УИХ-ын дарга асан Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт анхааруулсан.
ОУВС-аас Монголын Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээг дэлхийд шившиглэсэн е-мэйл Ройтерсийн хуудаснаа өнгөрсөн баасан гаригийн орой цацагдаж, өнөөдөр Монголын холбогдох албаныхан ОУВС-тай хэлэлцээрийн ширээний ард суухаар болов.
Энэ нь миний хувьд амралтын өдрүүдэд тэтгэвэр барьцаалсан зээлийн хувь заяа хаашаа эргэх бол гэсэн эргэлзээгээ тайлах шалтаг болов. Юуны өмнө Салхитын лицензийн эрэлд гарав. Түүнийг би “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн мэдэлд очсон гэдэгт эргэлзсэн хэрэг.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын ордын MV-021483 дугаартай лицензээр 2887.85 га талбайд ашигт малтмал ашиглах 9011474118 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны аравдугаар сарын 17-нд олгожээ. Лицензтэй юм байна.
Салхитын ордоос ачсан хоёр машин шороо хаачив?
Дараагийн эрэл нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг Монголбанкны Эрдэнэсийн санд Салхитын мөнгөний ордын дээж 50 кг цалин цагаан мөнгөн гулдмайг “өргөн барихаас” өмнөхөн тус ордоос хүдрийн агууламжтай шороо ачсан хоёр хово машин хаачив?
Олсоон. Салхитын мөнгөний ордын гадаах нунтагласан хүдрийн шорооноос ачсан хоёр хово машин /дугаарыг зарлах шаардлагагүй байх/ 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн ордод очжээ. Өөрөөр хэлбэл уг машинуудад ачсан 110 гаруй тонн хүдрийн агууламжтай шороо маань тэнд туршилтад оржээ. Энэ талаар дараа жич бичих болно. Ямартай ч буруу замаар явчихаагүй аж
Харин одоо Монголын төрийн өмнө ОУВС-ийнханд ямар тайлбар өгөх вэ, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хүлээлттэй иргэддээ ямар хариулт өгөх нь тулгамдсан асуудал болоод байна. Үүний тулд өнгөрсөн арваад хоног дотор улс төрийн хүрээнд юу болоод өнгөрснийг эргэн санацгаая.
“Мэдээлэлд ойр” 20.4 тэрбумын зээл хэнийх вэ?
ҮАБЗ 2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд хуралдсан. Үүнээс хойш Ерөнхийлөгчийг мэндчилгээгээр “мэдэгдэл хийхэд” 20.4 тэрбум төгрөг тэтгэврийн зээл гараад явчихсан байгаа юм. Ц.Мөнх-Оргил гишүүн энэ тоог л хэлэх гэж байтал, О.Баасанхүүгээс эхлээд зарим гишүүн 100 тэрбум болтол дэвэргэж, нөгөө талаас үүнийг няцаах гишүүд ч нэмэгдэн талцаж харагдав. Хэрэв үнэн бол, энэ 13-хан хоногт “мэдээлэлд ойр” хүмүүс, ялангуяа сошиалаар хардаж буйгаар өндөр хэмжээний тэтгэвэр авдгаараа голдуу цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хэдхэн хүн, эсвэл өндөр цалинтай байснаараа Ерөнхийлөгч асан, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди нар их хэмжээний тэтгэврийн зээл авчихсан бололтой юм. Хэрэв үнэн бол маш аюултай. Гэхдээ харилцагчийнхаа нууцыг хадгалах алтан зарчмаас хазайж, хууль зөрчиж ийм мэдээлэл өгөх эрх аль ч банкинд байхгүй учраас бодит үнэнийг нотлох боломжгүй.
Ер нь Ерөнхийлөгчийн “тэтгэврийн зээл тэглэсэн мэндчилгээ”- ний дараа юу гээч болсон бол. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар лав тухайн үед хилийн чинадад байжээ. Тиймээс УИХ-ын гишүүд баттай мэдээлэл авахаар утсаар холбогдох гээд чадаагүй аж. УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мөн л мэдээгүй байж.
Ингээд шинэ оны ажлын өдөр эхэлж, Сангийн сайд ч ажилдаа ирж, энэ талаар лавласан гишүүдэд тайлбарлах үггүй, бусдын л адил “Г.Занданшатар Монголыг хоёр дахиа хорлочихлоо” гээд сууж байв. Харин тэрбээр Ерөнхий сайд, МАН-ын даргатайгаа уулзсаны дараа тодорхой хэмжээний “шахалт” амссан бололтой “Үзэлцэнэ” гээд байсан хүч нь ч суларсан байв.
