М: ДУНДГОВЬ АЙМГИЙН АВТОЗАМ, ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ, ДЭЛ УУЛЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХААР БОЛЛОО
A.Ажиглагч
/
2023-09-12
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллалаа. Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулан, эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлуудын хэрэгжилт, үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уулзалтад Дундговь аймгийн 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ хэлсэн юм. Тухайлбал, аймгийн театрын барилга, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг олон жил гацсан төслүүдийг урагшлуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр, ахмадын сувилал байгуулах, сумын эрүүл мэндийн төвийг стандартад нийцсэн машинтай болгох, нягтлан бодогч, цаг уурын ажилтнуудын цалингийн шатлал, нийгмийн хамгаалалд анхаарах, Говьсүмбэр, Мандалговь чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах, Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүллээ.
Иргэдийн асуултад салбарын сайд нар хариулт өгөв. Тухайлбал, энэ хичээлийн жилд боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр малчин эцэг эх хүүхдийнхээ сургуульд орох насыг сонгох боломж бүрдсэн буюу долоон настайд нь сургуульд оруулж болно гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 13А маягт олгох асуудлыг боловсронгуй болгох талаар ирэх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Аймгийн шинэ нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад ороход бэлэн болсон. Тус эмнэлгийг компьютер томографын аппараттай болгож, хүний нөөцийг бэлдээд байгааг танилцуулав. ХХААХҮ-ийн сайд малчид хоршин малын тэжээл тариалах, гэрийн аргаар гидропоник технологиор овьёос тариалж цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээг авахад анхаарах нь чухал учир төрөөс энэ талаар анхаарч сургалтад хамруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авахаа илэрхийллээ✅
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд Дундговь аймгийн хөгжил иргэдийн хандлагаас ихээхэн хамаарна гэдгийг онцлоод Дундговьчууд хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байна, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь УИХ-ын гишүүд орон нутгийн удирдлага хоорондын ажлын уялдаа,цаашид нутгийн хөгжих онцлог боломжийг чухалчилж үздэг болохыг онцоллоо✅
Тэрээр иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ,Баянжаргалан сумын шинэ сум төслийг хэрэгжүүлэх мөн сумын соёлын төв, аймгийн театрын барилгын ажлыг эхлүүлэхээр яаралтай ажлын хэсэг байгуулах, Дэл уулыг тусгай хамгаалалтад авах, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.45.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.