан эмч нар болон Анагаах ухааны сургуулийн төгсөх курсийн оюутнуудыг дайчлан ажиллаж байна” гэсэн юм. Мөн эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбар дундын уялдааг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт 2 сарын аяныг зарлахаар төлөвлөн ажиллаж байна гэв.

Татвар бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна  


Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр дүүргийн татварын орлогын бүрдүүлэлт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон илэрсэн зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ингэхдээ “Татварын хэлтсээс дүүргийн төсвийг бүрдүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хоёрдугаар сарын хувьд ажлын 16 хоногтой бөгөөд сар шинийн баярын амралтын олон хоног давхацсан. Хэдий тийм ч улс, нийслэл, дүүргийн татварын орлогыг бүрдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Мөн татварын орлого бүрдүүлэх ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн тооллогын ажлын төлөвлөгөө чиглэл гарган ажиллаж байгаа. Тухайлбал, 
  • Иргэн, аж ахуй нэгж аль татварын албанд бүртгэлтэй эсэх
  • Үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх
  • Түрээслүүлдэг болон давхар түрээсэлдэг эсэх
  • Нийслэл хотын албан татвар төлдөг эсэх
  • И-баримт олгож байгаа эсэхэд хяналт тавих
  • хог хаягдлын татвар төлдөг эсэх гэсэн 6 чиглэлээр ажиллаж байна
Дээрх төлөвлөгөөний хүрээнд дүүргийн 5, 25, 28-р хороонд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 222 иргэн, хуулийн этгээдэд татварын хууль  тогтоомжийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт тавьж, татвар төлөгчдөд зөвлөгөө, зааварчилгаа өгч, 197 татвар төлөгчийн мэдээллийг бүрэн авсанаас гадна зарим зөрчлийг илрүүлсэн. Үүнд:
  • Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлгүй 15 иргэн, 11 бичил, 14 жижиг бизнес эрхлэгч
  • И-баримт олгодоггүй 32 иргэн, аж ахуй нэгж
  • Хог хаягдлын гэрээгүй байгуулаагүй, хураамж төлдөггүй 26 иргэн, хуулийн этгээд
  • Нийслэлийн албан татвар төлдөггүй төлдөггүй 2 авто угаалга, авто засварын нэг газар үйл ажиллагаа явуулж байсныг тус тус илрүүлсэн гэв.

Төв зам дагуух хашаа хайсыг нэг стандарттай болгох ажлыг зохион байгуулна


Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Энхтөр дүүргийн Засаг даргын өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд газрын зөрчил арилгах, орц гарц нэмэгдүүлэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүргийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 34 хорооноос саналуудаа авч дууссан бөгөөд нийт 90 гаруй санал ирсэн. Газар зохион байгуулалтын албанаас бүгдийг нь нэгтгэж дууссан. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Энхтайваны өргөн чөлөө буюу  Таваншараас Офицеруудын ордон хүртэлх том зам дагуу байрласан хашаа хайсыг нэг стандарттай болгох, холбогдох дүрэм журмыг мөрдүүлж ажиллахыг үүрэг болгосон. Иймээс холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн 2023 онд дүүргийн нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан, орчны бохирдол ихээр үүсгэдэг 600 гаруй гараашийг буулгахаар төлөвлөж, зарим байршилд тендер нь зарласан ч тодорхой шалтгаанаас болж удаашралтай байгаа. Иймд хугацаа алдахгүйн тулд тендер зарлагдаагүй байгаа байршлуудад тендер зарлах ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна” гэсэн юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ирэх 14 хоногт дүүргийн Удирдах ажилтнуудыг хэд хэдэн зүйлийн анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд
  • 3, 4-р сарыг дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн 2 сар”-ын аяныг зохион байгуулах. Дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсүүд, хороодын Засаг дарга нар мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар саналуудаа ирүүлэх. Саналуудыг нь дүүргийн Эрүүл мэндийн төв хүлээн авч ямар үйл ажиллагаа явуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Урьдчилан сэргийлэх- Эрт илрүүлэх аяныг дүүргийн хэмжээнд эрчимжүүлэх. Үүнд дүүргийн Эрүүл мэндийн төв болон Хорооны Засаг дарга нар хамтарч ажиллах
  • Хороодын Засаг дарга нар 2021-2022 онд хороондоо хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын тайлангаа тавих. Иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах
  • Нийслэлийн Шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг холбогдох хэлтсүүд иргэддээ хүргэж ажиллах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд болн СӨХ-д орчны 50 метр газраа тогтмол цэвэрлэх, түүнд холбогдох хэлтсүүд хяналт тавих. Хог ачилтыг сайжруулах ажлын хүрээнд хогны машин түрээслэх ажлыг яаралтай зохион байгуулах, энэ ажилд хороодын Засаг дарга нар мөн хамтрах
  • Гамшгаас хамгаалах, Хөдөлмөрийн аюулгүй байдал болон Эцэг эхийн зөвлөл зэрэг бүх салбар зөвлөлүүд ирэх 4-5-р сард хуралдаж, чиглэл чиглэлээрээ сургалтууд зохион байгуулах,
  • Сургуулийн автобустай болсонтой холбоотойгоор холбогдох хэлтэс болон сургуулийн удирдлагууд яаралтай зардал мөнгөө гаргаж хуваарь батлуулах  
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.197.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.