Иргэнийг НИСДЭГ ТЭРГЭЭР авчирсан ШАТАХУУНЫ ЗАРДЛЫГ иргэний ар гэрийнхэн ХАРИУЦНА

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нэгдүгээр сарын 14-нд нэгэн иргэн том оврын тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орсон. Дөрвөн хүүхдийн аав, 26 настай залуугийн духны яс бяцарсан биеийн байдал маш хүнд, агаараар тээвэрлэхээс өөр боломжгүй учир ар гэр нь ОБЕГ руу хандсан. Ингээд шадар сайд С.Амарсайхан Ханбогд руу нисдэг тэрэг явуулах талаар шийдвэр гаргаж, өнөөдөр /2024.01.16/ өвчтөн ГССҮТ-д тээвэрлэгдэн ирээд байна.

Уг явдлын хүрээнд "ОБЕГ 40 сая төгрөг өгвөл ниснэ гэсэн. Мөн шатахууны 10 сая төгрөг нэхсэн" зэрэг мэдээлэл гарсан. Нөхцөл байдалтай холбогдуулан шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Аврах нисэх бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байна. Энэ хугацаанд 90 дуудлагаар 130 хүний амь насыг аварсан. Яг өнөөдрийн энэ залуугийнх шиг ар гэрийн хүсэлтээр тээвэрлэн ирж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа. Зардал мөнгөтэй холбоотой асуудал нь гэвэл зөвхөн шатахууны зардлыг хүсэлт өгсөн тал хариуцна гэсэн тушаал бий. Урсгал зардал гарна. Үүнийг байнга төрөөс ОБГ-аас гаргана гэдэг төсөв, санхүүд хүндрэлтэй учраас өөр арга байхгүй.

Харин иргэн үүнийг амь нас эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хүрээнд зохицуулах боломжтой. Түүнээс биш та нар шатахууныхаа мөнгийг өгчих, тэгж л байж явна гэсэн юм байхгүй. Энэ чиглэлээр ажиллаж буй гурван нисдэг тэрэг байгаа. Дээрээс Францын мэргэжилтнүүд манай багийг чадавхжуулахаар ажиллаж байгаа. Аврах, онцгой байдлын нислэг бол энгийн нислэгээс ялгаатай. Нисэгчид 4000 цаг нислэг хийсний дараа бие даадаг. Одоогоор 12 залуу бэлтгэгдэж 500 орчим цагийн нислэг үйлдээд байна. Цаашдаа бүсчилсэн байдлаар нислэгийг зохицуулна. Энэ удаад гэхэд ирэх, очих нийлээд 7 цаг болж байна. Бүсчилсэн нислэг зохион байгуулбал ингэж хугацаа алдахгүйгээр аварна.

Өнөөдөр нийгмийн даатгалаас 10 сая гаргах боломжгүй. Гэхдээ амь нас гэнэтийн ослын даатгалд хамрагдах нь олон улсын жишиг байна. Сая үер болоход даатгалтай иргэн, айл, ААН байгаагүй. Тэгэхээр одоо өөрсдөөсөө гаргах боломжгүй учраас даатгалаар гаргадаг тогтолцоо руу шилжих боломжтой. Хандив тусламж, мөнгө хайгаад явахгүйгээр шийдэх боломж байна. Өнөөдрийн энэ тохиолдолд иргэнээ татаж авах нь гол зорилго маань байсан. Энэ хүний ард олон нялх хүүхэд байгаа учраас тусламжаа үзүүллээ. Тэр шатахууны зардал бол дараа нь яригдах асуудал" гэж тайлбарлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.204.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.