Ийнхүү МҮОНРТ манай хамгийн том бөгөөд албан ёсны телевиз учраас Монгол Улсад 2019 оныг Х.Баттулга үдэж 2020 оныг Л.Нинжжамц эхлүүллээ. Хатагтайн араас Худалдаа хөгжлийн банк, Мобикомын мэтийн жижиг сажиг захирлууд даруухнаар бараа болон ээлжлэн гарч үйлчлүүлэгчдийнхээ мэндийг асуув. Он солигдох энэхүү торгон мөчид төрийн нөгөө хоёр өндөрлөг - Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар үзэгдээгүй.
Ерөнхий захирлын энэхүү мэндчилгээ Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз 52 жилийн турш явж явж хүрсэн хамгийн өндөр оргил болов. Энэ бол сэлфи оргил. Монголоор бол өөрөг, өөрөгдөлт. Өөрийгөө хамаг гоё дээрээ тавьж байгаад харуулахыг хэлнэ. Үүнийг чадлаа. Одоо Ерөнхий захирал олон нийтийн телевиз, радиогийн хөтөлбөрийг өглөө бүр өөрийн биеэр эхлүүлж ард түмнээ сэрээгээд, орой нь үлгэр ярьж өгөөд унтуулдаг байж яагаад болохгүй гэж?
Хэдхэн мөчийн өмнө Ерөнхийлөгчийн амнаас сенсаац шийдвэр сонсож, тэгснээ оргилуун дарс буудуулан хөөрч, балгаж, араас нь Ерөнхий захирлын мэндчилгээний гоё сайханд автан угсраа шоконд орсон үзэгчид түүний яг юу хэлснийг сайн анзааралгүй өнгөрсөн байж магадгүй. Гэхдээ санаа зоволтгүй, хэлээд өгье. Үндсэндээ МҮОНРТ хичнээн мундаг болох тухай сүүлийн хэдэн жилийн турш сельфидэж байгаа тэр зүйлээ давтсан. Тийм мундаг телевизийн Ерөнхий захирал ямар байж таарахав?
Өнөөдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн байнгын сэдэв нь олон нийтийн телевиз өөрөө болжээ. Тэднийхээр бол Монгол Улсад тухайн өдөр болсон хамгийн чухал үйл явдлын тоонд олон нийтийн радио, телевизийн ажил алба, ололт амжилт багтана. МҮОНТ-ийнхний оролцсон арга элдэв арга хэмжээнээс эхлээд MNB кидс цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлт, хаалт, шинэ жилийн баярын арга хэмжээ гэхчлэн тасрахгүй. Хэрвээ МҮОНРТ-ээс хэн нэгэн одон медаль авчихвал Их хурлын гишүүд бол цаашаа.
"Цагийн хүрд"-ийн мэдээ, сурвалжлагынх нь нэг гол баатар нь Ерөнхий захирал өөрөө. Ерөнхий захирлын оролцсон уулзалт, Ерөнхий захирлын байгуулсан гэрээ, Ерөнхий захирлын суусан хурал, түүний амнаас гарсан үг өгүүлбэрийг заавал гаргана. Ерөнхий захиралдаа ийм хүндэтгэлтэй хандаж заримдаа өргөмжлөх тал руугаа явж байгааг харахад бахархмаар ч юм шиг.
МҮОНРТ сүүлдээ тусгайлсан сэлфи нэвтрүүлэгтэй болов. Өнгөрсөн 12-р сарын туршид МҮОНРТ-ийн "Өнөөдөр, маргааш нөгөөдөр" гэсэн 45 минутийн нэвтрүүлгийг Үндэсний телевиз ба "Монголын мэдээ" сувгаар ээлжлэн бараг арваад удаа давтав. Бас "МҮОНРТ бол хуультай, хэнээс ч хараат бус, хэн ч нөлөөлж чадахгүй" гэсэн сайрхал ч юм шиг, битгий шүүмжил гэсэн сэрэмжлүүлэг ч юм шиг сэлфи сурталчилгаа ноднингоос хойш нэвтрүүлгүүдийн зай завсрыг чигжээд салахаа байлаа.
Хэдэн жилийн өмнө урьд зүгт нэг залуу ер бусын хөөрхөн хүүхэнтэй танилцаж гэрлээд төрсөн хүүхэд нь тиймхэн царайтай гарсан тухай зураг Интернэтийг шуугиулсан. Тэр хүүхэн их хэмжээний мөнгөөр гоо сайхны мэс засал хийлгүүлсэн нь ийнхүү илэрч нөхөр нь бүр шүүхэд хандсан гэдэг.
Манай МҮОНРТ үнэхээр гоё болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улаан цэнхэрээр алагласан барилга байшингийн сайхныг харахад л хангалттай. Үүний тулд сүүлийн хэдэн жил маш их мөнгө зарцуулжээ. Зар сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг нь хяналтаас гарсан. Улсын төсвөөс жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилдаг болж 2017 онд бүр 20 тэрбумыг өгч үүд хаалганаасаа эхлээд техник тоног төхөөрөмжинд бүрэн засал хийлгэсэн гэж байгаа.
За би баахан магтлаа. Одоо шүүмжилнэ. Ингэж сайжирсан олон нийтийн телевизээс олон нийтийн "хүүхэд" буюу тийм хөтөлбөр төрөх ёстой атал төр засгийн, бүр нэг намын хөтөлбөр мэндлээд байх юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ тэтгэврийн зээлийг тэглэх тухай зарласан нь олон нийтийг донсолгов. Тэд хоёр биш, гурав дөрөв, тав хуваагдаж, их зээлтэй, бага зээлтэй, зээл авсан аваагүйгээрээ барьцаж талцан үзэж тарж байна. Сонгуульд зориулсан улс төрийн арга хэмжээ гэдгийг бүгд мэдэж байгаа ч төрийн гурван өндөрлөг үүрэг өгсөн тул сонгуульд нэр дэвших, дэвшихгүй, ЖДҮ-гийн зэрэг барьцаанд байгаа Засгийн газар, Улсын Их хурлын гишүүд бие биенээ хэр өглөгчөөрөө давж гарах гэж алийгаа алдаж байна.
Тэгвэл нөгөө талд өөр байр суурьтай хүмүүс бий. Хэргийн учир хэний хэдэн төгрөгийн зээлийн өрийг хэрхэн тэглэхэд бус, ерөөсөө үүнийг хийж болохгүй, өмнөх сонгуулиудийн Эх орны хишиг, хувь, хувьцаа мэтийн санал худалдан авалтын үргэлжлэл бөгөөд эцсийн дүндээ төрийн өр зээл улам нэмэгдэн үнэ ханш өсч ард нийтээрээ хохирно гэж тэд үзжээ.
Улс орон тэтгэврийн зээлээр амьсгалж байгаа энэ арваадхан хоног бол олон нийтийн телевиз юу чаддагаа харуулах цаг. Гоё сайхан дэлгэцэн дээрээ өөр өөр байр суурийг харьцуулан жинхэнэ олон ургальч үзлийг цэцэглүүлж улс төрчдийн шийдвэрийн зөв бурууг хэлэлцүүлэхийн зэрэгцээ сэлфи нэвтрүүлэгтээ шившлэг мэт давтаад байгаа "зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилж" буйгаа нотлон харуулах ховорхон боломж.
Гэвч байдаггүй ээ. Эхний долоо хоногт олон нийтийн сурвалжлагч гудамжинд гарч санал асуусан 6 хүн бүгд тэтгэврийн зээл авсан, тэглүүлэх хүсэлтэй буюу дэмжсэн хүмүүс байж таарлаа. Гандангийн хажуугаар явж асуусан нь учиртай. Долоо хоногийн тоймоор энэ сурвалжлагаа давтаж араас нь ярилцсан 20-р тогтоолын "эцэг" Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, ажил үүргээрээ бизнесийн, тэр дундаа банкуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Ө.Амартүвшин хоёр яасан байхав?
Ингээд Олон нийтийн телевизээр тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар сөрөг байр суурь цухуйсан ч үгүй. Хэлэлцүүлэг мэтгэлцээн хийсэнгүй. Энэ асуудлаар мэдээ сурвалжлага зөндөө гаргасан гэж хэлэх байх. Хэрвээ сайд дарга, албан тушаалтнуудын ярьсныг зөвхөн дамжуулах юм бол хөдөлгөөнгүй зоосон сайн камер хангалттай. Мэдээлж дамжуулахыг арилжааны телевизүүд байтугай нийгмийн сүлжээ дутахааргүй сайн хийдэг болсон. Олон нийтийн телевиз өөрийгөө шагшин сэлфидэхээ түр завсарлаад орчин тойрноо хараасай. Телевизүүд чухал асуудлыг мэдээлээд араас нь янз бүрийн байр суурьтай хүмүүс, шинжээч, хөндлөнгийн этгээдүүдийг хаа нэгтээгээс, гадаад дотоодоос ч хамаагүй олоод, гэрт нь суулгаж байгаад хүртэл яриулж сонсдог нь ардчилсан нийгэмд ердийн жишиг, соёл болсныг мэдээгүй юм уу?