УИХ-ын дарга асан Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт анхааруулав
Баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хурал ширүүхэн болж УИХ-ын дарга Г.Занданшатарыг гайхсан, дайрсан асуултуудаар зодож гарчээ. Тэгэхэд Г.Занданшатар “Би хууль зөрчөөгүй, Цэцэд өг” гэж цамнасаар, сүүлдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө тараасаниргэн бүрийн 1.5 сая төгрөгийн “хишиг” рүү ч бухаж үзэв.
Мэдээж энэ бол арга ядсан арга. Учир нь тухайн үеийн УИХ-аар баталсан “Хүний хөгжил сангийн тухай хууль” хамгаалалт болж таарна. Тиймээс ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Г.Занданшатар аа. Гишүүдийн шүүмжлэл зөв шүү. Төсөв, санхүүгийн тухайд зөвхөн УИХ-д л хамаатай бүрэн эрх нь бий. Үүнийг давж ҮАБЗ шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн хэрэг болж Үндсэн хуулийн Цэцэд очно шүү” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
АН-ын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгч төсөв, санхүүд хамаагүй. УИХ, Засгийн газар л хариуцлагаа хүлээнэ гэсэн нь ч цаагуураа Ерөнхийлөгч буруугүй, МАН буруутна гэдгийг илэрхийлчихсэн. Одоо яах вэ?
“Азгүй” бондоо гаргах уу?
Хуулиар бонд гаргахаас 30 хоногийн өмнө хувьцаа эзэмшигчдээс санал авсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, бонд гаргах гээд байгаа “Эрдэнэс Монгол” компанийнхаа 3 сая 200 мянган иргэнээс “Тус компанийн нэр дээр бонд гаргаж 442 мянган иргэний тэтгэврийн зээлийн тодорхой хэсгийг төлөхөд зориулан зарцуулж болох уу” гэж зөвшөөрөл авах ёстой байсан юм. Дээр нь нөхцөл байдлын хувьд “Эрдэнэс Монгол” компанийн 2020 оны орлого нь замын хураамж 71 тэрбум төгрөг, үүнээс замаа засах ёстой, 16 охин компанийнхаа бүх зардлыг төлдөг, Хөгжлийн банкинд 170 тэрбумын өртэй, тэр нь 9.5 хувийн хүүтэй гэдгийг бодолцох хэрэгтэй.
Хамгийн аймшигтай нь тэрхүү бондоо шууд 6 хувийн хүүтэй байна гэж зарласан нь тэнэг хэрэг биш гэж үү. Ямар ч тэнэг арилжааны банк Монголбанкны бодлогын хүү 12 хувь байхад 6 хувийн хүүтэй бонд худалдаж авдаг юм бол. Ирээдүйн өв сангийн тухай хуульд баталснаар уг сангийн 550 тэрбум төгрөгийг 2030 он хүртэл хэрэглэх боломжгүй. Энэ нөхцөлд бонд гаргасан Хөгжлийн банкны захирлыг шорон хүлээж байгаа биш гэж үү. Нэг жишээг сануулахад, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг нэгэнтээтухайн үеийн хэсэг гишүүд С.Бямбацогтын өрөөнд дуудагдаж гишүүдэд тайлбар аваад “Хуулиа л барьж ажиллаарай. Улстөрчид шоронд ордоггүй юм шүү гэхэд “Их баярлалаа” гэсээр гарсан ч төдөлгүй “хэргийн эзэн” болж үлдсэн. Харин одоогийн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байгаа Ч.Энхбат бонд босгох талаарх саналыг Сангийн яаманд өгсөн, холбогдох газруудаас ч заавал албан бичгээр санал авна гээд гүйж яваа сурагтай. Зөв, тэгэхгүй бол шоронд орно.
УИХ яагаад батлав?
