Олон ястны өлгий нутагт олон бизнес өргөжүүлсэн Түшээ
Нийтлэл
/
2020-01-21
“Инновацийн тухай хууль”-иар өөрийнхөө үзэл баримтлалыг илэрхийлэв

Бизнесийн салбараас ид залуудаа улс төрд хөл тавьсан нөхдийн нэг бол өдгөөгийн УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт юм. Олон ястны өлгий нутгийн унаган хүү, төрөлх нутгаасаа анх буюу 2008 оны сонгуулиар нэр дэвшин, 30 гаруйхан настайдаа төр түшилцэх эрхэм үүрэг хүлээсэн нөхөр. Мэдээжийн хэрэг, цэл залуухан нөхөр улс төрийн ууган хүчний халуун бүлд багтаж, багтахдаа бүр УИХ-д орж ирнэ гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой.  Аргагүй шинэдэж байсан цаг бол бий. Гэхдээ тэр одоо бол хал үзэж халуун чулуу долоосон улстөрч болсон гэхэд болно.  Анх 2006 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, их улс төрд хөл тавьсан нэгэн. Ийнхүү бусад шиг тэр гишүүн ч болсонгүй шуудхан л Оюутны холбооны ерөнхийлөгчөөр хүч түрэн орж ирсэн нь мөнгөтэй холбоотой гэж хардах нэгэн ч байдаг. Ямартай ч С.Бямбацогт 2006 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгчөөр сонсогдож байсан бол жилийн дараа Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, мөн жилийн дараа улстөрийн ууган хүчин МАН-аас Ховд аймагт өрсөлдөх мандат гардсан нэгэн. Иймээс ч хардлага дагуулдаг болов уу. Гэрлийн хурдаар өсөн дэмжиж байсан учраас тэр байх. Харин улстөрд шинэхэн байлдагч С.Бямбацогт ах намын мандат өвөртөлж яваад тэдний итгэлийг алдаагүй нэг суудал аваад ирсэн. Тэр цагаас хойш УИХ-д гурван удаа сонгогдож, өдгөө дархан түшээ хэмээн цоллуулахдаа тулчихсан явна. 2006 онд МАН-ын дэргэдэх Оюутны байгууллагаас улс төрийн замналаа эхлүүлж байсан нөхөр 2007 онд залуучуудын байгууллага руу “жин өгсөж”, улмаар Бага хурлын гишүүн болж, 2008 онд УИХ-ын гишүүн гээд шууд дээд зидаанд асар хурдан гарч ирсэн хүн. Түүнчлэн 2012 онд ууган намынхан ялагдал хүлээж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байх үед тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийг тэргүүлэн, 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулахад тэрбээр Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажилласан гэхээр тэр өнөөдөр улс төрд өөрийн гэсэн орон зайг нэгэнт бий болгож, хат суусан гэхэд болно.

Ховдыг өмчлөх санаархал байв уу, нутаг амьтайнх уу

Түүнийг олон ястны өлгий нутаг Ховд аймагт дархалагдсан нэгэн гэхэд ч болно. Цэл залуухан улстөрчид гурван удаа итгэл үзүүлсэн ховдчууд тийм ч уйдамхай ард түмэн биш. Нөгөө талаар ажилсаг хэрсүүгийн туйл болсон түмэн хэмээдэг. Тэгэхээр С.Бямбацогтын цаашдын улс төрийн замналыг ч Ховд аймгаас салгаж ойлгохын аргагүй. Тэрбээр 2012 онд баз хүргэн Д.Батцогттой хамт өрсөлдөж хоёулаа УИХ-д орж ирсэн гээд Монгол Улсын улстөрд нэгэн шинэ түүхийг бүтээсэн юм.  Сургуулиа төгсөөд бизнесийн салбарт хөл тавьсан түүнийг мөнгөнөөс салгаж бодох аргагүй. Тийм дээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал үнэн нь үл мэдэгдэх зүйлс бишгүй л явдаг. Гэлээ ч түүнийг буруудлаа гэж дуулаагүйг бодоход мэдээллийн орон зайд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Ховд аймагт түүний нэр дээр бус, шууд харъяалалгүй ч олон компани үйл ажиллагаа явуулдаг тухай мэдээллүүд байдаг. Тэр утгаараа “Олон ястны өлгий нутагт олон бизнес хөгжүүлсэн Түшээ” гэх нэрийг ч зүүж байсан удаатай. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажиллаж байхдаа 77 тэрбум төгрөгийн концессийн гэрээг хувийнхаа компанид шилжүүллээ хэмээн шуугиан дэгдээж байв. Ямартай ч энэ асуудлаас болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон нь үнэн. Тухайн үед МАН дотроо карьер нь зогсолтгүй өсч явсан залуу улстөрч С.Бямбацогт Хууль зүйн сайдын суудлаас буусан цагаасаа хойш ихээхэн бухимдалтай байгаа төдийгүй энэхүү уур уцаараа алс баруун хязгаарт гаргах болсон тухай хэвлэлүүд дэлгэж л байсан. Улстөрийн үйл явц нэлээд ээдрээтэй энэ үед залуу улстөрчийн карьер нь өсөхийн хэрээр тэрбээр баруун хязгаарт өөрийн хүрээллээ зузаалах, хүчээ нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч байсан ч байж болох юм. Магадгүй, түүний нутаг усаа, түмэн олноо гэсэн “амь” сэтгэл нь иргэд олон нийтэд ийм сэтгэгдэл төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Мянган хоньтой “Мянгат Түшээ”

Санхүү, эдийн засгийн сургууль дүүргэсэн залуу 1998 онд ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхдээ “Ховдын өргөө” компанийн ерөнхий захирлаар эхлүүлсэн байдаг. Ийнхүү шинэ мянганы буюу  2000 онд “Нью прогресс”  компанийн захирал болж, улмаар 2006 онд их улс төрд хөл тавьсан нэгэн. Ингэхдээ “Нью прогресс” гурппийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Үүнээс харвал тэрбээр бизнесийн байгууллагад өндөр дээд алба хашиж, бизнес хийж явсан нэгэн учраас чамгүй хөрөнгөлөг гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Хөрөнгөлөг гэснээс түүний эд хөрөнгө рүү өнгийвөл бас нэгийг хэлнэ. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхвөл түүний нэг жилийн орлого 53202.25 төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 1061146.92 төгрөг гэснээс харвал хүнээс мөнгө гуйхааргүй бөгөөд бусдаас 4529690.30  төгрөгийн авлагатай, хадгаламжиндаа 183524.92 төгрөгтэй юм байна. Үүгээр ч зогсохгүй нийтийн орон сууц дөрөвтэй, нэг авто зогсоолтой гэсэн нь бий. Хөдөө аж ахуйн салбарт ч өөрийн гэсэн хөрөнгөтэй. Тухайлбал, 25 адуу, 1196 хоньтой аж. Ингэхээр эрхэм гишүүний хувьд малын тоо толгойны хувьд “Мянгат малчин” хэмээх эрхэм алдрыг хүртэж болохоор.  Үүнээс гадна “Эрдэнэс Таван толгой”, “Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Таван Толгой” “Говь”,  “Хар тарвагатай”, “Ремикон” зэрэг компанийг эзэмших буюу тодорхой хувь эзэмшдэг байна. С.Бямбацогтын хувьд 1992 онд Ховд аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотноо суралцахаар ирсэн бол 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан гээд өөртөө таарсан боловсрол эзэмшсэн нь бий.

“Спортын мастер” гишүүн С.Бямбацогт

Их уулс, Монголын их хайрхадын дунд төрж өссөн тэрбээр ус нутаг амьтай нэгэн гэдгийг хийж гүйцэтгэсэн ажил, ус нутгаасаа удаа дараа ялалт байгуулсан зэргээс харж болно. Тиймдээ ч Ховд аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүнээр ажилладаг, ажиллаж байснаас харж болно. Үүнээс гадна тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт албуудыг хашдаг. Тэрбээр өөрөө Гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчнаас гадна спортын ямар ч төрлөөр хүчээ үзчихдэг, Алтайн сүрлэг уулсын хормойд төрж өссөн түүний уул хаданд авирах сонирхол нь Алтай таван богд, цаст Цамбагарав, Мөнххайрхан зэрэг Монголын дээвэр болсон ноён оргилуудад хүргэж, уулын спортоор зэрэг авах хэмжээний тамирчин гэж үнэлдэг гэхээр нэгийг хэлнэ. Үүнээс гадна тэр урлагт хорхойтойн дээр дуулбал баргийн уран сайханчаас дутахгүй хэмээн дотны нөхөд нь үнэлдэг юм билээ.

Хөдөлмөр хөлсний амтыг багаасаа мэдэрсэн Түшээ

Амжилтанд хүрсэн нөхдийн намтар түүхийг харж суухад “Хөдөлмөр хүнийг бий болгожээ” гэсэн нэгэн суутны үг өөрийн эрхгүй санаанд ордог. Үүний нэгэн адил С.Бямбацогт бага наснаасаа л ажил хөдөлмөр хийж, түүнийнхээ хөлс хүчийг хүртэж, мэдэрч сурсан нэгэн аж. Тэрбээр өөрийн нэгэн дурсамж ярианд өгүүлснээс харвал дөрөвдүгээр ангид байхдаа сонгино тарихаас эхлээд бүхий л ажлын амтыг мэдэрч өссөн байна. Түүний аав Сандаг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаар ажиллаж байгаад Чандмань сум руу шилжсэн аж. Энэ үед сонгино ногоо тарих сэдэл нь Мянгад сумаас эхтэй аж. Учир нь тус сумынхан ногоо их тарьдаг байсан учраас тэрбээр Чандмань сум руу нүүхдээ хоёр уут төл сонгино авч явсан тухай дурссан нь бий. Харин шинэ нүүж очсон сум нь өндөр газар учраас ногоо тарьдаггүй байсан ч мань эр Мянгад суманд бодсон бодлоосоо салалгүй явсаар өдгөөгийн Улсын заан Ч.Батзоригийн аав Чогсом гээд нэгдлийн ногоочин байсан хүнээр ногоо тариулахаар болж, харин С.Бямбацогт хүү түүнд тусалж ажилласан нь чамгүй ногоочин болгосон төдийгүй хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлсэн хэрэг. Юуны өмнө газраа хагалж, тарьцаа бэлдэж, зэрлэг зулгаагаад л сонгино тарьж эхэлсэн бөгөөд зунжин зэрлэг зулгааж, сонгиноо услаад их ургац хураан авч, намар нь ажлын хөлсөнд нэгдлээс 200 төгрөгийн цалин авсан түүний анх удаа алган дээрээ тавьсан их мөнгө. Магадгүй эрхэм гишүүний бизнест хөл тавих, зах зээлийн ороо бусгаа үед бизнесээ өндөрт өргөж ирсэн нь үүнтэй холбоотой байх. Нөгөө талаар түүний аав Сандаг аравдугаар ангид байхад бурхан болж, улмаар  ээжийн цалингаар найман ам бүл амьдрах хэцүү болсон цаг гэдгийг ч дурссан нь бий. Тиймээс тэр дүү С.Балжиннямтайгаа наймдугаар ангиасаа зун бүр ээждээ нэмэр болохын тулд тоосго цохиж, хүмүүс ширхэг тоосгыг 30-40 мөнгөөр зардаг байсан бол тэр хоёр түүнийгээ шатаагаад төгрөг 10 мөнгөөр зардаг байсан нь бас наймааны ухаан гэлтэй. Ийнхүү нэгэн зуны турш өдөрт 1000 тоосго шатааж зараад, есдүгээр ангидаа 30 мянган тоосго цохиж, шатааж зараад 30 мянган төгрөг олж байсан нь түүний наймааны эхлэл. Тухайн цагийн 30 мянган төгрөг бол “УАЗ-469” машин авах хэмжээний мөнгө байсан ч тэд машин аваагүй. Харин С.Бямбацогт 20 настайдаа хөдөлмөрийнхөө хөлсөөр УБ 51-19 дугаартай шар өнгийн “УАЗ-469” машин авч байсан гэдгийг өөрөө дурссан нь бий. Тэгэхээр эрхэм гишүүн маань зорилго тавиад хөдөлмөрлөвөл амжилт олж чадна гэдгийг эрт багадаа ойлгосон хүн гэдгийг энэхэн дурсамж намтраас харж болно.

Монголыг Монгол толгой л хөгжүүлнэ

Тэрбээр 2012 онд “Инновацийн тухай хууль”-ийг хэлэлцэн батлахад Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тэрбээр энэ үеэр “Монгол Улсын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 98 хувь нь технологи огт шингээгүй буюу нам технологитой байгаа юм. Зэсийн баяжмалаараа цэвэр зэс хийгээд, түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгож, төмрийн хүдрээ боловсруулаад төмрийн бүтээгдэхүүн хийж гаргах юм бол тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ, Монголын эдийн засагт нэмүү өртөг бий болно. Тиймээс ийм орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд Инновацийн тухай хуулийг баталсан. Өнөөдөр Монголд их дээд сургууль зөвхөн сургалт явуулдаг, Шинжлэн ухааны академи нь тусдаа, эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллага нь тусдаа, бизнесийнхэн нь зүгээр нэг партизан маягаар үйл ажиллагаа явуулдаг байдалтай өдийг хүрлээ. Хэрэв энэ бүхэн хоршоод, эрдэм шинжилгээ, судалгааны салбар нь бизнестэй хамтраад явах юм бол бидний яриад байгаа өндөр технологи бий болно гэсэн үг.  Тиймээс бид өөрсдийнхөө оюуны өмч, мэдлэгээ үйлдвэрлэлд аваачиж, баялаг бий болгох ёстой. Эцсийн эцэст гадныхан бидний баялгийг түүхийгээр нь зөөж байхыг хараад суудаг байдлаар монголчууд хэдий болтол амьдрах вэ. Эхлээд монгол толгойгоо хөгжүүлье, ингэж байж монгол толгой Монгол Улсыг хөгжүүлнэ гэдэг агуулгыг энэ хуулиар бүрэн шийдсэн” хэмээж байв. Тэгэхээр энэ хуулиар тэр өөрийн үзэл баримтлал, дотоод философийг гарган тавьсан гэхэд болно.

Бүлгийн дарга С.Бямбацогт

Монголын эдийн засагт нэн шаардлагатай таван хуулийг хэлэлцэж батлах зорилготой эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэн өдрөөсөө л шүүмжлэлд өртөж эхэлсэн санагдана. Чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн "Гал үндэстэн" холбооныхон "Централ тауэр"-аас эхлээд Төрийн ордондоо хүртэл гранат байрлуулж, буу шийдэм барьж жагслаа. Дараагийн өдрөөс Байнгын хороонд хуралдаж эхэлсэн ч чиний буруу, миний зөв гэх мэтээр хэрүүлийн чанартай зүйл ярьсаар ихэнх цагаа барж байна. Харин энэ мөчүүдэд зарим гишүүд цахим ертөнцийг ашиглан уриалга гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хойшоо харж биш урагшаа харж. Үгүйсгэж биш, бvтээж. Эрхээ эдэлж биш үүргээ биелүүлж улсаа хөгжүүлнэ, бэрхшээлийг давна. Бид нэг л Монгол, хамтдаа” хэмээн ихэд дотноор уриалсан байсныг уншигч та санаж байгаа байх. Ийнхүү сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж байхдаа дур мэдэн мэдээлэл хийсэн хэмээн хашир акул Ц.Нямдоржоор зэмлүүлж явсан гээд тэрбээр улс трөд алдахаа алдаж онохоо оносон нэгэн болсон билээ. Ийнхүү сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж ахуй цагтаа С.Бямбацогт өр, зээлийн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт таван зүйл бүхий асуулга тавьсан байдаг. Тэрбээр "Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэн нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 оныхоос 25 дахин өсөж 932.5 тэрбум төгрөгт хүрээд байна" гэсэн нь тухайн үеийн эрх баригчдын дургүйг ихэд хүргэсэн билээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Бүлгийн даргаар аижллаж байсан С.Бямбацогт албан тушаалын эрэмбын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад тохоон томилов. Уг нь түүнийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилох байх гэсэн таамаг талаар болж улам ч хариуцлгатай салбарыг удирдах болсон юм.  БНХАУ-д ажлын айлчлал хийж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан нь бас л нэг түүхэн явдал байв. Үүнээс гадна Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон нь ч өдгөө үр дүнгээ өгөөд явж байна. Энэ үеэр Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа энэ цаг үед гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх механизм бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн нь хамгийн зөв шийдэл байв. Тэрбээр богино хугацаанд Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдахдаа олон зоримог шийдвэр гаргаад байсан юм.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.