БГ: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт, сургалт боллоо
main_image
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартай мэдээлэл солилцох уулзалт, сургалтыг өнөөдөр (2023.05.18) зохион байгууллаа.
Уулзалтад Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн ерөнхий газрын харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга С.Энхбат, Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт болон тэгш хамран сургах, эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах журам”-ын хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээл, дэд бүтэц, хүртээмжийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо.
Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 0-16 насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй нийт 842 хүүхэд байгаа ба 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 513, сургуулийн өмнөх боловсролд 190 тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд суралцаж байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж тухайн хүүхдийг үе тэнгийн найз нөхөдтэй нь хамт суралцуулах боломжийг бүрдүүлэх, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчдын хөгжлийн онцлог арга хэрэгцээнд нийцсэн арга зүйн дэмжлэг үзүүлэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай оролцогчид мэдээлэл солилцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.106.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.