Ер нь УИХ-ын гишүүд, ялангуяа олонхийн бүлгийн гишүүд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх тухай хуулийг яагаад батлахыг зөвшөөрөв? Энэ бол УИХ-ын 2020 оны сонгуультай холбохгүй байх аргагүй. Ерөнхий сайд, МАН-ын дарга энэ сарын 10-нд болсон бүлгийн хуралд оролцохдоо “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина” гэж мэдэгдсэн гэдэг. Үүний өмнөх өдрүүдэд “хүний, өөрийн фракц” гэлтгүй намынхаа олон гишүүнтэй ээлж дараалан уулзаж эвлэрэхтэй нь эвдэрч, эхний мессежүүдээ “үнсэлцэн” байж шивнэлцжээ. Түүнд “дайсагнаж” байсан гишүүд ч нэлээд зөвөөр ойлгож зөөлөрсөн харагдана. Гэхдээ л үр дүнд нь өнөөх тэтгэврийн зээлтэй холбоотой хуулийг баталчихсан нь харамсалтай. ҮАБЗ шийдсэн юм чинь болох биз л гэсэн санаа харагдана. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн дэргэд ҮАБЗ юусан билээ? Дахиад хэлье, хариуцлагыг УИХ, ялангуяа олонхийн бүлэг, Засгийн газар үүрнэ. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрх, бүтэн хариуцлагын асуудал. Нөгөөтэйгүүр, У.Хүрэлсүх намаасаа нэр дэвшигчдийг тодруулахдаа гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ гэх мэдэгдлийнхээ цаана ЖДҮХС-ийн зээлдэгчид гэсэн хаягтай хүмүүсийг хасахаа анхааруулав уу гэж харагдахаар байна. Түүний хувьд энэ нь зөв. Алдаа дутагдал гаргасан бусад гишүүдээ ч зайлуулах зөв арга. Үүнээс цааш тэрбээр 33-ын ба 32-ын гэх тоон ялгааг арилгаж, өөртөө хүний өөрийн гэхгүй олон гишүүнээ нааж хол явах хүсэлтэй байгаа болов уу. Эсвээс Хонгор нутгийн зүгээс нэг л салхилахад түүний “хөзрөн байшин” хийсчихээр боллоо.
Цэцээс хориг гуй!
ОУВС өнгөрсөн баасан гаригт “Ройтерс”-т нийтлүүлснээс харахад маш их дургүйцэл тээжээ. “Тэнэг” хуулиа батлах гээд тэдний бичигт хариу тайлбар өгөөгүйгээс болсон юм даг уу даа. Магадгүй, “хар жагсаалт” айсуй. Үүнээс гарах ганц л арга бий. Үндсэн хуулийн Цэцээс “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчжээ” гэсэн шийдвэр “гуйх” явдал юм. Магадгүй Хүний хөгжил сангийн тухай хуулийн “зовлон, жаргалыг” туулснаараа Д.Солонго гишүүн л энэ талаар хамгийн сайн мэдэх, хамгийн их эсэргүүцэх болов уу. Бусад нь сонгосон хүмүүстээ үйлчлэх магадлалтай. Харин одоо “Үндсэн хууль зөрчихгүй” гэж цамнаад байсан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Цэцээс уг хуулийг зөрчсөн гэсэн хариулт авах, эсвэл “хүсэх” нь хамгийн зөв гарц байж магадгүй. Учир нь ОУВС-д ч, тэтгэвэр барьцаалсан зээлээ төлүүлэхээр хүлээж буй иргэддээ ч хэлэх үгтэй, хууль ч зөрчихгүй, хамгийн гол нь Ерөнхийлөгчдөө загнуулахгүй “амьд” үлдэх цор ганц боломж нь тэр. Бусдаар бол бондоо гаргана уу, Салхитын ордын сайхан цалин цагаан мөнгөн гулдмайгаа тушааж олсон орлогоо юундаа зарцуулна вэ, бүгдийг зөвөөр эргүүлж болно. Цэвэрлэх байгууламж, сургууль цэцэрлэг, орон сууц барих, зам тавихаас эхлээд ямар ч төслийг тэр бондоор санхүүжүүлж болно. Харин Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх тухай хууль бол Монголын эдийн засагт дэндүү хорлонтой бөгөөд Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг УИХ-ын сонгуулийн өмнөхөн батлах хэрэггүй л болов уу. Тиймээс УИХ-ын дарга баталсан хуульдаа, Үндсэн хуульдаа, цаашилбал ОУВС-д бууж өгч Үндсэн хуулийн Цэцээс “хориг гуйсан” нь дээр байх. Тэтгэвэр барьцаалсан зээлээс чөлөөлөгдөх, зээл аваагүйнхээ төлөө ч тэтгэгдэх гэж байгаа иргэдээ яах вэ гэж үү? Тэр бол амлаж хундага өргөсөн хүний л эрх. Түүнд хууль батлахаас, төсөв, санхүүд гар дүрэхээс бусад бүх эрх бий. Тэр арга замуудаасаа популист амлалтынхаа хариуг хайж олно биз. Эсвэл бодлогогүй мэндчилгээнийхээ төлөө иргэдээсээ уучлал гуйсан анхны Ерөнхийлөгч болох “популист” боловч зөв аргыг сонгож болно!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин