Т: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
A.Ажиглагч
/
2023-03-21

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.21) хуралдаан 12 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар 03 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Дараа нь  Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэдгийг онцоллоо.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.